Categories
мэдээ спорт

Маргааш хязаалан, шүдлэн насны морьд уралдана

Маргааш хурдан морины уралдаан хязаалан, шүдлэн насаар эхэлнэ. 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан үргэлжлэх юм. Хязаалан морьдын уралдаан өглөө 8:00 цагт гараанаас гарч, 10:00 барианд цагт орох бол шүдлэн насны морьд 14:00 цагаас мордож, 16:20 минутад барианд орж ирэх юм. Өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдыг бүртгэж эхэлсэн.

Сануулахад, Үндэсний баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан байдаг. Хэрэв долоогоос доош насны хүүхдээр морио унуулахаар зэхсэн бол тухайн уяачдын морийг бүртгэхгүй юм байна. Түүнчлэн унаач хүүхдийг заавал гэнэтийн ослын даатгалд хамруулж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан байх шаардлагатай. Өнгөрсөн жилийн наадмаар арав гаруй хүүхэд морь гараанаас гарах үед, мөн хоёр хүүхэд уралдааны явцад унаж бэртсэн байдаг.

Сонирхуулахад, морьдыг ерөнхий бие галбир, сэрвээний өндрөөр эрлийз, эрлийз биш гэж ангилдаг. Азарга, соёолон насны морьдын сэрвээний өндөр 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс өндөр байвал эрлийз хэмээх ангилал руу шилжүүлдэг аж.
Мөн энэ жил уламжлалт ёсоор Уяачдын наадам болох юм байна.
О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *