Categories
мэдээ нийгэм

​Маргааш “Эм Си Эс”-ийн байрны өмнө оюутан сурагчид жагсаал хийнэ

“Хамаг Монгол” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Уламбаяр болон тус төвийн сурагч оюутнууд “Эм Си Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Шунхлай” группын ерөнхийлөгч П.Батсайхан, “Жем Интернэшнл” ХХК-ны үндэслэн байгуулагч Ц.Цэрэнпунцаг, “UFC” группын ерөнхийлөгч О.Амартүвшин нарт хандан ил захидал илгээсэн байна. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдгээр “Сүүн Чингис”, “Хар Чингис”, “Морьтой Чингис”, “Шар Чингис” нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тус компаниудад өсөж томроход энэ нэр багагүй хувь нэмэр оруулсныг уг захидалдаа дурдсан байв. Тиймээс ачлалт хүүгийн ёсоор сайн эцгийнхээ ачийг хариулах цаг болсон тул “Чингис” брэндийн архины үйлдвэрлэлийг зогсоохыг шаарджээ. Үндэсний бахархалын өдөр болж байгаатай холбогдуулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар ““Хамаг Монгол” МҮСТ-ийн захирал Д.Уламбаяр ийнхүү ярьсан юм.

-Биднийг үндэсний ёс заншил, уламжлалаас салгах гэсэн хүчтэй бодлого явуулсаар ирж байсан. Манжийн дарлалд байсан 200 гаруй жилийн дараа эр зоригтой, баатарлаг ард түмэн маань сул дорой болсон. Дараа нь Зөвлөлтийнхөн орж ирээд коммунизмын үзлийг тулгаж Цагаан сар, наадам хийж болохгүй гээд үндэсний ёс заншлаас нь хөндийрүүлсэн. Сүүлийн 25 жилийн туршид ардчилал, либерал үзэл гээд чи бол хэн ч биш дэлхийн 7 тэрбум хүнтэй яг адил нэг хэсэг нь, аятайхан байх ёстой гэх болсон. Ингэснээр бидний монгол хүн гэсэн дархлааг устгах бодол явагдаж байна. Бид тэрбумуулаа байсан бол хэн ч биш байж болно. Харин 3 сая учир үндэсний дархлаагаа хадгалж үзэх ёстой. Ингэх цорын ганц боломж нь бол уламжлал, соёл, зан заншлаа хадгалж үлдэх. Энэ бол цустай огт холбоогүй. Аливаа үндэстний өөрөөрөө бахархаж, омогших гол үндэслэл нь үндэсний бахархал баатарууд нь байдаг. Гэтэл үндэсний том дөрвөн үйлдвэрлэгчид маань “Чингис” гэсэн архи хийж байна. Түүнийг нь нэг, хоёр настай дөнгөж хэлд орж байгаа хүүхдүүд хараад “Муухай” гэдэг. Ингэж хэлж байгаа хүүхдүүд 10-20 жилийн дараа “Чингэс гэж юу юм бэ. Муухай архи “ гэж хэлнэ. Колончлогч гүрнүүдийн эрх ашгийн төлөө бид сайн дураараа ажиллаад байна. Гэтэл соёлт ертөнцийг харахад Будда, Христос, Мухаммедийн зурагтай архи хийж байна уу. Хаан засаглалтай улс орнууд Япон, Их Британи зэрэг орнууд нь хааныхаа зурагтай архи үйлдвэрлэдэг үү? Үгүй. Тэд үндэсний бахархалаа жаахан ч гэсэн авч үлдээд байгаа. Энэ асуудлаар эрдэмтэд, зохиолч, яруу найрагчид хэвлэлийн бага хурал хийлгэж, хууль хүртэл санаачилсан. Гэвч яваагүй, учир нь УИХ-ын гишүүдийн 50 хувь “Эм Си Эс”, 50 хувь “АПУ”-гаас мөнгө авсан хүмүүс. Тиймээс ч явахгүй. Бид үүнийг ард түмэндээ ойлгуулах замыг сонгосон. Тиймээс нийслэлийн зургаан дүүрэг, долоон аймагт манай залуус “Чингис” нэртэй архийг худалдаж авахгүй байх сурталчилгааг хийж байгаа. Миний ойлгосноор ийм архины борлуулалт өнгөрсөн жилтэй харьцаалахад 40 орчим хувиар буурсан байгаа.

-Та нар өмнө нь эдгээр компаниудын удирдлагад энэ асуудлаар хандаж байсан уу?

-Үгүй, анх удаа хандаж байна.

-Нөгөө талаас эдгээр үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд нь ажлын байр бий болгож, улсад нэлээд хэмжээний татвар төлж байгаа. Тэгэхлээр тэдэнд рүү ингэж дайрах нь зөв үү?

-Муу юмыг өөхшүүлж болохгүй. Хулгай, луйвар хийж үндэсний эрх ашгийг уландаа гишгэж байхад татвар төлж байгаа юм гэж өөхшүүлж болохгүй. Энэ дөрвөн компани 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Ганцхан “Чингис” архинаас болоод эдний үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Дэлгүүрүүдэд ороод харахад “Чингис” нэртэй архийг хамгийн доод талын лангуунуудад тавьсан байгаа. Энэ бид хаашаа яваад байна, хэн юм бэ гэдгийг харуулж байна. Түүнээс биш үйлдвэрийг нь хаах гээд, хараагаад байгаа юм биш. Нөхцөл байдлыг л ойлгоосой гэж бодож байна.

-Маргааш зохион байгуулах гэж буй жагсаалын зорилго юу вэ?

-Үйлдвэрлэгчдэд мессеж хүргэх зорилгоор билд “Central Tower”-ийн “ урд талын усан оргилууртай талбай дээр буюу “Эм Си Эс”-ийн байрны өмнө жагсаал хийнэ.

Ю.Дэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *