Categories
мэдээ цаг-үе

Марафоны Б.Мөнхзаяа

Оюутан болсон цагаасаа эхлэн гүйлтийн спортоор тасралтгүй хичээллэж, дэлхийн тамирчдын эгнээнд орж, анхныхаа олимпод оролцохоор Риогийн зүг хүлгийн жолоо залсан Б.Мөнхзаяаг “ Өдрийн зочин”-доо онцолж байна. Тэрээр Хятадын Чэндү хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард зохиогдсон хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнийг аваргалж, алтан медалийн эзэн болсон юм. 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин тус тэмцээнд өрсөлдөхөд эх орноо төлөөлөн оролцсон Б.Мөнхзаяа “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин. Гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер.

Тэрээр мөн өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм. Хамгийн сүүлд нийслэл хотноо зохиогдсон олон улсын “Улаанбаатар марафонд”-нд мөн түрүүлсэн. Одоогоор Б.Мөнхзаяа олимпод оролцох гүйлтийн баг тамирчдынхаа хамт Рио-де Жанейро хотод бэлтгэлээ базааж байна. Гүйлтийнхэн Риог зорихынхоо өмнө Өвөрмонголын шигшээ багийн тамирчдын хамт Хөх хотноо олимпийн бэлтгэлд гарцгаан, тэндээ нэг сар болоод иржээ. Манай улсаас “Рио”-гийн олимпод гүйлтийн төрөлд Б.Мөнхзаяа, Сэр-Од, Гантулга, Отгонбаяр нар оролцох болсон түүхэндээ хамгийн олон тамирчин гүйж буй үзүүлэлт болж байна. Б.Мөнхзаяагийн хувьд олимпийн найдвар гэгдэж буй тамирчдын нэг.

Тэрээр сүүлийн жилүүдэд эх орондоо болон олон улсад зохиогдож буй гүйлтийн тамирчдын тэмцээнд тогтмол амжилттай оролцсоор байгаа юм. Тиймдээ ч түүний багш дасгалжуулагч, гэр бүлийнхэн нь Б.Мөнхзаяаг олимпод дээгүүр өрсөлдөнө хэмээн итгэл хүлээлгэн захыг нь мушгиж суугаа.

Б.Мөнхзаяа Дорнод аймгийн дөрөвдүгээр арван жилийн сургуулийг 2012 онд төгсөөд, Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсэн суралцаж, өнгөрсөн зургадугаар сард биеийн тамирын багш мэргэжлээр төгсчээ. Одоо “Алдар спорт” хорооны тамирчин. Олимпод хүчээ үзэх гүйлтийн тамирчин маань “MN athletics” клубт бэлтгэл сургуулилтаа базаадаг. Клубынх нь зүгээс бэлтгэлд шаардагдах хувцас, пүүз, витамин зэргээр нь хангадаг юм билээ. “MN ath­letics” клуб, Монголын хөнгөн атлетикийн холбооны ахлах дасгалжуулагч, олимпийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Төрбат шавийнхаа тухай “Б.Мөнхзаяа авьяастай, төрчихсөн тамирчин байгаа юм. Аливаа спортод төрмөл авьяастай, материалтай хүүхдүүд өндөр амжилт гаргах магадлалтай. Мөн хичээл зүтгэл хамгийн чухал. Авьяастай байгаад хичээж, зөв хөдөлмөрлөхгүй бол амжилт гаргах хэцүү. Авьяасгүй бол бас хэцүү байх тал бий. Б.Мөнхзаяа бол үнэхээр тамирчин байхаар хүүхэд. Маш хөдөлмөрч, эрч хүчтэй, барагтай бол шантардаггүй. Авьяас чадвартаа суурилж хангалттай хөдөлмөрлөж богино хугацаанд өндөр амжилт гаргаж байгаа тамирчин. Гүйлтийн спорт эмэгтэй хүнд ахадсан хүнд спорт. Өдөрт доод тал нь 20-30 км, сард 600-аас 700 км-ийн зайд гүйж, байнгын бэлтгэл хийдэг. Энэ бүхнийг даван туулж, амжилттай яваа тамирчин. Тиймдээ ч шавь маань Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гаргадаг гүйлтийн тамирчдын чансаанд дээгүүр бичигдэж байгаа” гэж ярилаа.

Б.Мөнхзаяагийн аав насаараа цэргийн байгууллагад ажилласан хүн байдаг аж. Б.Мөнхзаяа нэг хүүтэй бөгөөд нөхөр Доржпалам нь мөн гүйлтийн тамирчин.

Арван жилийн сургуульд суралцаж байхдаа тамирчин болох тухай бодож байгаагүй ч ганц нэг тэмцээнд амжилттай оролцож, туршлагатай багш нарын хараанд өртөн гүйлтийн спортыг сонгосон Б.Мөнхзаяад итгэж, найдаж байгаа олон хүн “Рио”-гоос сайн мэдээ хүлээж суугаа.

Н.Ганчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *