Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодитой холбогдох гэмт хэргийн гаралт 78.4 хувиар ихэсжээ

2018 оны эхний зургаан сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой 91 гэмт хэрэгт 201 хүн холбогдож шалгагдсан байна. Үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хэргээр буюу 78.4 хувь их байгаа аж. Мөн холбогдогч нь 68 хүнээр буюу 51.1 хувиар өссөн гэнэ.

Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэж, холбогдох хэргийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үндэсний хороо байгуулан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шатны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/-наас гишүүн орнууддаа хар тамхи хэрэглэж байгаа иргэд болон борлуулагч, тээвэрлэгч, бүлэглэлүүдийн эсрэг явуулж буй тэмцлээ улам чангатгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд байсан Хар тамхитай тэмцэх хэлтсийг газар болгон бүтэц, орон тоог нэмэгдүүлж, 2018 оны хоёрдугаар сард Цагдаагийн төв байгууллагын харьяа Хар тамхитай тэмцэх газар болгон өргөжүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх тандан судлах, орчин үеийн дэвшилтэд техник, технологи, тоног төхөөрөмжөөр хангах, бүтэц орон тоог өргөтгөж, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, хор уршгийг таниулах чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд, 2018 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөр АНУ, Англи улсад үйлдвэрлэсэн TARGET ID, HBI-120, SABRE™5000 зэрэг төхөөрөмж, уян камертай толь, загварын аналитик жин, рентген төхөөрөмж, шээснээс илрүүлэгч тест зэргийг худалдан авч ашиглаж байна. Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтэст хар тамхи, мансууруулах болон тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, алба хаагчдыг нь сургалтад хамруулжээ.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *