Баянгол дүүргийн харьяат 26, 31 настай хоёр залуу тус дүүргийн 13 дугаар хороонд өнгөрсөн даваа гаригт мансуурсан байдалтай явж байсныг цагдаа нар илрүүлэн, саатуулжээ.
Тэдний унаж явсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйлсийг хураан авч, эрүү үүсгэсэн байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ.
2017 оны эхний зургадугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шийтгэгдэн, ял эдэлж буй 66 ялтан (эрэгтэй 57, эмэгтэй 9), цагдан хоригдож байгаа буюу шалгагдаж буй 22 (эрэгтэй 13, эмэгтэй 9) сэжигтэн байгаа ажээ.
Сүүлийн гурван жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийж үзэхэд, 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар өсчээ.
Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр зохион байгуулалттай үйлдэж буйг хуулийнхан тодотгодог.
Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 2006 оноос эхлэн холбогдон, шалгагдах болсон бөгөөд одоогийн байдлаар нийт 130 орчим хүн шалгагдсан байдаг гэх тоо бий. Тэдгээрээс хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар нэг иргэн тус тус шүүхээс ял авчээ.