Categories
мэдээ улс-төр

Мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийг 30 хоног баривчилна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2015 оны 7 дугаар сарын 8-нд баталсан. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулсан. Дээрх зөрчлийн улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 4900 орчим иргэнд хариуцлага ногдуулж чадаагүй байна. Тиймээс хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг торгох шийтгэл байхаар тусгажээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох тоног төхөөрөмж, боловсон хүчин хангалтгүй. Мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс ХЗДХ-ийн сайдыг мансууруулах бодисын хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийхийг хүсч байна” гэсэн санал тавив. Дээрх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж болно гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлээд, “Хууль хяналтын байгууллагуудаас Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *