-ХОНОГТ 45-50 ГАЛТ ТЭРЭГ МАНГАН БОЛОВСРУУЛЖ УРД ХӨРШ РҮҮ ЭКСПОРТОЛНО-
Дорноговь аймгийн Айраг суманд манган буюу ширэм баяжуулах үйлдвэр баригдаж байгаа. Уг үйлдвэрийг “Мон лаа” ХХК-ийн охин компани болох “Алтраг ахас” ХХК барьж ашиглалтад оруулж байгаа юм байна. Үйлдвэрийн ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сүүлээр бүрэн хэмжээгээр ажиллуулахаар төлөвлөж буй ажээ. Уг үйлдвэр ашиглалтад орчихвол хоногт 2500-3000 тонн хүдэр баяжуулна гэсэн үг. Мөн хоногт 45-50 галт тэрэг манган боловсруулж чадах юм байна.
Ингэж боловсруулсан манган гангийн үйлдвэрүүдэд хэрэгтэй. Харин манайд гангийн үйлдвэр байхгүй учраас урд хөрш рүү экспортолно гэсэн. Үйлдвэр 2012 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн хятадууд байнга хүрч ирж “Үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх вэ. Худалдаж авъя” хэмээн санал тавьж байгаа юм байна. Сүүлийн үед ийм санал улам их болж байгаа талаар “Мон Лаа” ХХК-ийн хамт олон сонирхуулж байна лээ. Ингэж дотооддоо боловсруулсан манганаа гадагшаа экспортолсноор гадаад валютын урсгал Монгол руу чиглэх сайхан боломж гарч ирж байгаа гэсэн. Энэ тухай “Мон Лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амараа “Санхүүгийн хямрал гэж хаа сайгүй ярьж байгаа ийм үед манай компанийн хамт олон зоригтойгоор үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлсэн. Манай компанийн ерөнхий захирал Э.Энхсайхан маш том эрсдэл хүлээж үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн бөгөөд удахгүй үр дүнгээ үзэх гэж байна” гэсэн юм. Тус үйлдвэрийг есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгожээ.
Дорноговь аймгийн Айраг сум хүдрийн нөөц ихтэй. Тиймээс хайгуул хийх зөвшөөрлөө авч 2012 оноос эхлэн үйлдвэрээ байгуулсан байна. Ингээд хайгуул хийж хүдрийн нөөцөө тогтоогоод байтал урт нэртэй хуулийн хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулах анхан шатны зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Ингээд хоёр жил гаруй хугацаанд ажиллах боломжгүй байсан учраас 120 ажилтнаа халж үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байсан гэнэ. Харин саяхнаас зөвшөөрлөө буцаан авч үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлжээ. Одоогоор тус компани шинээр 80 гаруй ажлын байр бий болгоод байгаа юм байна. Үйлдвэр нь төмөр замаас найман км-ийн зайтай байдаг болохоор урагшаа гаргахад ямар нэгэн саад байхгүй гэсэн. Бас дэргэдээ хүдрийн уурхайтай учраас түүхий эдээ өөрсдийн бололцоогоороо нийлүүлэх ажээ. Үйлдвэр нь ерөнхийдөө хуурай бутлуур, нойтон баяжуулах гэсэн үндсэн хоёр хэсэгтэй юм байна. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг зах зээлд хэдэн төгрөгөөр нийлүүлж, ямар үр ашигтай ажиллах тухай тооцоо одоогоор хараахан гараагүй байгаа хэдий ч ямартай ч гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Манган гэж ямар элемент байдаг, юунд хэрэглэдэг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг сонирхуулъя. “Манган гэдэг нь ганг бэхжүүлж, ширэм болгоход хамгийн чухал нөлөөтэй. Үелэх системд Mn гэж тэмдэглэдэг, химийн элементүүдээс практикийн хувьд чухал ач холбогдолтойд тооцогддог. Өнгөт ба хар металлургийн үйлдвэрлэлд манганыг гангийн шинж чанарыг сайжруулагч нэмэлт зүйл болгон ашигладаг юм байна. Төрөл бүрийн хайлшуудад манганыг 0.3-14% хүртэл хэмжээгээр нэмж өгөхөд тэдгээрийн цохилт, доргилт, элэгдлийг тэсвэрлэх чанар нь эрс дээшилдэг байна. Иймд манганыг агуулсан хайлшуудаар машин, техникийн төрөл бүрийн эд ангиудыг хийдэг” гэсэн байна. Мөн манган нь хүндийн жингээрээ төмрийн дараа орох элемент юм билээ.
С.АЛТАН