Categories
мэдээ цаг-үе

Манфред Протце: Улстөрчид “Надад шүүхэд хандахаас өөр арга байсангүй” гэцгээдэг. Одоо бол Хэвлэлийн зөвлөл гээд өөр арга зам бий боллоо

Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце Монголд байгуулагдсан Хэвлэлийн зөвлөлийнхөнд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр иржээ. Тэрбээр “Өдрийн сонин”-д зочлон, энэ сэдвээр манай сэтгүүлчидтэй ярилцсан юм. Манфред Протце 33 жил Германы хамгийн том мэдээллийн агентлагт сэтгүүлчээр ажилласан туршлагатай. “Хурдан шуурхай ажиллах, нягт нямбай байхын зөрчлийг сайн мэднэ” хэмээн Манфред яриагаа эхэлсэн юм. “Сэтгүүлч хүн мэргэжлийн хэм хэмжээний дагуу нягт нямбай ажиллах ёстой ч өрсөлдөөн шуурхай байхыг шаарддаг. Энэ нь амьдрал дээр тун ч адармаатай асуудал” гэж тэр нэмж хэллээ. Яагаад улс орнуудад Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад байгаа юм бэ хэмээх асуултаар тэрбээр үндсэн сэдэвтээ шилжив.

-Хөл бөмбөгөөр жишээ татъя. Хөл бөмбөгт хоёр баг тоглодог. Тоглолт болгон дээр дүрэм зөрчсөн, нэгийгээ дэгээдэж унагасан гэх мэтээр зөрчил гардаг. Хэн нь буруутайг шийдэх хэрэгтэй болно. Дүрэм зөрчихөд шүүхэд очдоггүй, талбайн шүүгч шийдвэр гаргахыг хүлээдэг. Дүрмийн дагуу шийдэхээс аргагүй. Хөл бөмбөгийн хувьд дүрэм байж таарах нь. Хөл бөмбөгийн үзэгчид дүрэм зөрчигдөх эсэхийг хянаад сууж байдаг. Энэ бол өөрийн зохицуулалтын энгийн жишээ. Хэрэв дүрэм байхгүй бол яах вэ. Хөл бөмбөгийн талбайд хүссэн бүх аргаараа тэмцэлдэх байсан. Хэрэв тэгвэл үзэгчдэд тийм ч сонирхолтой байхгүй болов уу. Хэвлэл мэдээллийн салбарт гарсан зөрчил уламжлал ёсоор шүүх рүү явчихаад байдаг. Шүүх мөнгөн торгууль ногдуулж, эсвэл шоронд хорих шийтгэл ногдуулна. Зарим тохиолдолд шүүх хэвлэл мэдээллийн байгууллага буруугүй гэж үзсэн ч тухайн сэтгүүлчид хоёр зүйлийн стресс үүсгэдэг. Нэгдүгээрт шүүх дээр хамаг цагаа бардаг. Асуудал сунжирвал хоёр жил гүйнэ шүү. Хоёрдугаарт бөөн зардалтай. Өмгөөлөгчийн хөлс, шүүхийн хураамж төлнө. Сайн мэдээ гэвэл дэлхийн ихэнх оронд бурхны авралаар ямар ч сэтгүүлч бичсэн нийтлэлээ хэн нэгэнд “Энэ болж уу” гэж үзүүлэх шаардлагагүй. Муу мэдээ нь хэвлэлийн эрх чөлөөтэй гэгддэг Германд ч адил хэдийгээр байдаггүй гэдэг ч цензуртай адил нөлөө үзүүлдэг зүйл бий. “Миний тухай буруу, алдаатай бичлээ” гээд хэн нэг нь шүүхэд өргөдөл өгөхөд хоёр жилийн залхаан цээрлүүлэлт эхэлдэг. Энэ бүхэн сэтгүүлчийн тархи толгойд ул мөрөө үлдээнэ. Эцэст нь хэдийгээр буруугүй гэсэн хариу гарлаа ч “Ахиж ийм юманд орооцолдохгүй юм шүү” гэсэн бодолтой хоцорно. Шүүгдэх явцдаа сэтгүүлч өөрийн дарга нарт “Би буруугүй, алдаа гаргаагүй” гэдгээ тайлбарлана. Сэтгүүлч бол хүн. Хүн учраас жижиг том, алдаа гаргаж байдаг. Ингээд дахин шүүхэд дуудагдахгүйн тулд олны анхаарал татсан сэдвээс зайлсхийж, өдөр хоног өнгөрөөх маягаар ажилладаг. Үр дүн нь цензур маягийн нөлөө үзүүлдэг нь хамгийн аюултай. Сэтгүүлч хүн авлига, хээл хахуульд автагдахгүйгээр олон нийтийн төлөө болсон үйл явдлыг уншигчдад хүргэх учиртай. Хөл бөмбөг рүүгээ эргэж оръё. Шүүхэд очихгүйн тулд сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг баримтлах учиртай. Хэвлэлийн зөвлөл энэ тохиолдолд талбайн шүүгч гэсэн үг. Чанартай сэтгүүл зүйн баримтлах зарчмыг ёс зүйн код гээд байгаа юм. Ялгаа нь шүүгч улаан карт өгч болно. Дахин тоглолтод орох эрхгүй гэсэн үг. Харин Хэвлэлийн зөвлөлд шийтгэлийн улаан карт байхгүй. Улаан карт өгнө гэдэг бол хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг. Алдаа гаргасны төлөө ажлаас хална гэдэг байж боломгүй зүйл. Харин Хэвлэлийн зөвлөлийн шийтгэл нь “Алдаа гаргалаа шүү” гэж сануулдаг. Сануулах гэдэг маань шар карт өгч байгаа хэрэг. Сануулах гэдэг шийтгэлийн бас нэг хэлбэр. Түүнчлэн Хэвлэлийн зөвлөл олны өмнө шар карт өгөх хэрэг гардаг. Онцгой хүнд тохиолдолд л шүүхэд очдог. Хөл бөмбөгчин нэгийгээ эмнэлэгт хэвттэл нь зодчихвол шүүхийн өмнө дуудагдах вий. Германд Хэвлэлийн зөвлөлд жилд ойролцоогоор 700 гомдол ирдэг. Үүний 10-20 хэрэгт л шар карт өгдөг. Бусад үед олны өмнө шар карт өгөхгүйгээр сануулах шийтгэл ногдуулдаг. Яагаад гэвэл редакцид боломж олгох учиртай.

-Ийм тохиолдолд тухайн сэтгүүлч сэтгэл хангалуун үлдэх байх. Харин эсрэг талд ногдсон шийтгэл хөнгөн санагдвал шүүхийг илүүд үзэж магадгүй?

-Гомдол нь үндэстэй гэсэн хариу сонсвол гомдол гаргагч тал ч сэтгэл хангалуун үлдэнэ. Гомдол нь үндэслэлгүй гэсэн хариу гарвал сэтгэл хангалуун бус хоцорно. Хамгийн чухал нь бүгд Хэвлэлийн зөвлөлийг шүүгчээр хүлээн зөвшөөрөх учиртай.

-Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргасан бол Хэвлэлийн зөвлөлөөр шүүлгэхийг хүсэх байх. Харин гомдол гаргагч нь шүүхийг сонговол яах вэ?

-Хүн болгон шүүхэд гомдол гаргах эрхтэй. Туршлага бидэнд юу хэлж байна гэхээр Германд жилд 700 хэрэг Хэвлэлийн зөвлөлд ирдэг. Шар карт өгөх, олны өмнө нэрийг нь зарлах шийтгэл ногдуулдаг. Энэ бүгдээс 2-3 хэрэг л дахин шүүх рүү явдаг. Яагаад гэвэл Хэвлэлийн зөвлөлд хэрэг шийдүүлэх нь хэд хэдэн давуу талтай. Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргавал шүүхийг бодвол богино хугацаанд хариу өгнө. Хамгийн удлаа гэхэд гурван сарын дотор хариу гарна. Түүнчлэн Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргахад өмгөөлөгчийн хөлс, шүүхийн хураамж төлөхгүй, зардал гарахгүй. Энэ нь хоёр талд аль алинд нь ашигтай. Гэхдээ Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлтийг хэн нэгэн этгээд урвуулан ашиглахаас хамгаалсан заалт байдаг. Аль нэг редакцийг ( Хэзээ ч сэтгүүлчийг ганцааранг нь авч хэлэлцдэггүй. Редакцийг авч хэлэлцдэг) Хэвлэлийн зөвлөл алдаа гаргасан байна гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд түүнийг нь шүүхэд аваачиж өгч “Хэвлэлийн зөвлөл алдаа гаргасан гэж үзсэн” гэж болзошгүй. Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлтийг шүүхэд баримт нотолгоо болгохгүйн тулд Хэвлэлийн зөвлөл болон шүүхэд давхар гомдол гаргасан бол Хэвлэлийн зөвлөл шийдвэр гаргадаггүй, түдгэлздэг.

-Хэвлэлийн зөвлөл хаанаас санхүүждэг вэ?

-Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллага Хэвлэлийн зөвлөлд 50:50 хувийн төлөөлөлтэй байдаг. Хэвлэлийн зөвлөлийн санхүүжилтийг сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл болон эздийн төлөөлөл 50:50 хувиар гаргадаг. Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд ажлын алба хэрэгтэй. Германы хувьд төрөөс Хэвлэлийн зөвлөлд нэмэлт мөнгө өгдөг. Хэвлэлийн зөвлөлийг дэмжсэнээр шүүхээр орж байгаа хэрэг багасна. Энэ нь төрийн төсвийг хэмнэж байгаа хэрэг. Германы Хэвлэлийн зөвлөл жилд дөрвөн удаа хуралддаг. Онцгой тохиолдолд илүү олон удаа хуралдана. Ёс зүйн хорооны гишүүд бүгд хуралдаа ирж суух учиртай. Ёс зүйн хорооны гишүүд бүгд сайн дураар ажилладаг. Энэ улсууд үндсэн ажилтай, цагаа төлөвлөх шаардлагатай учраас жилд дөрвөөс илүүгүй хуралдахаар төлөвлөдөг.

-Эздийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл Хэвлэлийн зөвлөлийг бүрдүүлдэг гэж та хэллээ. Гэтэл Хэвлэлийн зөвлөлийн гишүүний харьяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллагын тухай гомдол орж ирвэл яах вэ?

(Энэ үед Хэвлэлийн зөвлөлийн гишүүн, “Өдрийн сонин”-ы албаны дарга Э.Энэрэл ярианд оролцов. Хэрэв тухайн гишүүний харьяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол орж ирвэл тухайн гишүүн сонирхлын зөрчилтэй гэж үзээд асуудлыг шийдэхэд оролцуулахгүй гэж тэр тайлбарлав)

-Хэвлэлийн зөвлөлийн эхний хийх ажил тухайн редакцид захиа бичдэг. Танай редакцийн эсрэг ийм ийм гомдол ирлээ. Редакци ажлын арав хоногт багтаан энэ гомдлын талаар хариу өгнө үү гэдэг. Тогтсон хугацаанд редакци өөрийгөө өмгөөлөх бүхнээ хариундаа өгөх учиртай. Харин Ёс зүйн хуралдаан дээр гомдол гаргагч тал, редакцийн төлөөллийг байлцуулдаггүй.

-Монголын нөхцөлд редакци биш улстөрчид шүүхэд ялалт байгуулах нь олонтаа байдаг?

-Улстөрчид өөрсдийн нэр хүндэд халдсан гэж шүүхэд гомдол мэдүүлдэг. Тухайн улстөрч шүүхэд гомдол мэдүүлэх эрхээ л эдэлж байгаа хэрэг. Хэрэв сонин тухайн улстөрчөөс өөр бодолтой байгаа бол сонин дээрээ түүнийгээ л бичээд байх хэрэгтэй. Харин тухайн улстөрч сонин ажиллахад саад болж компьютерийг чинь хураагаад эхэлбэл шүүхэд хандах боломжтой. Энэ тохиолдолд Хэвлэлийн зөвлөлийн бас нэг үүрэг гарч ирнэ. Хэвлэлийн зөвлөл хоёр зорилготой. Нэгдүгээрт Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн хэм хэмжээ зөрчигдсөн үед сануулах. Хоёрдугаар үүрэг нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах. Хэвлэлийн эрх зөрчигдөх болгонд Хэвлэлийн зөвлөл үгээ хэлж байх ёстой. Монголд Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад нэг жил болж байна. Хэвлэлийн зөвлөл дүрмийн дагуу цэвэр, зөв шийдвэр гаргаж байвал шүүгчид тэдний шийдвэрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй. Олон нийт ч анхаарах болно. Хэвлэлийн зөвлөл тухайн редакцийг ёс зүйн алдаа гаргасан гэж тогтоох нь редакцийн эсрэг ажиллаж байгаа хэрэг биш. Улстөрч энэ тохиолдолд шүүхэд хандлаа гэж бодъё. Тэгвэл энэ асуудлыг олны өмнө гаргаж болно. Энэ улс төрч энэ үйлдлээрээ юу харуулж байна вэ. Редакци тэртэй тэргүй алдаагаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргачихаад байхад шүүх рүү явж байгаа нь хэвлэлд хохирол учруулахыг хүсч байна. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо гэж мэдэгдэж болно. Хэвлэлийн хамгийн гол түнш нь олон нийт. Өнөөдрийг хүртэл улстөрчид “Надад шүүхэд хандахаас өөр арга байсангүй” гэдэг. Одоо бол Хэвлэлийн зөвлөл гээд өөр арга бий боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *