Categories
мэдээ нийгэм

Манай улсад таван мянга орчим гадаад иргэн ажиллаж, байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2019 оны эхний улирлын дүнг өнөөдөр /2019.4.15/ танилцууллаа. Энэ оны эхний улиралд 18 мянга гаруй эх амаржиж, 18325 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өсчээ. Харин нас баралт 0.9 хувиар буурчээ. Харин 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Ховд аймагт улсын дунджаас 0.3-1.2 пунктээр дээгүүр, Говь-Алтай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-3.0 пунктээр доогуур байна.

Мөн 1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Булган, Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.2 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баянхонгор, Орхон, Дундговь, Төв, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 пунктээр доогуур байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон, Дорнод, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-3.0 пунктээр доогуур байгааг дурдлаа.

10 МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ Ч ӨӨР АЖИЛ ХАЙЖ БҮРТГҮҮЛЖЭЭ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад гуравдугаар сарын эцэст 31.8 мянга хүн ажил хайж бүртгүүлсэн байна. Үүний 68.3 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 10 мянга нь буюу 31.7 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 хүн буюу 5.9 хувиар, өмнөх сараас 2271 хүнээр буюу 9.5 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 мянга буюу 52.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 мянга буюу 33 хувь нь Улаанбаатарт, 5.2 мянга буюу 24 хувь нь хангайн бүсэд, 3.5 мянга буюу 16.4 хувь нь төвийн бүсэд, 3.6 мянга буюу 16.3 хувь нь баруун бүсэд, 2.2 мянга буюу 10 хувь нь зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 нь буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж.

ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ БОЛОН ХОРДЛОГО 66 БҮРТГЭГДЖЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оныэхний улиралд 66 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс есөөр буюу 15.8 хувиар өссөн байна. Эдгээр тохиолдлын 65 нь буюу 98.5 хувь нь үйлдвэрлэлийн осол, нэг нь хурц хордлого байсан аж. Нийт осолдогчдын 22 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгааныг авч үзэхэд ихэвчлэн унасан, бүдэрсэн, халтирсан болон эд зүйлд хавчуулагдсан гэх осол эзэлж байгаа аж.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 23 нь хөнгөн хэлбэрээр, 36 нь хүнд хэлбэрээр гэмтэж, долоон хүн нас нарсан байна. Осолдсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл, 31.8 хувийг 25-34 насны, 27.3 хувийг 45-59 насны, 25.8 хувийг 35-44 насны хүмүүс эзэлж байна. Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 27.3 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бол цахилгаан, хий, уур, агааржуулалт, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, үйлчилгээний бусад салбарт тус бүр 9.1 хувь байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 31.8 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 18.2 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 15.2 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 13.6 хувь нь мэргэжилтэн, 12.1 хувь нь бусад мэргэжилтэй, 9.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байна.

МОНГОЛД 4.9 МЯНГАН ГАДААД ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Манай улсад 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 91 улсын 4.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 (83.7%) мянга нь эрэгтэй, 0.8 (16.3%) мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь Австрали улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын, 5.0 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк улсын, 3.5 хувь нь Канад улсын, 3.5 хувь нь Филиппин улсын, 3.2 хувь нь Их британи улсын, 15.7 хувь нь бусад улсын харьяат байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байна.

БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ӨНГӨРСӨН ОНЫХООС 214-ӨӨР НЭМЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 9.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 848-аар буюу 7.9 хувиар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад залилах гэмт хэрэг 266, мал хулгайлах гэмт хэрэг 247, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 214, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 53-аар өссөн байна. Харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 961, хулгайлах гэмт хэрэг 1522, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 329-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

НООЛУУР 94-130 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай, Дундговь аймагт хамгийн их буюу 42 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 19 мянган төгрөг, бусад аймагт 30-40 мянган төгрөг байна. Харин ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 132 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90 мянган төгрөг, бусад аймагт 94-130 мянган төгрөг байна.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ 0.1-82 ХУВИАР ӨСЧЭЭ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс 82.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь,Чингэлтэй дүүрэгт 0.2 хувиар өсөж, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *