ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн гишүүн болох Зүүн хойд Азийн таван орны төлөөлөгчид “Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлж өвийг баримтжуулах нь” сэдвээр Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө хуралдаж байна. Ийм сэдвийн дор анх удаа болж байгаа энэхүү уулзалт зөвлөгөөнийг Ази номхон далайн Соёлын биет бус өвийн төвийн дэмжлэг дор ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж байгаа юм. Зүүн хойд Ази нь соёлын асар баялаг өв уламжлалтай. Түүнчлэн соёлын биет бус өвийг хамгаалах тал дээр арвин туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогоороо олон улсад манлайлж иржээ. Одоогоор ЮНЕСКО дэлхийн хэмжээнд нийт 317 соёлын биет бус өв бүртгэснээс 87 нь дээрх таван оронд ноогдож байна. Түүний дотор Монгол Улс 11 өв бүртгүүлээд байгаа билээ.