Categories
мэдээ цаг-үе

Манай улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй

“АСЕМ: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” сэдэвт олон улсын хурал манай улсад болж байна. Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа солилцох, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэх зорилготой болж буй тус хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны 100 гаруй зочид оролцов. Өчигдөр эхэлсэн хурлын нээлтэд Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Ази, Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар оролцсон. Нээлтийн үеэр “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох боломжийг нээнэ” хэмээн онцолж байлаа. Хурал “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, оролцогч талууд болон олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх”, “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх”, “Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох”, “Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх”, “Үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмж” гэсэн ерөнхий агуулгын дор өрнөж байгаа юм.

Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж буй уг хурлыг БНАЛАУ-д 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдлыг тодотгожээ. Түүнийхээ дараа жил буюу 2013 онд Энэтхэгт болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XI уулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн байна. Энэ үеэр АСЕМ-ын гишүүдийн баталсан хамтын ажиллагааны санаа­чилгуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд оржээ. Ингээд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Бельгид болсон Ази-Европын орнуудын ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьснаар уг хурал манайд болж байгаа юм байна. Хурлын үеэр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар “Монгол Улс нар, салхи, усны эрчим хүчний сэргээгдэх арвин их нөөцтэй. Нарны нөөцийг агаар мандал дахь тунгалаг шүлтийг хэмжиж тогтоодог. Энэ үзүүлэлт далайгаар хүрээлэгдсэн орнуудад их бага байдаг юм. Харин манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар, тэр дундаа говийн аймгуудад нарны эрчим хүчний нөөц асар их” гэв.

Хуралд оролцож байгаа хүмүүст зориулан “Малчин” компани өөрсдийн бүтээсэн нарны энергиэр ажилладаг бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. Тэд нарны энергиэр гар утас цэнэглэгчтэй гар чийдэнгээс эхлээд 50, 100, 200 ваттын нарны зайн систем, нарны энергиэр ажилладаг шумуул үргээгч зэргийг үйлдвэрлэж эхэлжээ. Хурлын төлөөлөгчид завсарлах үеэрээ ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг сайшааж байсан. “Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг болсон Монгол Улсын компаниуд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь маш сайн. Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан зах зээлд өргөнөөр борлуулах хэрэгтэй. Мөн нарны энергийн нөөцтэй бүтээгдэхүүн гаргаж олон улсын зах зээл дээр худалдаалах боломжтой” гэж байлаа.

Манай улсын хувьд нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас уг салбарыг хөгжүүлэн гадны туршлагатай компаниудтай хамтран ажиллавал хурдан хөгжих маш том боломж байгаа гэнэ.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *