Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай төр засаг яамгүй сайд, сайдгүй яамтай л явж байна даа

Монгол Улсын Засгийн газар огцроод удаагүй байна. Юу гэж хэлж огцруулсан, шалтгаан нь юу байв гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар нүсэр бүтэцтэй байна. Давхар дээлтэй байна. Эдийн засаг хямарлаа гэж дээр доргүй ярьж, дарга цэрэггүй зүтгэж байж Ерөнхий сайдаа унагаж авсан. Уг нь бол тэр Засгийн газар ажил хийх гэж үзсэн юм шүү. Даанч цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй үе таарлаа. Дээр нь хамгийн түрүүнд мөнгө олж болох байсан том төслүүд дээрээ анхаарлаа бага хандуулж, хүчээ сарниулсан гэх мэт алдаа бий. Гэхдээ огцруулах хэмжээнд очоогүй байжээ гэдгийг ирэх жил хагасын хугацаанд ойлгох биз ээ. Өнөөдрийн эрх баригчид хүнд нөхцөл байдлыг төрд үүсгээд, огцруулсан Ерөнхий сайдаа Солонгос руу цөлж явуулаад, одоо айл гэр болж тоглохыг үзүүлцгээж эхэллээ. Өнөөдөр харж байхад Солонгос нь манай социалист нийгмийн үеийн Сибирьтэй адил сонсогдох боллоо. Манай огцорсон, ороогдсон, жийгдсэн дарга бүхэн очдог газар болчихож. Цаашид хичнээн эрхтэн дархтнууд Солонгост очихыг хэн мэдэхэв. Айлгаж байгаанууд нь айгаад зугтаацгаах цаг ирэх ч юм бил үү хэн мэдлээ. Өнөөдрийн улс төрд байгаа хүмүүсийн маргааш ямар байхыг мэдэхийн аргагүй цөвүүн цаг иржээ гэж хааяа бодогдох юм. Эр хүнийхээ хувьд, хүн ёсныхоо хувьд дэндүү жудаггүй зан гаргац­гааж байна даа.

Өнөөдрийн манай төр засгийн байгаа царайг харахад яамгүй сайд томилж, сайдгүй яамд бий болгож эхэллээ. Сангийн сайдгүй улсын төсөв баталсан түүх Монголын түүхэнд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Эрх баригч хүчин нь бус сөрөг хүчин нь ирэх оныхоо улсын төсвийн төслийг бэлтгэн танилцуулж, хэлэлцэн баталж байсан түүх бас байсан ч юм уу, үгүй ч юм уу. Ийм л дампуу засаг төрийн тогтолцоог Монгол Улсад өнөөдрийн улстөрчид бий болголоо. Энэ ч гайгүй, сайд ч үгүй салбарууд олон болох нь. ССАЖЯ гэж байна. Энэ яам, энэ салбар нэгдүгээрт эмэгтэй сайдтай юм. Энэ эмэгтэй сайд эрчүүд шиг шөнөжингөө архидаж, хор найруулаад явж чадахгүй. Хоёрдугаарт МАН-ын занаанд орчихсон сайд юм. Наад зах нь Лениний музей буюу МАН-ын нийслэлийн намын байрыг төрд буцаан авч Батаарын музей болгос­ноор горыг нь амсах гэж байх шиг байна. Дээр нь яривал энэ салбар МАН-ын уурыг хүргэсэн их олон үйл явдлыг өрнүүлсэн. Ард түмэн төдийлөн анзаараагүй байж мэднэ. Үндсэндээ 2012 оноос өмнө засаглалд дүүрэн суусан МАН-ынхан төрийн өмчид хангалттай гар дүрсэн. Том обьектууд, том төслүүд… бүгдэд нь энэ намын Бага хурлын гишүүдийн ард байдаг компаниуд оролцсон. Монголоор нэг тарсан соёлын өвүүд, музей, соёл, спортын цогцолборуудын тендер төслүүд бараг тэр чигээрээ МАН-ын гишүүдийн хараат компаниудын мэдэлд байлаа. Энэ бүгд рүү ССАЖЯ төрийн төмөр нүүрийг оруулсан. Шударга өрсөлдөөнийг бий болгосон. Сөрөг хүчнийхний дээд, дунд, доод бүх шатанд энэ нь сөргөөр нөлөөлсөн. МАН-ынхны уурыг үнэхээр хүргэсэн үйл явдал болсон юм даа. Зөвхөн Лениний музейн барилгын асуудал гэхэд л МАН-ын санхүүг хөмрөх шахсаныг иргэд санаж байгаа байх. Сая долларын шахаанд оруулсан шүү дээ. Ийм нөхцөлд эмэгтэй хүнийг элэг барих нь аль аль талдаа амар байгаа байх. Өнөөдөр төрд байгаа эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө мэд­лэг боловсролтойг гайхдаг. Орчин үеийн дэлхий ертөн­цөд соёл бол тухайн улс үндэстний дархлаа, улмаар “Зөөлөн батлан хамгаалах яам” гэж олон улсад томьёо­логдох болсон. Улс үндэстэн бүр албан ёсны Соёлын яамтай байгааг хөрш зэргэлдээ улс орнуудаасаа харж болно, Орос, Хятад, Япон, Солонгос, Казахстан… манайхаас бусад нь Соёлын яамтай.

Дээр нь тал сайд гээч хачин нэр томьёог МАН-ынхан гаргаж ирлээ. Тал сайдтай яам гээч бий болох нь бололтой. Намуудын УИХ дахь суудлынх нь тоогоор хувь бодож сайдын суудал хуваарилах гэнэ. Тэгсэн ИЗНН-ын хоёр суудлыг хувьд шилжүүлбэл сайдын тал суудал ногдох юм байна. БОНХЯ-ны сайдын суудлын тал дээр нь С.Оюун, нөгөө тал дээр нь МАН-ын нэг гишүүн суух юм байна. Эрэгтэй нь арай хүч дийлээд дийлэнх хэсэг дээр нь бөгсөө тавьчих байх л даа. Эмэгтэй юм зайлуул С.Оюун юу шалихав үсрээд өгөх биз. Тал сайд гээч хачин алба лав Монголд урьд өмнө дуулдаагүй, бодвол Н.Номтойбаяр дэлхийн энэ олон улс орны аль нэгэнд нь байна гэж дуулсан юм байлгүй дээ.

Энэ бүхэн үнэндээ өнөөд­рийн Монголын төр засгийн эмгэнэл юм шүү дээ. Миний бие өмнө нь төр засгийн толгойд суугсад өөрөө өөрийнхөө амийг хорлодог тухай бичсэн. Түүнийгээ дахин сануулъя. “Өнөөдөр АН-ын өөрөө өөрийгөө устгах механизм ажиллаад эхэллээ. Байгальд өөрөө өөрийгөө устгах үзэгдэл түгээмэл байдаг. Жишээ нь Африкийн нэг зэрлэг үхэр байдаг. Зүв зүгээр сайхан өсч үржиж байснаа гэнэт юу болов хэмээн бужигналдаж хэдэн мянгаараа бөөгнөрөн нийлж мөөрөлддөг. Дуу чимээнд нь байж суухын аргагүй гэлцдэг юм. Ингэж байгаад гэнэт цувж давхилдаад усгүй цөлд очоод сүргээрээ хатаж үхдэг юм. Тэгж явалгүй үлдсэн ганц нэг нь өсч үржээд эхэлдэг. Үүнийг эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс өнөөдрийг хүртэл тайлж чадаагүй байна. Гэхдээ үхэр сүргийг ингэтэл нь үймүүлдэг, бусниулдаг, дагуулж цөл рүү давхидаг толгойлогчид байдгийг харин анзаарсан байна. Тэдгээр нь сэмхэн сугараад үлдчихдэг аж. Харин шашин талынхан болохоор энэ үзэгдлийг хилэнц нь ихдээд эрлэг номын орондоо очлоо, байгаль өөрийгөө цэвэрлэлээ гэдэг. Аль нь ч бай хамаагүй ерөөсөө Монголын улс төрд ийм үзэгдэл давтагдаад байдаг нь дээрх үхэр сүргийг санагдуулах юм. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийнхэн төрийн эрхэнд гарч зүв зүгээр ажлаа явуулж байснаа гэнэт бужигналдаад, тухайн үеийн МАХН-ынхантай сүлбэлдээд, байгуулсан Засгийн газраа цувуулаад устгаж эхэлсэн. Үр дүнд нь тэд бүгдээрээ сэнтийгүй тавиулж 2000 онд УИХ-д ганц суудалтай үлдсэн. Сугарч үлдсэнүүд нь гадагшаа явцгаасан. Дийлэнх нь замаа алдаж, архинд орж, өөрийгөө буудсан нь ч бий. Ийм үзэгдэл ганц АН-д ч тохиодог юм биш. 2012 оны сонгуулийн өмнө зүв зүгээр байсан МАХН гэнэт юу болов гэмээр бужигналдаж 90 жил гай болсон энэ нэрээ сольж хаяна хэмээн орилолдсон. Тэр үед энэ намд байдаг ганц нэг тулхтай хүмүүс “Сонгуулийн өмнө нэрээ сольдог нь зөв үү” гэсэн ч тоогоогүй яг л өнөө үхэр сүрэг шиг мөөрөлдсөн. Хэн ч намын нэрээ соль, улс төрийн үйл ажиллагаанд чинь саад болж байна гэж хэлээгүй, нотлоогүй байхад шүү. Ийм тохиолдолд ашиглагсад, завшигсад заавал гарч ирдэг жамаар ганц нэг хүн хожсон, харин МАН хоёр хуваагдан сонгуульд ялагдсан” гэж саяхан бичжээ.

Ардын үгээр бол өнөөдрийн төр засгийн толгойд байгаа хүмүүс гүү байхгүй азарга, азаргагүй гүүнүүд шиг боллоо. Гүүн сүрэг байхгүй азарга бол тувт айлын адуу үймүүлж, бусниулж, ийш тийш элдэж сарниулж байдаг. Өнөөдрийн улстөрчид энэ тэр баар сав, билльярдын ширээ, хөзрийн ард, бүр зочид буудлын өрөөнд хэлхэлдэн хор найруулж байгаа нь гүү хураадаггүй азаргануудын явдалтай зүйрлэмээр. Азаргагүй гүүнүүд бол аль дуртай айлынхаа адуун сүрэг рүү цувж, азарга дамжин аль ч үгүй сувайрцгааж байдаг. Зүйрлэвэл нам дамжин сүлбэлдэж, хувийн эрх ашгаа шударга дүрээр нууж явдаг өнөөдрийн УИХ-ын гишүүдтэй адилхан юм.

Ийм байдалтай хичнээн удах юм бэ. Яамдаа байгуулж, сайдаа томилох болоогүй юу. Ард түмэн та нарын тоглоомын аяыг даахгүй нь байна шүү. Ард түмнээрээ тоглож болдоггүй, хариу нь заавал ирдэг гэсэн мэргэдийн сургаал бий шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *