Categories
мэдээ цаг-үе

Манай нүүдлийн мал аж ахуй нүд хальтрам байна даа

Өвөлжилт хүндэрснээс 17 аймгийн 80 орчим сум зудтай байна. Их хэмжээний цас орж, нягтарснаас мал бэлчээрт гарах боломжгүй болж хадлан тэжээл дуусч, мал олон тоогоор хорогдож байгаа талаар холбогдох газрууд нь мэдээлж буй. Улс, аймгийн нөөцөөс өвс, тэжээл гаргаж малчид руу уламжлал ёсоор зөөж байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд зуд нь өвлийн цагт байнга шахуу нүүрлэдэг байгалийн үзэгдэл. Хэрэвзээ Монгол нүүдлийн мал аж ахуй эрхэлдэггүй, суурин мал аж ахуйтай байсан бол зуд гамшиг биш зүгээр үзэгдэл төдий л байх байсан. Зудыг зуд болгоод, зуданд нэрвэгдүүлээд байгаа юм нь нүүдлийн мал аж ахуй. Гэтэл суурин мал аж ахуйн хөгжсөн газарт хичнээн ч цас орж, хүйтэрлээ ч зутардаггүй.

Малын тоо толгой хэдийнэ 60 сая гарчихаад байна. Өвөл болдгоороо болно, өвс хомсдоно гэдгийг малчид л хамгийн сайн мэдэх хүмүүс дээ, уг нь. Жилийн дөрвөн улирлын туршид малаа өвстэй, цатгалан байлгах нь хариулж байгаа эзнийх нь л хийх ёстой ажил. Малынхаа ашиг шимийг хүртэж, мөнгөтэй залгаж, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг болохоор хэдэн малынхаа хэрэгцээт зүйлсийг бэлдэх нь малчдын үүрэг. Гэвч малчид өвс хадлангаа бэлддэггүй. Наадам хэсч, морь, мотоцикль дээрээ дэрвэж дэгэх зуур өвс шарлаад хяруу буучихдаг. Уулс тэргүүнээсээ бууралтаж эхлэх үест нэг их алсын бодол тээж байгаа мэт санаашрахдаа “Болохооргүй бол улс минь өвсөө бариад ирдэг сэн” гэдэг бэлэнчлэх сэтгэл нь хөдөлдөг. Нэгдлийн үеийнх шиг нэгдсэн журмаар хадланд гардаг сум, баг гэж байхаа байсан. Тэр үетэй харьцуулашгүй. Хадландаа цаг зав гаргаж хүч хөдөлмөрөө шингээдэг малчин ч цөөрсөн. Одоо бол үнэндээ мал маллана гэдэг бол хэн нэгэн малчны дурны л ажил болчихсон. Малдаа тарга тэвээрэг авахуулна уу, вакцинжуулна уу, өвс тэжээл, хадланг нь бэлдэнэ үү, яана уу, ийнэ үү бүх юмыг дур зоргоороо л хийцгээдэг. Дургүй нь хүрвэл хийхгүй.

Ийм байтал малын элдэв гоц халдварт өвчин энд тэнд гараад тасрахгүй. Ерөөс намжина гэж үгүй. Өнөөдөр говьд гарсан бол маргааш нь зүүн аймагт, нөгөөдөр нь баруун аймагт гээд л цаанаас нь зориудаар өвчин үүсгэгчийг тарааж байгаа юм шиг шүлхий, цэцэг өвчний гаралт буурахгүй, үргэлжлээд л байдаг. Үүнээс болж мал нь хорогдоно, малын мах, сүү, түүхий эд ч борлогдохгүй гологдож эхэлнэ. Мал, малын мах, сүү нь борлогдохгүй бол мал маллах нь утгагүй болж ирнэ.

Монголчууд зуд, малын шүлхий өвчнөөсөө салж чадахгүйгээс хойш суурин мал аж ахуй, фирмийг хөгжүүлэх нь энэ хэцүү нөхцөл байдлаас гарах зам л даа. Нүүдлийн мал аж ахуйг дурны ажил, хоббигоор мал дагаж тэнэж яваа хэдэн хүний сонирхлын юм гэж үзэхэд буруудахгүй. Уул нь суурин мал аж ахуйг хөгжүүлчихвэл малдаа, малчиндаа, улсдаа хэрэгтэй юм байгаа юм. Төр засаг нь иргэдээ малчин болгох, малчингаар нь байлгах гэхдээ бөөцийлсөн бодлогыг баримтлаад байдаг. “Малчид маань урт насалдаггүй юм аа” гээд тэтгэвэрт гарах насыг нь таван насаар наашлуулж 50, 55 болгочихсон. Энэ шийдвэрийг нь зөөлнөөр харвал малчдыг доромжилж байгаа ч хатуугаар хэлбэл малчдын эсрэг хийж байгаа гэмт хэрэг.

Хүн төрөлхтний нийтлэг жишгээр мал маллах нь дорд ажилд тооцогддог. Малчид хүүхдээ мал, малчны ахуйгаасаа холдоод байна, гарын үзүүрт зарж малын дөртэй болгоодохъё. Сургуульд орох насыг нь хойшлуулж найм болгож өгөөч гэсэн санал гаргадаг. Малчин таны хүүхэд зургаан настайдаа сургуульд орж үеийн хүүхдүүдтэйгээ зэрэгцэн сураагүйгээс болоод өсвөр насандаа ямар их хоцрогдолыг мэдэрнэ гэж бодож байна. Бага ангид айхавтар ялгаа гарахгүй ч анги ахих тусам хүүхдүүдийн дундах сурлагын ялгаа улам тод болж ирдэг. Ялангуяа охин хүүхэд цааш үргэлжлүүлэн сурах боломжгүй болж хүний эхнэр болохоос өөр сонголтгүй хоцордог. Гэтэл үеийнхэн нь үргэлжлүүлэн сурч улс нийслэл, гадаад дотоодыг зориод явчихдаг.

Хүмүүний ертөнцөд эцэг, эх нь хойч үе, үр хүүхдээ аз жаргалтай байлгахын төлөө өөрийнхөө бүхий л үнэт зүйлийг золин тэмцдэг. Хойч үе нь өмнөх үеийнхээ алдаа оноон дээр суралцаж, сургамж авч тэдний явж ирсэн зовлонт амьдралд хөл гишгэхгүйн тулд улам дээш тэмүүлдэг нь жам. Үнэндээ өнөөгийн нийгэмд малчид золиослогдож байгаа хэсэг. 330 гаруй мянган малчин маань өмссөн дээл, өөрийн нас, зүсээ амьдралтайгаа гандтал мал дагаж амьдарч яваа хүмүүс. Өөрсдөө ингэж нийгмээс тусгаарлагдан байж золиослогдчихоод яагаад үр хүүхдээ өөрсөдтэйгээ адилхан золиос болгох гээд байгаа юм бол.

Яруу найрагч, сэтгүүлчээс авахуулаад улс төрчид малчдыг үргэлж магтан дуулж таван эрдэнэ өсгөж, тал хээртээ анхилам салхи мэдрэн жаргалын дээдийг мэдэрдэг малчин заяатай түмэн гэж бялууртал нь магтаж үнэхээр л малчин гэдэг чинь сайхан юм, үр хүүхдээ ч удам дагасан малчин болгоё гэх шийдвэр гаргах хүртэл нь толгойг нь эргүүлээд хаячихдаг. Энэ бол малчдыг малын захад, уулын мухарт, бэлчээрт нь хадах гэсэн бодлого юм шүү дээ. Магтаад байхаар өнөөдүүл нь малчин заяандаа үнэмшээд малаа дагаад хувь тавилантайгаа эвлэрчихдэг. Сүүлийн 60 гаруй жил ийм магтсан үгсийг малчид маань тасралтгүй сонсч, түүнд нь итгэж, үнэмшиж, өөрсдөд нь зориулсан дуу, киногоороо бахархаж ирсэн. Ингэж иргэдийнхээ тодорхой хэсгийг ажил мэргэжил, үзэл бодол зэргээр нь ялгаварлан гадуурхаж, урьдаас төлөвлөж, системтэйгээр хоморголон устгадаг бодлогыг геноцид гэдэг. Монголд энэ бодлого тэртээгээс явсаар өнөөдөр ч үргэлжилж байгаагийн нэг том жишээ бол дээр дурдсан малчдын тэтгэврийн насыг наашлуулсан явдал. Малчид “Аштай юу төр засаг минь тэтгэврийн насыг наашлуулж биднийгээ харж үзэж байна. Тэтгэврийн хэдэн бор юмтайгаа эрт залгах нь дээ” гэж баярлах нь өрөвдөлтэй. Жинхэнэдээ энэ хууль чинь малчид та нарыг урт наслахгүй, эрт үхнэ гэдгийг элдэв янзын аргаар тооцоолчихсон тооцоо юм. Үүнийг манай малчид ойлгох хэмжээнд хүрээгүй. Малчдыг малтай нь уулын мухар, хээр талд хадаж орхиод хямд мах авч хотын иргэдийг хямд махаар хангах нь л тэдэнд чухал. Энэ геноцид үйл ажиллагааны хохирогчид бол малчид. Өөрсдөө хохирч байгаагаа эс анзаарч үр хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахгүй гэж сургуулиас нь авчраад хөдөө суулгаж байгаа нь хойч үе, амин хайртай үрсээ өөрсөд шигээ малын захад хатаах авах гэсэн явцуу бодлын үр дүн.

Бид яавал хөгжих вэ, юу хөгжлийн тулгуур болох вэ гэдгээс юу биднийг хойш нь чангааж байгаа тухай ярьдаггүй. Улсын хөгжлийг илт чангааж байгаа зүйл бол нүүдлийн мал аж ахуй. Дэлхийд хосгүй нүүдэлчний өв соёл, нүүдэлчний ахуйтай Монгол орон гэдэг тэнэглэлээ орхих цаг нь болчихоод байна. Дэлхийн ихэнх улс орон хөгжлийн явцад нүүдлийн мал аж ахуй эрхэлж яваад аажмаар дараагийн шат болох суурин мал аж ахуй руу шилжээд тэрийгээ дээд зэргээр хөгжүүлчихсэн. Одоо дэлхийд хамгийн өндөр ашигтай, байгаль экологи, хүн ардад хор хөнөөл багатай нь суурин мал аж ахуй, фирм болчихоод байна. Гэтэл хүн төрөлхтний аль хэдийнэ туулаад өнгөрчихсөн малаа дагаж нүүдэллэдэг байсан дундад зууны үед монголчууд гацчихсан байна даг.

Малчид аа, та бүхнийг яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, улс төрчид худал магтаж хуурсаар ирсэн юм шүү. Малгүй бол Монгол Улс мөхнө гэдэг нь ч худлаа. Улаанбаатар хотыг тойруулаад хэдэн фирмтэй болчиход л нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй, чанартай, баталгаатай мах, сүүн бүтээгдэхүүнээр хангаад явчих учраас монгол хүн өлбөрнө гэж байхгүй дээ. Малгүй бол Монгол яана, махгүй болчихвол бид яана гэдэг энэ мухар сүсэг гэмээр дэмий айдсаасаа салах ч хэрэгтэй. Суурин мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол бид зуд гэх байгалийн гамшиг, малын гоц халдвартай элдэв өвчинд жилийн жилд нухлуулж төсвийн олон тэрбум төгрөгийг урсгаж, малчид гэх хүмүүс минь золиослогдсоор л байх болно.

Дэлхий хөгжөөд аливаа салбарт техник технологийн дэвшил нэвтэрч, нүүдэлчин ахуй түүхийн номонд үлдэж байхад амьдаараа музейн үзмэр болчихоод сууж байгаа Монголын малчдаа харцгаа даа. Эрхэлж байгаа тэр нүүдлийн мал аж ахуйг нь ч хар даа, нүд хальтирмаар байгаа шүү дээ, үнэндээ. Малчдадаа үнэнийг нь хэлж хадагдсан газраас нь суурин мал аж ахуйгаар ховхолж хүний нийгмийн чухал гишүүн гэдгийг нь мэдрүүлээч. Хүн төрөлхтний нас уртасч байхад яагаад Монголын малчид минь хорвоогоос эрт буцах ёстой юм. Тэдэнд хэлээч, суурин мал аж ахуй руу шилж гэж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *