Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Зүүн Тиморын багтай талбай дээрээ тоглоно

Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 209 улс бүгдээрээ 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өргөдөл өгснөөс энэ сарын 12-ны өдөр рейтингээрээ хамгийн багад тооцогдох Азийн 12 улс халз тоглолтуудаа эхэлж, үндсэндээ ДАШТ-2018 үүдээ нээсэн. Энэтхэг-Балба, Иемен-Пакистан, Зүүн Тимор-Монгол, Камбож-Макао, Тайван-Бруней, Шри Ланка-Бутан гэсэн зургаан хос баг өнгөрсөн долоо хоногт халз тоглолтуудынхаа эхнийхийг хийлээ. Эдгээр хосуудаас шалгарсан зургаа нь үндсэн багуудтай нийлж 40 болж таван хэсэгт хуваагдан 2016 оны гуравдугаар сарын 29 хүртэл тоглоно гэх мэтчилэнгээр Азийн багууд шилдгүүдээ тодруулах журамтай юм билээ. Манай багтай тоглож буй Зүүн Тимор нь ОУХХ-ны албан ёсны чансаагаар 187 дугаарт бичигддэг. Харин манай баг 194 дүгээрт эрэмбэлэгдсэн юм байна лээ. Хоёр багийн эхний тоглолт Зүүн Тиморын талбайд болж манайх дөрвөн гоол алдаж, айлын хаалгыг нэг гоолоор мялаасан. Товчоор манай шигшээ баг 4:1-ээр хожигдсон гэсэн үг. Гэхдээ манай шигшээ багийн хувьд айлын хаалганд гоол оруулах тун чухал байсан юм. Хэдийгээр олон гоол алдсан мэт сонсогдож магадгүй ч бид сэтгэлээр унах болоогүй байна. Эхний тоглолтод цаг агаарын хэт халуун нөлөөлсөн гэдгийг хөлбөмбөгчид маань ярьж байна. Аргагүй шүү дээ, -10 хэмийн хүйтнээс гэнэт +31 хэмд очиж тоглохоор ямар олигтой байв гэж. Манай улсын шигшээ багийн дасгалжуулагч тоглолтын тухай “Олон цаг нисэж очсон учраас замдаа нэлээн ядарсан. Очтол бүгчим, чийглэг цаг агаар угтсан. Мөн талбай нь их муу, өнгөн хэсэгтээ шаварлаг, доороо хатуу байлаа. Тэнд гаргасан алдаагаа засаад сайн тоглохыг хичээнэ” гэж ярьсан. Бас сөрөг довтолгоогоор алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч хоёр дахь боломж олгохгүй гэдгээ хэлж байв.

Өнөөдөр харин Улаанбаатарт +2 хэмийн дулаан, бага зэргийн үүлтэй байна. Хэдийгээр боломжийн дулаахан санагдаж болох ч гэлээ +30 хэмээс ирсэн нөхдүүдэд таатай байхгүй л болов уу. Дээрээс нь айлын дэвжээн дээр тоглох сэтгэл зүйн хувьд амаргүй. Эхний тоглолтод Зүүн Тиморын үзэгчид цэнгэлдэх хүрээлэнгээр нэг орилолдоод манайхныг нэлээн сандаргасан гэнэ лээ. Эхний хэдхэн минутад ойрхон хоёр гоол алдсан нь сэтгэл зүйтэй, тэндхийн хөгжөөн дэмжигчидтэй холбоотой байж мэднэ. Тэгэхээр энэ бүхний хариуг өнөөдөр хатуухан барих хэрэгтэй. Тоглолт 16.00 цагт эхлэх бөгөөд цэнгэлдэхийн үүдийг 14.00 цагт нээх юм билээ. Тоглолтын тасалбар 5000 төгрөгийн үнэтэй. Гэвч тасалбар цөөн хэдэн ширхэг үлдсэн байгаа гэсэн.

Энд Зүүн Тимор гэж ямар улс вэ гэдэг талаар бага зэрэг тайлбарлая. Зүүн Өмнөд Азийн үзүүрт байрлах Индонез улсаас2002 онд салан тусгаарласан тус улс нь нутгийн унаган иргэд, португали, индонез, австрали зэрэг хүмүүсийн хольцтой сая орчим хүн амтай. Тус улс нь үндсэн хоёр хэлтэй байдгийн нэг нь португал юм билээ. Тийм учраас энэ улсад бразилчууд олноороо амьдардаг, үүнийгээ дагаад ч шигшээ багт нь Бразилийн шидтэнгүүд нэг бус байдаг. Уг нь Зүүн Тимор анх ОУХХ-нд бүртгэгдэж байхдаа 202-т жагсаж байсан. Гэтэл түүнээс хойш арав гаруйхан жилийн хугацаанд амжилт нь хурдтайгаарахиж 20 гаруй шатаар дээшилсэн нь тэр бразилчуудтай холбоотой нь ойлгомжтой.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *