Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн өмчит компанийг аж ахуйн нэгжийн хуулиар зохицуулдаг байх зохицуулалт оруулж ирсэн. Эрх зүй болоод эдийн засгийн үр өгөөжийг судлах хэрэгтэй юм байна. Хүний хөгжил сангаас иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа “Эрдэнэс тавантолгой” компанид байдаг, хэрхэх талаар судлах шаардлагатай гэж үзэн Ж.Эрдэнэбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. 0-18 насны хүүхэд бүрт Хүүхдийн мөнгийг тэгш олгох шийдлийг МАН дэмжиж байгаа аж.
Мөн “Ипотекийн зээлтэй холбоотой хоёр том хуулийн төсөл орж ирсэн. Ардын нам ипотекийн зээлийг 6 хувиар тогтоож байсан, Н.Алтанхуягийн Засгийн газар хүүг 8 хувь болгож нэмсэн. УИХ-ын дарга 5 хувь руу болгох боломжтой юм байна гэдэг байр суурийг илэрхийллээ. Үүнийг дэмжиж байгаа. Хүүг бууруулах нь зөв. Гэхдээ анхаарах асуудал байна. Зээлийн хүү буурсан ч ямархуу үнэ өртөгтэй орон сууц худалдан авах вэ гэдгээ анхаарах ёстой” гэв.