УИХ дахь МАН-ын бүлэг улс оронд үүссэн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдралыг доройтуулах байдалд хүргэсэн албан тушаалтнуудад 10 хоногийн хугацаанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан билээ. Уг шаардлагын хариуг нэхэж өнөөдөр албан бичиг явуулсан бөгөөд бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж, хариуцлага тооцох асуудлыг энэ долоо хоногт албан ёсоор тавина гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн юм. Мөн Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаар мэргэжилтнүүдийн санал, байр суурийг сонслоо.
Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өмнөх 22 жилд бий болсон 2,2 тэрбум ам.доллараас давсан өр зээлийг үүсгэсэн нь анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байна. Манай улс өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл хуульгүй өнөөг хүрсэн. Энэ ч үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг буруу гэж үзэхгүй байна. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг 90 хувь болгон нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжихгүй гэдгээ дахин албан ёсоор мэдэгдэж байна.
Түүнчлэн МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эхний ээлжинд хэлэлцсэний дараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.