Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН тарж, АН хоёр хуваагдаж, МАХН нэгдэж, ХҮН нэр дэвшигчдээсээ болж тарчихгүй бол сонгууль болно

Энэ жил Монголд Ерөнхийлөгчөө сонгох сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор улс төрийн амьдрал ч идэвхжиж байна. Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдохоор болсон. Энэ долоо хоног улс төрд нэлээд халуухан үйл явдлууд өрнөнө. Учир нь парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, зарлах ёстой. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30наас ирэх сарын 2ны өдрүүдэд болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. МАН, АН, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийнхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа.

Өдгөө намууд ямар хүнийг Ерөнхийлөгчид сойхоо мэдээлээд эхэлсэн. Эрх барьж буй МАН-ын хувьд энэ сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг сойх нь тодорхой болсон. У.Хүрэлсүхтэй дүйх хэмжээний өрсөлдөгчийг бусад нам, эвсэл гаргаж ирэхгүй бол У.Хүрэлсүх илүүрхэж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах асар өндөр боломжтой. Нөгөө талд Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг тараах захирамж гаргачихаад байгаа. Захирамж гэдэг эрх зүйн акт гаргах боломжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгаж өгсөн байдаг бөгөөд энэ нь дотогшоо чиглэсэн буюу өөрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн агуулгатай байх ёстой хэмээн хуульч тайлбарласан байна лээ. Гэвч Ерөнхийлөгч МАНыг татан буулгах тодорхой үндэслэлтэй захирамж гаргасан гэдгийг ч хэлэх хүмүүс байсан. Харин МАН энэхүү захирамжийг хууль зөрчсөн гээд огт тоохгүй байгаа бололтой юм. Ямартаа ч Ерөнхийлөгчийн захирамж гарсан учраас сонгуульд ямар нэг байдлаар нөлөөлөх л ёстой.

АНын хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар өнөөдөр эцэслэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нэг нь албан ёсоор АНын даргаар бүртгэгдэх ёстой. Одоо энэ намын хувьд хагарах шалтгаан дууссан. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшинэ гэгдэж байсан ч эцсийн мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэр дэвших эрхгүй болов. Үүнээс л болж энэ нам хагарсан. Тэгвэл одоо нам салах шалтгаангүй болж байна. Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвшихээ зарлачихлаа. Түүнийг улс төрийн томоохон шийдвэр гаргаж чадахгүй, бөөрөнхий хүн хэмээн ярьдаг хэсэг байдаг ч яалт ч үгүй АНын лидер мөн. Түүнчлэн УИХын сонгуулийн өмнө АНаас гарч бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг АНаас Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэрээр самбарын өмнө гарч ирээд “Шударга бусын хонгил” гэсэн гарчиг тавиад “хичээл” зааж эхэлдэг. Гол нь тэрээр бие даан нэр дэвшиж УИХ-д суусан учраас АН-аас нэр дэвших нь эргэлзээтэй. Мөн л АНын лидерт зүй ёсоор тооцогдох Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад хүч үзэж болохгүй гэж хэмээн олон нийт үзэж байгаа. Түүний хувьд сайн хуульч гэдгээрээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх зүйлгүй. Харин аль эртнээс л хүч үзнэ гэдгээ илэрхийлсэн сайд асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр яригдаж байна. Түүний хувьд “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Тэрбээр нэр дэвшээд яллаа гэхэд Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно. Гэвч монголчуудын хувьд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох хүлээлт шаардлага өнөөдөр бий эсэх нь эргэлзээтэй. Эндээс харахад, аль аль нь байж болох л хувилбарууд. Хамгийн гол нь бусад нам нэр дэвшигчдээ тодорхой болгож, сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байхад АНын хуваагдал талцал сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэл их. АНын энэ талцалд Ерөнхийлөгчийг буруутай гэж ажиглагчид үздэг. Энэ хагарал, бутрал АНын сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлж таарна.

Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох субьект бол ХҮН. ХҮНын ард Электорат эвсэл бий. Тэд “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн хөдөлгөөн өрнүүлж, иргэд Ерөнхийлөгчид ямар хүнийг хүсч хүлээж байгааг олж авсан гэнэ лээ. Эндээс ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан байж болох л хувилбар. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”ын Д.Энхбат Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ. Маш хүчтэй өрсөлдөгч. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нөлөөтэй нэгэн. Б.Болдсайхан эмчийн хувьд “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Нийгэмд маш сайн дүр. Харин Б.Нямтайшир бол Монголын толгой бизнесмэнүүдийн нэг, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Тэрээр мөн л байж болох хувилбар. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр байна. Хэрвээ ХҮН зөв хүнээ гаргаж ирэх юм бол ард түмэн ч дэмжихгүй гэх зүйлгүй. Иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нь л харах шинжтэй байна. ХҮН нэр дэвшигчээс болоод задарчихдаггүй л юм бол энэ намд Ерөнхийлөгчийн сонгуульд шаанс бий. Ганц будлиангүй нь энэ нам байх шив дээ.

“Та бидний эвсэл”ээс МАХН УИХ-д нэг суудалтай болсон нь фэнгшүй хэмээх С.Ганбаатар. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь өрсөлдөж, дориун санал авсандаа их л найдаж байгаа аж. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүсэл тэмүүлэл ихтэй байгаа. МАН, МАХНын нэгдэх шийдвэр эцэслэгдээгүй, яриа хэлцлийн түвшинд явж байна. Хэрвээ эл хоёр нам нэгдчихвэл энэ эвсэл тарах уу, тарахгүй юу гэдгээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэх үү, дэвшүүлэхгүй юү гэдэг ч асуудал сөхөгдөнө. Мань хүн нэр дэвших шаансгүй болоод ирвэл хэмээн бодож өөр хувилбар хайн тавхайгаа эргэтэл гүйж байгаа гэнэ лээ. Энэ нь ч ортой л юм. Гэхдээ С.Ганбаатар өөрчлөгдөөгүй ч, сонгогчид их өөрчлөгдсөн дөө.

Үнэндээ монголчууд сэлэм эргүүлсэн, шулуун шударга гэж ярьсан улсуудаас залхаж гүйцлээ. Хуулиа барьдаг, боловсролтой, ёс зүйтэй, гадаад оронд Монголоо бүрэн төлөөлж чадахуйц хүн үгүйлэгдэж байна. Ард түмэн эх орончоос, бөхөөс, сэлэм эргүүлэгчээс хаширчихжээ. Бүр цаашлаад шударга ёс гэдэг бол хийсвэр зүйл гэдгийг ч ойлгож эхлээд байна. Тиймээс энэ удаагийн сонгуулиар тулхтай, зөв хүнийг ард түмэн хүлээж сууна. Сонгууль дөхөөд намуудын улстөржилт утгаа алдах нь. Хэт улстөржвөл ард түмэн дургүйцэх шинжтэй. Цар тахлын хүнд хэцүү үед өөрсдийн зөөлөн суудлын төлөө л ясаа цайтал тэмцэхээс өөр юу ч хийхгүй байна гэж шүүмжилж байна. Эрх баригчдад ард түмний өвчин зовлон падлий ч байхгүй байгаад иргэд ихээхэн дургүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *