Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

МАН-тай хэн, хэн хүч хавсарч Ерөнхий сайдын эсрэг кноп дарах бол?

МАН-ын бүлгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах төслийг УИХ өнөөдөр хэлэлцэнэ. Засгийн газарт цомхотгол хийж, шинээр эмхлэн байгуулах асуудал бүрэн шийдэгдээгүй байхад Ерөнхий сайдад хариуцлага тооцох төсөл орж ирсэн нь олон таамаглалыг дагуулж буй. Улс төрийн хүрээнд “Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газар татан буугдана” гэж үзэх нэг хэсэг байхад “МАН-ын энэ удаагийн оролдлого урьдын адил бүтэхгүй” гэх хэсэг ч байна.

АН, МАХН ч эл асуудлаар дотооддоо хоёр хуваагдаад байгаа гэх. Шууд хэлбэл улстөрчдийн дунд МАН-ын 26 гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих үү, үгүй юу гэдэг яриа өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж бүлэг үзлээ” гэж мэдэгдсэн ч одоогоор найман гишүүн нь МАН-тай хүч хавсрах нь тодорхой болсон гэгдэж байна. Тэднийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүлж буй. Огцруулах төсөлд гарын үсгээ зурсан нь үүний баталгаа болж буй бөгөөд тэрээр гадаад томилолтоо бараг хугацаанаас нь өмнө дуусгаж өчигдөр Улаанбаатар хотод ирсэн бололтой. Түүний араас журмын нөхөд нь буюу МоАХ-ны Х.Баттулга гишүүн нарын хүмүүс байгаа аж. Тэд бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, М.Зоригт нар. М.Зоригт гишүүн л гэхэд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Засгийн газраа сольчихоод төсвөө хэлэлцье” хэмээж суусан. МоАХ-ны гэх зургаан гишүүн дээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэмэгдэж байгааг хэлэх эх сурвалж байна. Энэ тухайгаа бүлгийнхэндээ ойлгуулсны зэрэгцээ сошиал ертөнцөд “АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Намын гишүүд нь намын даргадаа хариуцлага тооцох нь улс төрд байдаг ердийн асуудал” гэж үзэл бодлоо илэрхийлээд амжжээ. Тэдэнтэй УИХ-ын гишүүн М.Батчимэг нэгдсэн гэдгээ бүлгийнхэндээ шууд хэлсэн гэж мэдээлэх нэгэн ч байна.

Ийнхүү МАН-ын 26 дээр нэмэх нь АН-ын найм, нийт Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй 34 гишүүн байна. Тэдэнтэй хамтрахаа УИХ-ын дэд дарга Л.Цог мэдэгдэж огцруулах төсөлд гарын үсэг зурсан. Гэхдээ түүний байр суурь өнөөдөр өөрчлөгдсөн ч байж болох. Зөвхөн энэ л асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж ярилцсан удаатай. АН, МАХН-ын хооронд буюу Н.Алтанхуяг сайд, Н.Энхбаяр даргын хооронд байгуулагдсан гэрээнд “Засгийн газарт хамтарсан намын гишүүдээс Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг гаргахгүй байх” гэсэн заалт буй. Н.Энхбаяр дарга энэ амлалтаа хэр биелүүлэх зангарагтай намын дарга гэдгээ Л.Цог гишүүнд хэр ойлгуулсан нь өнөөдөр харагдах биз. Л.Цог гишүүний кноп Н.Энхбаяр МАХН-даа “Шүдтэй арслан хэвээрээ юу, эсвэл шүдгүй арслан уу” гэдгийг харуулна. Үндсэндээ “Шударга ёс” эвсэл хийгээд бие даагч гурван гишүүн асуудалд хэрхэн хандах нь энэ бүхний шийдэл болно. “Шударга ёс” эвслээ Н.Энхбаяр дарга базаж, бие даагч гурав ИНЕГ гэх мэт зарим газар, агентлагуудад эрх мэдлээ үргэлжлүүлэх хүсэлтэй бол Н.Алтанхуяг сайдын талд саналаа өгөх нь дамжиггүй. Энэ засаг унах нь бие даагчид хийгээд “Шударга ёс” эвслийн алинд нь ч ашиггүй.

Мэдэгдэж байгаагаар Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй 35, үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн 41 гишүүн УИХ-д байгаа бололтой. Тэрчлэн чуулганы өнөөдрийн ирц асуудалд мөн л нөлөөлнө. Гадаад, дотоод томилолт, эрүүл мэндийн шалтгаанаар зарим гишүүд чуулгандаа ирж амжихгүй байж огцруулах хүсэлтэй 35 гишүүн дийлэнх олонхи болох аваас асуудал өөрөөр яригдана. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг хэн, хэн кноп дарах бол?

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *