Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан төрийн албыг ингэж төрлийн алба болгожээ

Ардын намынхан ашгүй нэг төрийн эрхийг авлаа гэсэн шиг албан тушаалд ах дүү, хамаатан саднаа шуурхай томилсоор байна. Уг нь өөрсдөө “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан санагдаж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар томилогдсон. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрсөн дүү Д.Баярсайханаа Төрийн банкны гүйцэтгэх захирал болгов. С.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. УИХ-ын гишүүн Сү.Батболд эхнэр Х.Отгонтуяагийн дүү, туслах Б.Асралт Засгийн газрын аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдсон. Н.Энхболдын худ А.Цогцэцэг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Мөнхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болов. Сангийн яамны сайд асан Я.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болов. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр БХБЯ-ны газрын дарга боллоо. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын дарга болов. ХЗДХ-гийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир ХНХ-ын яамны газрын дарга болов.

МАН Засгийн эрхийг барьсан даруйдаа төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болгож байгааг ард түмэн харсаар ч байгаа, шүүмжилсээр ч байгаа.

Төрлийн томилгоо цааш ингэж үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын дарга болжээ. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын эхнэрийн төрсөн дүү, туслах Б.Бат-Идэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албанд томилогдсон байна. Мөн төрлийн дүү болох Ц.Ариунбаяр нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын сэнтийд заларсан аж. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргын албанд очлоо.БОНХАЖ-ын сайд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга болсон. УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал Нийслэлийн халамжийн газрын дэд даргын албыг хаших болсон гэнэ. УИХ-ын гишүүн Д.Сумъябазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан Үндэсний хөгжлийн газрын даргын албанд очжээ.УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн дүү н.Эрхэмзаяа “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирал болжээ.

МАН-ын нөлөө бүхий эрхмийн нэг гэгдэг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн охин Б.Гаваа ТӨБЗГ-ын Тамгын газрын дарга болжээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд ХХҮГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга болсон байна. Шадар сайд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр нь Барилга хот байгуулалтын яамны Стратеги бодого төлөвлөлтийн газрын даргын албанд томилогджээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү, туслах С.Мөнгөнчимэгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд болгосон байна.

Ийнхүү МАН-ынхан төрийн албыг төрлийн алба болгосонд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бол эхлэл. Цаашид ч томилгоо үргэлжлэх нь ойлгомжтой.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *