УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан.
Засгийн газрын тэргүүний танилцуулгын дараа УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу сөрөг хүчний гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм.
Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн уг хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг сайжрах биш харин ч муудаж байна гэсэн юм. Мөн хоёр жилийн өмнө сард 400-500 сая долларын гадаадын хөрөнгө оруулалт ордог байсан манай улсад одоо гадаадын хөрөнгө оруулалт эрс муудсан. Үүнээс болж валютын ханшийн өөрчлөлт гарч байгаа гэсэн юм. Түүнчлэн Чингис бондын хэрэгжилт тодорхойгүй хэвээр байна, бондын мөнгөнөөс нийт хэдэн төгрөг үлдсэнийг мэдмээр байна гэсэн юм.
Ерөнхий сайдын хэлснээр Чингис бондын 1.5 тэрбум америк долларын хөрөнгөөс 1.6 их наяд төгрөг үлдсэн бөгөөд үүнийг үйлдвэржилтийг хөгжүүлэх ажилд зарцуулахаар төлөвлөгдөж байгаа гэлээ. Харин хөрөнгө оруулалтын тухайд хоёр жилийн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирж байсан учраас л их юм шиг харагдаж байсан хэмээн тайлбарласан юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний хувьд “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжээд 40 гаруй хонож байхад валютын ханш 40 төгрөгөөр нэмэгдсэн байгаа шалтгааныг асуусан юм. Гишүүний уг асуултад Монголбанкны төлөөлөгч валютын ханшны өөрчлөлт нь төлбөрийн тэнцлийн хүндрэлээс үүсэж буйг хэлсэн бол Ерөнхий сайд валютын болон өргөн хэрэглээний барааны үнэ цаашид байнга нэмэгдэхгүй, оны төгсгөлөөр буурна гэсэн юм.
Мөн цөөнхийн бүлгийн Д.Хаянхярваа болон Ч.Хүрэлбаатар нар “Эзэн-100” хөтөлбөрийг асуудлыг шийдэхээр шийдвэрлэсэн ажлуудыг л хийсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл өргөн барих, уулзалт зохион байгуулах зэргээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна хэмээсэн юм. Харин хөтөлбөрийн үлдсэн хугацаанд төлөвлөсөн бодлогоо хэрэгжүүлж ард түмний амьдралд хүрэхээр бодитой үр дүнг бодитой болгох хэрэгтэй байна гэлээ.