Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын зургаан сайдыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы өчигд­рийн хуралдаан 15 цагт эхэлж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм. Уг хуулийн төслийн дараа Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Ямартаа ч цаг сунган хуралдсан хуралдаанаараа шийдвэрээ гаргаж чадлаа. З.Энхболд дарга гаргасан шийдвэртээ хатуу чанга зогсдог тул Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хамгаалан авч үлдсэн юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Цааш, цаашдаа шударгаар татвар төлдөг байсан баялаг бүтээгч маань шударгаар татвар төлөх нь буруу юм байна гэсэн ойлголттой болох нь. Мөн татвараас бултсан, татвар төлдөггүй хүмүүсээ 100 хувь өршөөж байснаас ядаж нэг хувийн татвар авч болох уу. Татвараа шударгаар төлж байсан хүмүүс яах вэ?

УИХ-ын гишүүн Б.Болор: -Хууль өргөн баригдсанаасаа хойш багагүй хугацаанд хэлэлцэгдэж байна. Энэ хууль маань өөрөө дэлхийн жишиг. Улс орнууд тодорхой үед авч ашигласан байдаг. Эдийн засаг хүндрэлтэй үед далд эдийн засгаа ил болгож, татварын бааз сууриа өргөжүүлэх зорилготой. Гэхдээ байнга ийм хууль гаргаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Өмнөх хууль гараад ямар үр дүнд хүрсэн бэ. Найман жилийн өмнө энэ хуулийг гаргаад цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн яасан бэ.

УИХ-ын гишүүн Б.Болор: -Өмнөх хуулиар 4621 татвар төлөгч 8000 гаруй тайлан өгсөн. Үүний 50 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаачид байсан. 4.5 их наяд төгрөгийн орлогыг татварын өршөөлд хамруулж байсан байна.

УИХ-ын дарга З.Энхболд: -Хэдэн том компанийг өршөөх юм уу. Ийм ойлголт яваад байна.

УИХ-ын гишүүн Б.Болор: -Бизнесийг ялгаж босго тавьсан зүйл байхгүй. Бүгд адилхан тэгш эрхтэй хамрагдана.

Гишүүд ийнхүү үгээ хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун авлигын асуудлыг энэ хуульд оруулж болохгүй гэдэг зарчмын зөрүүтэй санал оруулсан ч байнгын хороон дээр дэмжлэг аваагүй байна. Гэсэн ч уг саналыг дэмжих ёстой хэмээн гишүүд дараах байр суурийг илэрхийлцгээсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Үнэ тогтворжуулалтын дөрвөн их наяд, Чингис бондын 50 их наяд, Самурай бонд гээд асар их мөнгийг өнгөрсөн гурван жилд зарцуулсан. Үүнийг дагаад хэтэрхий цөөнхөд, улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд зориулж өршөөх гээд байна. Татвараа шударгаар төлсөн хүмүүс нь зүгээр үлдэж татвараас зайлсхийж мөнгөө нуусан хүмүүс мөнгөтэйгөө үлдэж, хариуцлага хүлээхгүй явах нь. Энэ чинь муухай харагдаж байна. Татвараа шударгаар төлсөн хүмүүсийн тэр мөнгийг нь тэгвэл эргүүлж өг.

УИХ-ын гишүүн Б.Болор: -Байнгын хороон дээр таны ярьж байгаа асуудал бүгд яригдсан. Энэ талаар хэлэлцүүлэг өрнөсөн. Миний хувьд тантай санал нэг байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Миний хувьд авлигын хэргийг үүнд хамруулж болохгүй гэж үзсэн. Ямар ч орон авлигачдыг өршөөдөггүй юм. Урд, хойд хоёр хөршөө хар л даа.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: –Эдийн засгийн өршөөлд авлигын хууль зарлах хэрэггүй. Ямар учраас ээлжит бус зарлан яаран сандраад авлигачдыг өршөөх гээд байгаа юм бэ. Бүлэг хулгайч нар шиг өөрсдийгөө харагдуулах ямар хэрэг байна. Авлигын эсрэг хуулийг өршөөлд хамруулах юм бол АТГ-ыг татан буулгавал яасан юм бэ. Шалгах хэрэг байхгүй болчихоор тэр хүмүүс өндөр цалин аваад суугаад байх шаардлага байгаа юм уу. Х.Болорчулуун гишүүний байнгын хороонд гаргасан саналыг дэмжээч гэж бүх гишүүдэд уриалмаар байна.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: -Энэ бол Засгийн газрын санаачилгаар орж ирж байгаа хууль биш. Авлигын гэдэг бол АТГ-аас шалгадаг бүх хэргээс мулталж байгаа юм биш. Хөрөнгө оруулалтаа нуусантай холбоотойгоор үүсдэг асуудлыг оруулж ирсэн юм.

Ингэснээр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж дуусахад Х.Болорчулуун гишүүний зарчмын зөрүүтэй санал болох хуулийн төслийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хариуцлагаас чөлөөлөхөд хамаарагдах найман хуулиас Авлигын эсрэг хуулийг хасах санал олонхийн дэмжлэг авсан юм.

Дараа нь чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулав. Тэрбээр “Биднийг ийм сонголт хийхийг гуйж, намын Бага хурлын гишүүдэд учирлаж хүссэн захидал илгээж, бүлгийн хуралд суун зовлонгоо тоочиж, Засагт хамтрах шийдвэрийг алгаа тосон талархан хүлээж авч байсан АН-ынхан замын дундаас зангаа хувиргалаа. АН-ын шийдвэр дээр үндэслэн зарласан нь төрийн дээр улс төрийн нам гарсны тод жишээ юм.

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг санаачлан батлууллаа. Өрийн менежментийг боловсронгуй болголоо. Төсөв, мөнгөний оновчтой хатуу бодлогын үр дүнд 2012 оноос хойш алдагдалтай гарч байсан төлбөрийн тэнцэл энэ оны таван сараас эхлэн анх удаа алдагдалгүй гарлаа. Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болголоо. Анх удаагаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг батлуулав. Тавантолгойн ордын хүнд даацын машинуудыг шороон замаар тээвэр хийдгийг зогсоосон.

Ардчилсан намын дотоод зөрчил тэмцэл савнаасаа хальж улс эх орны хувь заяанд нөлөөллөө үзүүлдэг боллоо. МАН ирэх сонгуулийг шударга сонгууль болгохын тулд “хар машин”-аар биш гараар тоолох эсвэл хяналтын тооллого бүх газарт хийх санаачилга дэвшүүлсэн. Гэвч АН 2016 оны сонгуулийг “хар машин”-аар тоолохоор санаархсан хэвээр байна. Ардчилсан нам “хар машин”-даа найдаж байгаа бол Ардын нам ард түмэндээ итгэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Ардчилсан намын дарга нар Засгаас сайд хөөхийг хурга хөнгөлөхөөс амархан юм шиг санаад байх юм. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл УИХ-ын бүтцийн байгууллагад үүрэг өгч байх жишээтэй. Ерөнхийлөгч дэмжихгүй байгаагаа хэлэхэд Ерөнхий сайд нь тогтоолын төсөл оруулж ирж байх жишээтэй. Үндэслэлээ Ардын нам, АН-тай байгуулсан гэрээгээ биелүүлээгүй гэсэн. Харахад Ардын намаас болсон юм байна. Ардчилсан намаас болсон нь бүр их байна. Тиймээс хариуцлагаа хамтдаа үүрэх ёстой. Хэрэв гэрээнийхээ заалтуудыг адилхан биелүүлээгүй бол АН ямар хариуцлага хүлээх ёстой вэ. Миний хувьд АН, МАН засгаас хоёулаа гарах ёстой.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Монголын улс төрд гарч байгаа зүйл бол анх удаа болж байгаа юм биш. УИХ-д хамгийн олон суудалтай АН цаашдаа “Шударга ёс эвсэл” болон ИЗНН-тай гэрээгээ үргэлжлүүлээд явна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Засгийн газрын бүтцийг оруулж ирэхээс эхлээд энэ биш юм байна гэж бодсон. Нам дотроо яаж хувааж авахаа шийдээгүй тул Таван толгойн асуудлыг шийдээгүй юм байна. Энэ дотор эрүүлээр сэтгэж байгаа хүмүүсийн буянаар Гацууртын 50 тонн алтыг авч үлдлээ. Хүмүүс сайн анхаарах ёстой. Үнэндээ Оюу толгой бол аварга орд шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Ерөнхий сайдаас би асууя, та нар болохгүй байгаа сайдуудаа явуулахгүй юм уу. Ерөнхий сайд та энэ зургаатай хамт оруулаад ирж болоогүй юм уу. Ардын намынхан одоо уйлах шахан хэлж байна л даа. Хайрын захиа шидсэн гээд. Тасарсан мах, үсэрсэн цус гэгчээр эднийгээ бас би өрөвдөөд байна. Та нээрэн хууран мэхэлсэн бол уучлалт гуйж болохгүй юм уу.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Ардын нам өрөвдүүлээд, нөгөө нь өрөвдөөд ч байгаа юм байхгүй. Ардчилсан нам багаа хууллаа. Ардчилсан намын гуравдугаар ээлж хоолонд орох гэж яарч байх шиг байна. Энхболд даргаас нэг зүйл асууя. Хоёр талаас гарын үсэг зураагүй тохиолдолд гэрээгээ цуцлахгүй гэж байна. Та яагаад ийм шийдвэр гаргав.

Ерөнхий сайдад хэлэхэд танд их хэцүү болно доо, цаашдаа. Та уг нь намын асуудал тусдаа, төрийн асуудал тусдаа гээд байр сууриа илэрхийлээд суух байсан юм уу. Засгийн газар таны бүрэн эрхийн асуудал шүү дээ.

УИХ-ын дарга З.Энхболд: -АН-ын даргын хувьд хариулъя. Хэтэрхий худлаа зүйлийг үнэн болгох гээд ядчих юм. Би дүгнэсэн. Хангалттай гэдгийг зөв гэж үзэж байгаа. Анх төрийн албанд сайдаар очихдоо хэдэн зуун төрийн албан хаагчийг халж, хамаатан саднаа ажилд авна гэж томилоогүй. Баруун бүсийн зам, Хөшигтийн хөндийн замын ажлыг зогсоосон. Бүх юм нь бэлэн байхад та нар хэдэн хамаатан саднаа ажилд авахаас өөр юу ч хийгээгүй. За ,Ерөнхий сайд хариул. Сайдууд сайн, муу ажилласан эсэхийг…

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Хэн нэгэн хүний асуудлыг оруулж ирээгүй. Хоёр намын гэрээг дүгнэж байгаа. Зургаан сайдтай холбоотойгоор хэлэхэд бүгдээрээ өөрсдийнхөө хүрээнд үүргээ биелүүлсэн. Үлдсэн 13 сайд маань ч бас өөрийнхөө хэмжээнд сайн ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Засгийн газраас өргөн барьсан хуулийн 50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн байна. Үүнийг яаж хамтарсан гэх юм. Н.Алтанхуягийн үед та нар ажил хийлгээгүй. Чуулганы ихэнх хугацаанд сандал суудлын хэрүүл хийсэн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Дарханы зам гэж там байна. Энэ зам хэзээ дуусах вэ. Мөн төмөр зам, авто замын асуудлаар Төмөрхүү сайдаас хариулт авмаар байна.

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү: -Энэ есөн сардаа багтаад Бичигт-Хөөтийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон. Гашуунсухайт-Таван толгойн төмөр замын ажил ирэх он гэхэд дуусна. Ирэх оноос энэ замаар нүүрсээ зөөгөөд эхэлнэ. Хөөтөөс-Нөмрөг хүртэл ТЭЗҮ-г боловсруулж байгаа. Нэн ялангуяа Завхан, Дорнод, Сүхбаатарын чиглэлийн замууд үргэлжлээд явна. Хятадын хөрөнгө оруулалтаар Баянхонгорын Байдраг чиглэлийн автозамыг барина.

УИХ-ын дарга З.Энхболд: -Н.Төмөрхүү сайд худлаа ярихгүй шүү. Гансүх байхдаа жилд дөрөв, таван аймгийг авто замаар холбоод байдаг. Гэтэл чи юу ч хийгээгүй. Хэрүүл хийгээд яваад байдаг. Дархан дээр 500 гаруй сая төгрөг хуваарилагдсан. Бид төсөв мөнгөндөө тааруулаад явж байгаа. Бичигтийн замыг ТЭЗҮ-г шинээр боловсруулаад явж байгаа. Энэ есдүгээр сар гэхэд эхлүүлэхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтворгүй байдал бий болно. Ерөнхий сайд аа, таны үг үг биш боллоо. Нэг гоё үг хэлээд ам руугаа алгадуулж байдаг. Таны шийдлийг шийдэл биш гэж үзэхэд хэцүү байна. Та хэзээ болтол морь унасан толгойгүй хүн шиг явах вэ. Баяраа өөрөө уначихсан юм гэгчээр та нар Таван толгойг унагасан, өөр бусад хуулиудаа унагасан. Өөрсдөө хальтирч уначихаад битгий ингэж ярьж бай.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Их хурал засгийн ажил руу давхиж ордог өвчин тусаад байна. Тавантолгой, зам, барилгын асуудал гээд. Ерөнхий сайдаа та, чуулганы өмнө Таван толгой, Оюу толгойг хөдөлгөнө. Ноён уулаа явуулна гээд үлгэр шиг юм ярьсан. Тэгтэл сүүлд нь хэзээ ч зургаан сайдаа өргөн барихгүй гэсэн юу болов. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлсэн үгэндээ хариуцлагатай ханддаг, хэлснээ хэрэгжүүлдэг байх ёстой. Хий шоу хийдгээ, хийрхдэгээ боль.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Засагт ажиллаж байгаа сайд нарыгаа хамтарч байгаа намынхаа эсрэг, засгийнхаа эсрэг турхирч байгаа намыг би анх удаа харлаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Манайхан шударгын туйл юм шиг ярих юм. АН-ын дарга МАН-ын зургаан сайдыг Засгаас гаргасан юм шиг гишүүд Их хурлын даргыг боорлох өнгө аяс харагдаж байна. Хамтраад явахад гадаад талд сайхан болж хөрөнгө оруулалтыг татна. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй гэж ярьсан тул хамтарсан. Хамтарсан үр дүн нь юу болов гэхээр сахил хүртсэн биш шал дордсон. Орж ирээд албан тушаалтнуудыг хоморголон халдаг байдал бүх аймагт бий болсон. Манай МАН-ынхан сонгуульд арай эрт орлоо. АН-ыг сонгохоо болиод МАН-ыг ялуулна гэсэн хүнтэй нэг ч таарсангүй. АН дангаараа болохоо байсан мэт ярих юм. МАН-ын дотоод нөхцөл үүн рүү түлхсэн шүү. Засгаас гарна гэж эхнээсээ айлгаж явсан. Тиймээс гэрээ эхнээсээ бүтэлгүйтсэн. С.Бямбацогт даргын хар машиныг муулж байгааг эсэргүүцэж байна. Хар машины буянаар мань мэт нь гишүүн боллоо. Бурууг бусдаас хайдгаа болих хэрэгтэй. Албан тушаалаа гоншгонолгүй өгөөд сөрөг хүчний байр сууринаас хандсан нь дээр. МАН энхийн цагаан тагтаа АН хар хэрээ гэдгээ болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Арвин: -Сайд нарыг огцруулж байна гээд нэг өдөр алдаж байна. Үүнийг сонсох сонирхол алга. 18 жил ард түмнээрээ тоглосон МАН боль. Ядуурал гэж хэлэхээсээ ич. Намын даргаа шоронд хийдэг нам биз дээ, МАН-ынхан. Даваасүрэн гишүүн “Арвин намайг намаас хөөчихлөө” гээд хэлж байсан. Ийм байж болохгүй. МАН-ынхан улсын төсвийн мөнгөөр сонгууль хийдэг. Нэг хэсэг нь зовж гардаг. Нэг хэсэг нь төсвийн мөнгөөр сонгууль хийдэг, УИХ-ын даргаа. Намайг хэвлэл мэдээллээр сайд болно гээд эд нар ярьж байна. Улс төрийн намуудын тухай хуулийг яаралтай гаргаад өгөөч гэж гуйсан. АН дуугүй ажлаа хий, МАН дуугүй гараад өг. Улсынхаа ажлыг хийе.

Ийнхүү гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийг танхимд ирэхийг урилаа. Чуулганы танхимд Засгийн газрын зургаан сайдыг огцруулах санал хураалт явуулахад Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг 48 гишүүний 46 нь буюу 95.8 хувь нь огцруулах нь зүйтэй гэж үзэв. Сангийн сайд Ж.Эрдэнэбат дээр санал хураахад 45 гишүүн оролцож Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор эсрэг санал дарсан бол 97.9 хувь нь огцруулах саналыг дэмжлээ. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг 97.9 хувь нь, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүг 100 хувь, Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг 95.6 хувь, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг 86.4 хувь нь Засгийн газрын гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн юм. Ингэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *