Categories
мэдээ нийгэм

МАН-ын хорооны удирдлагууд гишүүнээ зодон танхайрчээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд эмэгтэй гишүүнээ зодож танхайрсан асуудлаар МАН-ын гишүүн, 65 дугаар үүрийн дарга З.Хүрэлбаатар, С.Ариунтуяа нар мэдээлэл хийсэн юм. Тэдний зүгээс МАН-ын хорооны удирдлагууд сүүлийн жил гаруй хугацаанд гишүүдээ дотор нь талцуулж, хувааж, дүрмийн бус хурлыг олон хийх болсон хэмээн мэдээллээ. Ээлжит нэгэн дүрмийн бус хурлынх нь үеэр намын гишүүн эмэгтэйг удирдлагын нэг нь толгой руу нь цохиж гэмтээсэн хэмээн мэдээлж байна. Одоо тус эмэгтэйн биеийн байдал сайнгүй, гэртээ байгаа гэж мэдээлсэн юм.

Тиймээс тэд намынхаа дарга нарын дотооддоо хийж буй хууль бус үйлдлийг илчлэхээр ийнхүү хэвлэлийнхэнд хандаж байгаа аж. Тэд цаашид ч үнэн бодит байдлыг мэдээлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

С.Ариунтуяа:

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд сүүлийн жил гаруй хугацаанд дотоод дахь гишүүдээ хувааж талцуулдаг болсон. “Энэ бодлогыг дага, чиний бодлого буруу” гэх мэтчилэн намын нөхөд, гишүүдийг миний чиний гэсэн үзэл суртлаар талцуулах болсон. Энэ асуудлыг бид дэлгэж тавихаар эргээд хэвлэл мэдээллээр гүжирдэж байна. Олон нийтийн ажил зарлахдаа гишүүдээ ялгаварлаж, тодорхой албан тушаалтай хүмүүст л дуулгана гэх мэтчилэн хууль бус, дүрмийн бус хурал их хийдэг болсон.

2016 оны арванхоёрдугаар сарын 4-ний өглөө 10.00 цагийн үед манай журмын нөхдүүд утсаар ярьсан. “Дүүргийн намын хорооноос бүх үүрээс намын гишүүдийг авчирч дүрмийн бус хурал зарлаж байна. Энэ дээр ирж, юу болж байгааг тодруулъя” гэж дуудсан. Энэ дагуу би 11.00 цагийн үед очиход 62 дугаар үүрийн дарга н.Сайханцэцэгийг ИТХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын бодлого дагаагүй тул үүрийн даргаас чөлөөлнө гэж хуралдаж байсан. Ингээд манай намын журмын нөхдүүд ороод “Ямар хурал вэ, бидэнд яагаад хэлээгүй вэ” гэж асуухад Сүхбаатар дүүргийн удирдлага, дэд дарга, улс төрийн ажилтнууд тэр эмэгтэй рүү дайрч давшилсан. Дүрмээ барьж ажиллах шаардлага тавьсан эмэгтэйг “согтуу байна, тэнэг авгай” гэх мэтчилэнгээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга н.Мөнгөншагай хэлсэн. Гэтэл хажуу талаас нь улс төрийн ажилтан н.Олимпиад орж ирээд тэр эмэгтэйг зодсон. Гартаа барьж байсан аягаараа цохисон. Өнөөдөр энэ хүний биеийн байдал муу байна.

Тиймээс бид холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Намын удирдах албан тушаалтнуудад өргөх бичгээ явуулсан. Энэ бол анхны асуудал биш. Манай дүүргийн намын хороо сүүлийн жил гаруйн хугацаанд дандаа зөрчил, тэмцэлтэй, хавчин гадуурхсан байдал үргэлжилсэн. Өнгөрөгч ИТХ-ын сонгуульд бүх нэр дэвшигчийг ялгаварлан гадуурхсан. Бодлогын туслалцаа байгаагүй. Бид энэ бүгдийг намын удирдлагуудад мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн ч ямар нэг хариу ирээгүй.

Магадгүй эмэгтэй хүнийг цус нөжтэй нь холиод гаргаж байгаа хүмүүс маргааш, нөгөөдөр хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй.

Цохиулсан эмэгтэй удахгүй биеийн байдал, тухайн асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ гэдгээ мэдэгдсэн.

З.Хүрэлбаатар:

Монгол Ардын нам нь Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө бүгдийг хийж буй ууган хүчин. Бид намынхаа төлөө ажиллаж, өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд намын гишүүний итгэл үнэмшлээр далайцтай ажиллаж, олонхи болсон. Манай Сүхбаатар дүүргийн хувьд тодорхой ялалт авч чадаагүй.

Өнөөдөр бидний ярих гол асуудал нь Сүхбаатар дүүргийн намын хороонд болсон явдлыг үнэнээр нь мэдээлэх юм.

Өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар дүүргийн намын хороо олонхи болж чадаагүй шалтгааныг би бодлогын алдаа гэж харж байгаа юм. Алаагүй баавгайн арьсыг хувааж авна гэдэг шиг намын хорооны удирдлагууд УИХ, орон нутгийн сонгуульд ялчихаад тэр эмоцоороо өөрсдийнх нь үгэнд ордоггүй, нам доторхи хэсэг хүмүүсийг элдвээр цоллож, орон нутгийн сонгуульд “унагах” тактик хэрэглэж, бодлогын том алдаа гаргаснаас ялагдсан гэж харж байгаа.

Өнгөрөгч амралтын өдөр нэр бүхий хүнийг дүүргийн намын хороон дээр дуудаж хурал хийсэн байгаа юм. Улмаар тэднийг ялагдсан тул хариуцлага хүлээнэ гэсэн. Энэ нь анхан шатны үүрүүдийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцож байгаа хэрэг.

Хоёрдугаарт, ялсан үүрийн дарга нарыг ч мөн дуудаж хурал хийсэн. Миний зүгээс “Та нар яагаад хурлаа дур мэдэн зарлаж байгаа юм бэ” гэхэд “Хүрлээ даргаа танай үүрийг зарлаагүй. Өөр үүрийг зарласан” гэж байгаа юм. Тэгэхээр нь “Яагаад ялсан 64 дүгээр үүр хурал зарладаг билээ. Энэ үүр ялсан шүү дээ” гэхэд “Энэ бол үүрийн гишүүдийн асуудал” гэж байсан. Гэтэл тэр хооронд 61, 62 дугаар үүр хуралдаад дүүргийн намын хорооныхон нэг гишүүнийг нь зодсон байгаа юм. Иймэрхүү улаан цагаандаа гарсан зүйл их байна. Тиймээс бид цаашид дуу хоолойгоо үргэлжлүүлэн хүргэсээр байх болно гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *