-Тэрбээр АН дотроо фракц, бүлэглэлд хуваагдан сөргөлдөж байгаа нь улс үндэсний нийтлэг эрх ашигт хохирол учруулах хэмжээнд хүрснийг тодотгосон байна-
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж байна. Бага хурлаар ямар асуудал хэлэлцэх асуудлаа тус намынхан ихэд нууцалж байгаа бололтой. Нам дотроос нь авсан мэдээгээр ирэх сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх вэ, мөн МАХН-тай эсэхийг хөндөж магадгүй байна. МАН-ын Бага хурал 310 гишүүнтэй. Уг Бага хуралд намын дарга М.Энхболд илтгэл тавьсан байна.
Тэрбээр илтгэлдээ олон мянган иргэн дундаж давхаргаас ядуу эмзэг бүлэг рүү шилжиж, улс орны хувь заяа эгзэгтэй агшинд тулж ирлээ. Тооцоо судалгаагүй зарцуулсан их мөнгө, өр зээл улс орны эдийн засгийг тэтгэх бус, хямралт байдалд орууллаа. Монгол өрийн хямрал нүүрлэсэн улс боллоо гэдгийг онцлоод “МАН засгийн эрх барихад эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилж, АН засаг барьсан үед эдийн засаг уруудан, ард иргэдийн амьдрал доройтдог боллоо. АН дотроо фракц, бүлэглэлд хуваагдан сөргөлдөж байгаа нь улс үндэсний нийтлэг эрх ашигт хохирол учруулах хэмжээнд хүрлээ. Ардчилсан нам засгийн эрх барьсан жилүүдэд авлига, хээл хахууль гаарч, нийгэм, ард иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна” хэмээн эрх баригчдыг шүүмжилжээ.
“Максима Консалтинг”-ийн судалгааны дүнгээр МАН-ын рейтинг 2014 онд 22,3 хувь байсан бол энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 34.2 хувь болж өссөний дотор аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай байна. “Энэ хугацаанд АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь болж буурсан”-ыг МАН-ын дарга илтгэлдээ дурдсан байна.
Мөн сүүлийн өдрүүдэд МАН, МАХН нэгдэх тухай мэдээллийг Ардын намын дарга үгүйсгээгүй бөгөөд Бага хурлынхандаа “МАХН-ын удирдлагуудтай санал бодлоо хуваалцах, эхний уулзалтуудыг хийж байна. Дунд, доод шатны түвшинд хоёр намын гишүүд хамтран ажиллах талаар санаачлагатай байх нь зүйтэй. Хамтарч ажиллахад хүрвэл намуудын удирдлагууд асуудалд хувийн болон намын явцуу сонирхлын үүднээс биш, нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэх үүднээс хандаж шийдвэрлэнэ” гэж хэлжээ.