Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөлт хийгээгүй компаниуд, улстөрчдийн нэрс ил боллоо. Хууль хяналтынхан эхнээсээ шалгаж барьж хориод эхэлсэн шуугиан сүүлийн өдрүүдийн онцлох мэдээлэл байна. Зээлдэгчид нь эрх баригч МАН-ын гишүүд л дээ. Гэтэл МАН-ын хяналтын хороо хуралдаж Ж.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир нарыг намаас хөөжээ. Мөн хэдэн хүнийг Бага хурлын гишүүнээс хассан. Тэгээд болоогүй зээл аваад төлөөгүй одоогийн найман гишүүнээрээ гэмшлийн захиа бичүүлсэн болоод асуудлыг шийдсэн болж хэл ам дарах төлөвтэй харагдаж байна. Хөөсөн гээд байгаа хэд бол МАН-д бүү хэл маньд хэрэг болохоосоо өнгөрсөн хүмүүс гэж нийтээрээ шоолон ярьж байна. Үнэхээр ч гэмт хэрэгт орооцолдож ял авсан, улс төрийн карьераа аль хэдийнэ дуусгасан хүмүүсээ намаасаа хөөсөн болж жүжиглэлээ. Үнэндээ бол УИХ-ын гурван гишүүний 33 тэрбум төгрөг, банкнууд, гишүүдийн хамаарал бүхий компаниудын талаар л дурдаж, тэдэнд хариуцлага тооцох байх гэж харж байтал огт эсрэгээрээ жүжиг тоглов.
Хөгжлийн банкны энэ шуугиан даргынх нь мэдэгдлээр гэнэт л дэлбэрээд гараад ирсэн. Засгийн шууд мэдэлд байдаг банкны захирал дур зоргоороо аашилж, бодит байдлыг дэлгэж чадахгүй, мэдээж зорилготой мэдээлсэн.Араас нь МАН-ын УИХ дахь 60 гаруй гишүүн бүгд л сөрөг хүчин мэт оволзлоо. Бүгд л шүүмжилж, хариуцлага нэхэж байгаа харагдана.
Яагаад эд нар ингэж их идэвхтэй шүүмжлээд байна гэдэг нь ч учиртай агаад инээдтэй. Учир нь Хөгжлийн банкны хэрэг тэртэй тэргүй тун удахгүй илрэх байсан юм. 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдрийн байдлаар 4 их наядын активтай байсан тус банкны зээлийн өрийн үлдэгдэл цэвэр дүнгээр 2.1 их наяд төгрөг болжээ. Асар их хэмжээний мөнгө зээлчихээд эргэн төлөлт нь таг болчихсон. Тэгэхээр Хөгжлийн банк 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлтөө ирэх жил яагаад ч хийж чадахгүй. Мэдээж энэ мэдээлэл нийтэд ил болно. Гэнэт л Хөгжлийн банкаа юу ч үгүй цөлмөсөн гээд мэдээлэл задраад ирвэл МАН-д сонгуулийн өмнөх маш том цохилт болох нь ойлгомжтой юм.
Тиймээс тэгж илчлэгдэхээс өрсөж Хөгжлийн банкнаас чанаргүй зээл авсан гишүүддээ МАН хариуцлага тооцсон дүр эсгэж жүжиглэж эхэллээ. Энэ жүжиг энгийн масст таалагдахаар уран гэж жигтэйхэн. Үүний цаана эрх баригчид өөрсдөдөө тун ашигтай шийдвэр гаргажээ. Сайд, даргад горилсон илүү санаатнуудаа нам дарж авав. Миеэгийн төлөөлөл гэх мэт өөрсдийнхөө эсрэг фракцийнхныг номхруулав. Шадар сайд болно гэж цамнасан С.Бямбацогтыгоо бас дуугүй болгож дөнгөлөө. Эрх баригчид ийм давхар давхар ашигтай жүжиг амжилттай дэглээд эхэлж явна. Тэд Си даргын Хөгжлийн галт тэргэнд суухын тулд л ийм тоглолт хийгээд байна уу даа. Энэ намын удирдлагууд Си даргын хэлдэг үгийг байнга давтаж жүжиглээд байх боллоо. Анзаараарай та нар, алтан хөршүүд, хөгжлийн галт тэргэнд суух тухай тэд үргэлж ярьж байгаа.
Эрх баригчид илрэх гэж байсан хэргээ ийн өөрсдөө өрсөн задалж гал хамгаалагч хийлээ. Тун ашигтай тоглолт. Жүжгийн оргил хэсэг нь АН угшилтай хэдэн хүнийг буруутгаж шоронд суулгах байх. Ингээд зогсох бодолтой байвал дажгүй эхэлсэн жүжгийн төгсгөл нь тун эмгэнэлтэйгээр дуусах болно гэдгийг хэлье. Зүй нь нэгэнт эхэлсэн л юм чинь АН, МАН-ын гишүүн гэлтгүй хариуцлага тооцох ёстой. Нийгэмд шударга ёс гэдгийг бодитоор тогтоох үүргээ эрх баригчид биелүүлэх хэрэгтэй байна. Си дарга авлигачидтай хатуу тэмцээд эхэлсэн. МАН-ын даргын хэлсэн үг ч бий, авлигачидтай тэмцэх нь намтайгаа тэмцэнэ гэсэн үг гэж. Энэ үгэндээ хүрвэл Монгол Улсад тун их ашигтай. Намын нэр хүнд ч эрс өснө. Ийм шийдлийг л Монголын ард түмэн хүсэн хүлээж байна. Шударга ёс гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй болсон өнөө үед эрх баригчид Хөгжлийн банкны хэргийг үнэн мөнөөр нь шалгаж, дахиж ийм хуйвалдаан хулгай гарахгүй болтол шийдэх хэрэгтэй байна. Төлөх ёстойг нь шударгаар төлүүл. Шийтгэх ёстойг нь шийтгэ. Хийж байгааг нь урамшуул. Ард түмэн ажиглан харж байна.