Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь тариан талбайгаас 12 боодол ногоон тэжээл хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарчээ.
Өвс хулгайлсан хоёр этгээдийг бүлэглэж, бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж Анхан шатны шүүхээс дүгнэсэн байна.
Улмаар тус бүрд нь нэг жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгон шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч нар бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.