Categories
мэдээ цаг-үе

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.ӨЛЗИЙБОЛД: Монгол орны хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийг даатгалын тогтолцоогоор хамгаалах суурь тавигдсан

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.Өлзийболдтой ярилцлаа

Малын индексжүүлсэн даатгал төслийн хэрэгжилт ямар үе шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр МИД төслийг хэрэгжүүлж эхлээд 10 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд мал аж ахуйн салбар, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэлийг даатгалаар хамгаалах тогтолцоог тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж үндэсний хэмжээнд бүх аймаг сумдад Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн. Энэхүү ажлыг зохион байгуулахад олон чиглэлийн ажлууд хийгдэж төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид, малчид, ард иргэд гэх зэргээр олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаан хичээл зүтгэл шингэж бодитой ажил хэрэг болж ирлээ. Өнгөрсөн хугацааны үр дүнг тоймлон хэлвэл бид давхардсан тоогоор 83 мянга 500 орчим малчин өрхийг даатгалд хамруулж 15 мянга 619 малчин өрхөд 3.2 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгосон байгаа. Төслийн хэрэгжилтийн хүрээнд орон нутаг аймаг сумдад урт хугацааны болон түр ажлын байр 8500 гаруйг бий болгожээ. Төсөлд оролцогч арилжааны даатгалын компаниудын Малын индексжүүлсэн даатгалаас олсон ашиг 1.4 тэрбум төгрөг байна. Малын хорогдлыг нөхөн барагдуулах зориулалт бүхий хамтын эрсдэлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө, олон улсын давхар даатгалд тархаасан эрсдэлийг хариуцах хэмжээ зэргээс харахад МИД-ын зээлийн бус хөрөнгөөр эрсдэл даах чадвар 5.6 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ хэмжээгээр зуд байгалийн гамшиг тохиолдсон үед төрийн үүрэг ачаа хөнгөлөгдөж байгаа гэсэн үг юм. Олон улсад нэр хүнд бүхий давхар даатгалын компаниуд МИД-ыг сонирхож 5 дахь жилдээ давхар даатгаж, бид зуд байгалийн гамшигаас үүдэлтэй их хэмжээний мал хорогдох үед хохирлыг бүрэн барагдуулах чадавх улам нэмэгдээд байна. Төслийн хэрэгжилтийн явцад анх дэвшүүлсэн зорилтоо үндсэнд нь хангаж цаашид төслийн эрхлэн явуулж байсан үйл ажиллагааг уламжлан хэрэгжүүлэх хувийн хэвшил, төрийн байгууллага тус бүрт үүрэг чиглэлийнх нь дагуу үйл ажиллагааг шилжүүлэх шилжилтийн үйл явц явагдаж байна. Төслийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд миний бие хэрэгжилтийг нь “оргил шатанд”-аа явж байна гэж хэлмээр байна даа.

Аймгуудад төслийн зарим үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор төсөл дуусч байна гэсэн ойлголт төрж байгаа бололтой?

-МИД төсөл нь 21 аймаг тус бүрт төслийн салбар нэгжийг ажиллуулж байсан. 2014 оны намраас аймгуудад Төсөл хэрэгжүүлэх нэгжийн салбар ажиллах шаардлагагүй гэсэн шийдвэрийг Төслийн удирдах хороо гаргаснаар аймгийн төвд төслийн салбар нэгж ажиллахгүй болсон. Гэхдээ төслийн салбар нэгж ажиллахгүй болсноор тухайн аймагт мал даатгахаа больчихож байгаа хэрэг огтхон ч биш юм. Төсөлд оролцогч даатгалын компанийн аймгийн салбарууд бие дааж даатгалын сурталчилгаа хийж борлуулалтаа явуулах болно. Төрийн байгууллагын зүгээс тавих хяналтыг аймгийн ХАА-н газар, сумдын засаг даргын орлогч, МЭҮТ-ын мэргэжилтэн зэрэг хүмүүс өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу гүйцэтгээд явна. Хамтын эрсдэлийн сангийн удирдлага хяналтыг Засгийн газраас байгуулсан ХАА-ын давхар даатгал ХК хариуцан ажиллана, Санхүүгийн зохицуулах хороо хяналтын чиг үүрэгтэй оролцоно гэх мэтээр төслийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан үйл ажиллагаанууд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу бүх чиг үүргийнхээ хүрээнд хариуцаж ажиллах субъектүүддээ шилжиж байгаа юм. Ийнхүү шат дараатай явагдаж байгаа шилжилтийн процессын талаар ойлголт дутуу байгаа мэр сэр хүмүүс төсөл дууссан, малын индексжүүлсэн даатгал гэж цаашид хийгдэхгүй мэтээр ойлгож байгаа нь ташаа ойлголт юм.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдол?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг батлан гаргасан нь олон талын ач холбогдолтой. Юун түрүүнд мал сүрэг төрийн хамгаалалтанд байх талаар хуульчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалт хангагдсан. Улмаар малчин малаа сайн дурын үндсэн дээр даатгуулах, малын төрлөө өөрөө сонгох, малын хорогдлыг сумын хэмжээний индекст суурилан тогтоох зэрэг малын индексжүүлсэн даатгалын суурь зарчмуудыг хуульчилсан. Хамгийн гол ач холбогдол нь Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо цаашид үргэлжлэн тогтвортой оршин тогтнох баталгааг хангаж өгсөн явдал юм. Ингэснээр дан ганц мал аж ахуйн салбарыг индексжүүлсэн даатгалын тогтолцоогоор хамгаалаад зогсохгүй МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭРСДЭЛИЙГ ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГООР ХАМГААЛАХ СУУРЬ тавигдаж байгаагаараа ч ач холбогдолтой.

Хуулийн ямар заалтуудыг малчид анхааран үзэх шаардлагатай вэ?

-Хууль бол малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулна. Иймээс дан ганц малчид гэлтгүй даатгалын компани, тэдгээрийн төлөөлөгч нар, төрийн холбогдох байгууллага албан тушаалтнууд гээд МИД-тай холбоотой бүхий л хүмүүст хамааралтай. Эдгээрээс мэдээж гол оролцогч, хуулийн хэрэглэгч нь малчид юм. Малчдад шууд хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий л дээ. Тухайлбал, малчид сайн дурын үндсэн дээр малаа даатгана, сумын түвшиний хорогдлоор малын хорогдлыг тооцно, нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилна, өвөл хаврын улиралд гарсан зүй бус хорогдлыг тооцно, даатгуулах малынхаа үнэлгээг малчин өөрөө сонгож, хураамжаа тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээнэ гэх мэт малчдад хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий. Хамгийн чухал нь хуульд заасан эрсдэлийн бага түвшин буюу сумын хэмжээнд тухайн төрөл малын хорогдол 5-6% хүрээгүй тохиолдолд тэр түвшний эрсдэлийг даатгуулагч малчин өөрөө хариуцах хуулийн зохицуулалт байгаа.

Малын даатгалын тухай хуулийг бүрэн эхээр нь малчдад хүргэх боломжтой юу?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №26 /839/-д албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс Төрийн мэдээлэл эмхэтгэлийн дээрх дугаараас төслийн гол оролцогч талууд болох яамдууд, ҮСХ, аймаг сумдын ЗД, түүний тамгын газарт гэх мэт төрийн байгууллагуудад албан ёсоор хүргүүлж хууль сурталчлах ажлыг хийсэн. Шаардлагатай гэж үзвэл хуулийг бүрэн эхээр нь хэвлэж малчдад хүргэх бүрэн боломж бий. Дашрамд дурьдахад олон нийтэд тэр дундаа малчдад хууль сурталчлах зорилгоор УИХ-ын БОХХААБХороотой хамтран хуулийн зарим заалт, үзэл санааг эмхэтгэн хялбаршуулсан агуулга бүхий сурталчилгааны хуудсыг гаргаж үндэсний хэмжээнд малчин өрхийн тоогоор 140 гаруй мянган хувийг тараасан.

Монгол Улсад Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулагдаж байна. Энэ компанийн үйл ажиллагаатай Малын индексжүүлсэн даатгал хэрхэн уялдаж явах вэ?

-Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхлэхдээ Монгол орны мал аж ахуйн салбарын эрсдэлийг хамгаалах даатгалын шинэ тогтолцоог бий болгон суурьшуулах, улмаар энэхүү тогтолцоог цаашид тогтвортой оршин тогтнох эрх зүйн орчныг бүрдүүлэн баталгаажуулж хуульчлахыг гол зорилгоо болгон ажилласан. Багагүй хугацаанд олон талт ажлыг шат дараалан зохион байгуулж чамлахааргүй үр дүнд хүрч МИД төслийн үндсэн зорилт хангагдан Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Хуульд тусгагдсанаар Малын индексжүүлсэн даатгал төслийн хүрээнд арилжааны даатгалын компаниудтай хамтран хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг цаашид Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хариуцан хэрэгжүүлнэ. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй, даатгал, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Энэхүү зорилгодоо хүрэх, давхар даатгалын компанийн үйл ажиллагаа цаашид өргөжин тэлж цар хүрээгээ нэмэгдүүлэх зэрэг бүхий л асуудал нь Малын индексжүүлсэн даатгалтай маш нягт уялдаж явна.

Энэ онд малын даатгал хэдэн сараас эхлэн мал сүргийг даатгалд хамруулж эхлэх вэ?

-2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд орон даяар бүх аймаг сумдад малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах ажил зохион байгуулагдана. Малчид маань энэ хугацаанд амжиж малаа даатгуулан ирэх өвөл хаварт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд энэ жил өөрчлөлтүүд орсон уу?

Одоогоор малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд өөрчлөлт орохоор хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Өнгөрсөн 2014 оныхтой адилхан нөхцлөөр малаа даатгуулна. Зах зээлийн үнэ ханшнаас шалтгаалаад малын үнэлгээнд өөрчлөлт орох гэх мэт бага сага зүйлс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Энэ нь жил бүр тогтмол хийгдэж байдаг өөрчлөлт юм.

Даатгуулагч малчиддаа хандаж юуг онцлон хэлмээр байна?

-Малын индексжүүлсэн даатгалын бас нэг онцлог бол “Төрийн ивээл-Малчны итгэл-Даатгагчдын зүтгэл” гэсэн нэгдэл дээр оршин тогтнодог. Нэг ёсондоо “төр-хувийн хэвшил-иргэн”-ий түншлэлийг төгс хангадаг ч гэж хэлж болох юм. Төр маань үүргээ биелүүлээд ямарч хэмжээний эрсдэл тохиолдсон хорогдол хохирлыг чинь бүрэн даахад бэлэн хүлээж байна, Даатгалын компаниуд маань ч үүргээ ухамсарлан элч төлөөлөгч нарыгаа илгээн малыг чинь даатгахад бэлэн байна. Одоо малчин таны сонголт л үлдлээ. Та даатгуулах малын төрлөө, үнэлгээгээ, даатгуулах компаниа зэрэг өөрт байгаа сонголтуудаа хийгээд малаа даатгуулах үүргээ биелүүлэх л үлдэж байна. Малынхаа буянаар орж ирж буй орлогоосоо багахаан хэмжээний мөнгийг буянт малаа эрсдэлээс хамгаалах даатгалын үйлсэд зарцуулаад малаа даатгуулж хэвшихийг л малчин түмнээсээ хүсэж, уриалж байна.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *