Categories
мэдээ улс-төр

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Салбарын сайд танилцуулгадаа Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 1.3.78.4-д заасны дагуу тус яамнаас одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг салгаж, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусган Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэж дурдлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн судалгааны тайланд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн 40,0 орчим хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй, үржлийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоо алдагдсан, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх чадавхи хангалтгүй байгаа талаар дүгнэжээ. Баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн мал жилээс жилд цөөрч, улмаар зарим үүлдэр, үржлийн хэсгийн мал устах аюулд хүрчээ.

1926 оноос хойших хугацаанд Монголын нийт мал сүргийн 22,0 орчим хувийг бод мал эзэлдэг байсан бол 2004 оноос хойш огцом буурсаар 2015 онд 13,0 хувьд хүрсэн байна. Үүнтэй уялдаад дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй бодын мах, түүний дайвар бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нөөц төдий хэмжээгээр багасч, мах, сүүний импорт өсч, гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгасаар байна. Гаалийн мэдээгээр 2015 онд 45,3 сая долларын, 2016 онд 53,3 сая ам. долларын үнэ бүхий мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Дээрх нөхцөл байдал нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зарим харилцааны эрх зүйн орчинг тодорхой болгон хуульчлах, шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц юм. Иймд малын генетик нөөцийн талаар баримтлаж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улсын олон улсын гэрээ конвенци, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн малын удмын санг хамгаалахтай холбоотой зохицуулж байсан харилцааны хамрах хүрээг өргөтгөж нэрийг нь өөрчлөн тодорхойлж бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан ажээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох ажээ.

Уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Ц.Гарамжав нар асуулт асууж, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийн үг хэллэг ойлгомжгүй, найруулга муутай, гадаад нэршил их орсон гэдгийг анхааруулахын зэрэгцээ монгол малын цөм сүргийн өнөөгийн байдал, шинээр ямар үүлдэр угсаатай малыг гарган авч байгаа болон шинжлэх ухааны байгууллагын оролцоог хэр тусгаж байгаа талаар тодруулж байсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Монгол Улын шилмэл үүлдэр, цөм сүргийн талаар судлагаа хийсэн. Судлагааны эцсийн дүн гараагүй байна. Өнөөгийн байдлаар цөм сүргийн тоо толгой буурсан, улсын гэдэг утгаараа жирийн малчны малаас дор шахуу арчилгаа маллагаатай байгаа. Цөм сүргийн тоо толгойд холио сэлгээ хийсэн явдал байгаа. Яамны зүгээс Малын удмын сангийн үндэсний төвийн байр мөдхөн ашиглалтад орохоор техник технологийг нь суурилуулаад тэнд монгол малын удам угшил, үржлийн асуудлыг зангидан нэгдсэн бодлогоор хангаж ажиллахаар зэхээд байна.

Мөн хуульд монгол малыг уугуул хэлбэрээр хадгалах, гадаадаас тодорхой үүлдэр угсааны малыг оруулж ирэн, тодорхой газар байршуулан өсгөж нутагшуулах, судлах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллах тогтолцоог тодорхой болгохоор зорьж ажиллаж байна гэж хариуллаа.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *