Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ

Монгол нутагт энх улирал айлчлан ирж, малчны хо­тонд нялх төлийн дуу цанги­наж эхэллээ. Энэ үе бол мал­­чин монгол түмний нойр, хоолоо ч умартан зүт­гэ­­дэг ха­риуцлагатай цаг. Мал малчдад очихоос өмнөх түрүү нийгмийн үед төв суурингийнхан ч мал төллүүлэх кампанит ажилд дайчлагдан мачийдаг байв. Төлөө хорогдуулсан малчин баалуулж, төлөө бүрэн бой­жуул­сан сайчуул нь мандан бадардаг байсан. Мал аж ахуйн орон гэдэг утгаараа мал төллүүлэх их үйлст бүхий л хүч хөдөлмөрөө дайчилдаг байсан ч манай улсын мал сүрэг өнөөгийнх шиг өссөн удаа үгүй. Наяад онд тав зургаахан настай байхдаа сумын эмнэлгийн бага эмч буурал аав, сургуулийн галч буурай ээж хоёрынхоо хамт сумаас жар далаад км хол Таван толгой гэдэг газарт хоёр сар гаруй мал төллүүлэлцэж байсан минь санаанд тодхон байна. Баянхонгор аймгийн Заг сумын малчин Цогзол хэмээх аймгийн сайн төлчний хоёр зуу гаруй хонийг тусдаа тасдан авч, ганц гэрээр төвхнөсхийж, хаваржингаа л хурга, ишигтэй хөөцөлдөж, шар бууц бужигнуулсан юм даг.

Шөнө хонь ямаа майлангуут л хөөрхий хоёр хөгшин минь гар чийдэнгээ барин гарч нойтон төл оруулж ирнэ. Бүхлээрээ хувцастайгаа нүдний хор гаргаж, яндан хонгинуулж, өрх дар дархийлгэсэн хүйтэн цасан шуургатай шөнөөр ч таван арван хормын зайтай хотоо эргэнэ гэдэг настай улсад хэцүү л байсан байж таараа. Өдрийн цагаар царай нь харлачихаад л ээлжлээд хонио дагангаа, хурганы уут үүрч, хажуугаар нь харгана шаваг түүж ирж хоногийн түлш залгуулна. Нэг удаа буурай аав минь үдийн будаатай цайгаа уучихаад налайж байсан хонин дээрээ очтол дөнгөж төрсөн хургыг нь элээ шүүрээд явчихсанд харамсан “Бор нүдэн зусгийн хургыг шувуу шүүрчихлээ, ингээд яланд унадаг байж” гэж бэргэж байсныг санадаг юм. Нээрээ ч төл их хорогдуулбал “ачигдах” амархан байсан хэцүү цаг байжээ. Тэр үеийн малчин өрх бүрт “Төлжилтийн” ч бил үү сүртэй нэртэй хүснэгт бүхий дэвтэр ч байдаг байсан. Бодвол төл бүрийг дансалдаг тоо бүртгэл маягийн юм байсан юм уу даа. Бас сайн төлчний хойморт “Энх төлчин” гэсэн цацагтай улаан дарцаг байдаг сан.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал манайд сайнаар нөлөөлж, малчид аж төрлөө боломжийн хэрээр өөдрөг өнгөлөг авч яваагийнх ч юм уу манай улсын мал сүрэг жил ирэх тусам өсөж үржиж байна. Одоо Монголын хаана ч очсон мал ид төллөөд эхэлчихсэн байгаа. Хурга, ишиг хотонд шуугилдан майлалдаж, борвио тэнийлгэх ботго, унагад чүүчигнэн хөл дээрээ тэнцэж, цасны сэжүүр дээр унасан сарлагийн тугал эхсээ хатуут сүүлээ модойлгон эхийнхээ дэлэнг нудчин байгаа. Өнгөрөгч морь жилд малчид маань арван долоон сая төл бүрэн бойжуулж, мал сүргээ жар гаруй саяд хүргэсэн. ХХААЯ-наас гаргасан мал төллөлтийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж, 546.3 мянган төл хүлээн аваад байна. Одоогоор 1369 ботго, 1821 унага, 12.2 мянган тугал, 245.7 мянган хурга, 285.3 мянган ишиг бойжиж байна. Төл бойжилт 98.8 хувьтай байгаа аж. Ховд аймгийн төллөх эх малын 22.5 хувь төллөн бусад аймгуудаа тэргүүлж байна. Нэг ёсондоо төллөх таван мал тутмынхаа нэгийг эсэн мэнд төллүүлээд авчээ, Ховдынхон. Тус аймагт харьцангуй эрт урь унаж дулаардаг учраас орон нутгийн цаг агаарын онцлогтоо тааруулан малынхаа хээлтүүлэг нийлүүлгийг эрт хийдэг нь мал төллөлтийн хугацааг наашлуулдаг гэнэ. Бусад аймгуудын мал төллөлт ч шуудраад малчид маань нойр хоолоо умартан зүтгэж буй нь ойлгомжтой. Мал төллөлтийн бүрэн тайлан улсын наадмын өмнөхөн тодорхой болдог гэж мал аж ахуйн мэргэжилтэн хэлж байна. Өнгөрөгч жилүүдэд мал сүрэг өссөн болохоор энэ 2015 онд 19-20 сая төл хүлээж авах урьдчилсан судалгаатай байгаа юм байна.

Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *