УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоос өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг авч хэлэлцэж буй юм. Харин үдээс хойш УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын асуулгын хариуг сонсоно гэдгийг хуралдааныг даргалагч хэллээ.
Одоо Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох.
Малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн малчдын шимтгэл төлсөн жилийг нэмэгдүүлэн тооцож, эрт тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм.