Categories
мэдээ нийгэм

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2015 оны 104 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэрэгжилтийг хангах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглэсэн гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 36 зүйлтэй ажээ. Хуулийн төслийн зорилгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж тодорхойлжээ.

Тус хуулийн төслийг мал эмнэлгийн салбарын эрдэмтэд, томилогдсон ажлын хэсэг боловсруулж салбарын эрдэмтэд, холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулан дөрвөн удаа хэлэлцүүлж, яамны цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авч тусгасан байна.

Энэхүү хуулийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Түүнчлэн мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн босоо удирдлагын тогтолцоог бий болгон, захиргааны, мэргэжлийн, санхүүгийн удирдлагын уялдаа холбоог сайжруулах замаар мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавхи сайжрах болно. Мөн мал, сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянан баталгаажуулж, эрүүл тайван байдлаа хадгалах, хөрш зэргэлдээ орнуудаас тавьсан түр хоригийг цуцлуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чөлөөт худалдаа хийх нөхцөл бүрдэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулгадаа онцолсон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тэрибшдагва, Л.Элдэв-Очир, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Ц.Гарамжав, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн олонхи нь мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг амьтан багтаж байгаа эсэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины чанар хүртээмжийн асуудал хэр хүрэлцээтэй байгаа, малын туулга угаалгын зардлыг хуульд хэрхэн тусгасан талаар илүүтэй сонирхож байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Энэхүү хуулийн төсөлд мал, амьтан гэдэгт гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын эрүүл мэндийг асуудлыг багтааж, асуудлыг өргөн хүрээнд хамруулсан. Мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн босоо удирдлагын тогтолцоог бий болгож сум, багт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсанаар мал эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг сайжруулна гэж үзэж байгаа. Вакцины асуудал хүндрэлтэй байгаа. Бид олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн давхар давхар хяналт дор вакциныг шинжлүүлсэн. Харин хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдсэн зайлшгүй нөхцөл байдлыг үед төсвөөс хөрөнгө гаргаж ажиллахаар тусгагдсан. Тиймээс бусад үед малчид малдаа угаалга, туулга хийхэд өөрсдөөсөө хөрөнгө гаргахаар хуульд тусгагдсан гэж хариулж байлаа.

Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *