Categories
мэдээ нийгэм

​Майдар эргэх ёслол боллоо

Зүүн Хүрээ Дашчойлон хийдээс Майдар эргэх их ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна.

Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.

Энэхүү шашны зан үйл нь Майдар бурхныг урин залж цөвүүн цагийн зовлон бүгдийг амирлуулан сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх тухайд Майдар бурхныг 4 зүг 8 зовхист нар зөв урин дуудан мөн Жамбын чого хурал хурдаг болой.

Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг юм байна.

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тамгийн лам Ц.Алтанхүү ярихдаа “Манай Зүүн Хүрээ Дашчойлон хийдэд жил бүр Майдар эргэх ёслол болдог. Бурхан багшийн дараа замбуу тивд заларч ирэх, энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болсон Майдар бурхан юм. Бид өглөө 08:00 цагаас номоо хураад, Майдар бурхнаа залан тойрч байна. Энэ үйл нь хуучин хүрээнд байсан уламжлал. Жил бүр зуны эхний сарын шинийн гуравны өдөр зүүн хүрээний 30 аймгийн лам хуврагууд өөрсдийн Майдар бурхнаа аваад тойрдог. Буян хураадаг. Ирээдүй цагийн бурхан Майдар бурхантай уулзах ерөөл тавьдаг юм. Бурхны шашинтай бүх оронд өөр өөр цагт энэхүү ёслол маань болдог. Манайд жилд нэг удаа болдог гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *