Categories
мэдээ нийгэм

“Мафиуд”-ын хөлд Монголын ард түмэн сүйрлээ

Монголын төрд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, олигархууд хэдийнэ гардгаа гараад хийдгээ хийгээд ёстой нэг самарч байна. Хэрэгтэй шийдвэр гаргуулахгүй, тэгсэн хэрнээ нэгдсэн шийдэлд хүрэхгүй, улс эх орныг өдөр ирэх тусам хүнд байдалд оруулж аливааг улстөржүүлэхгүйгээр, өөрсдийн амин хувийн эрх ашигт нийцүүлэхгүйгээр чигч шударгаар тасхийтэл шийдэж байгаа юм ганц ч алга гэдэг нь улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа гээд бүхий л салбарт харагдана. Үе үеийн Засгийн газар, УИХ-аас иргэд “С.Зоригийн хэргийг хэзээ илрүүлэх вэ” гэдэг асуултыг ёс юм шиг тавьсаар ирсэн. Тэгтэл нэг бүлэглэл нь олон жил хүлээлт үүсгээд байсан уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүллээ хэмээн орон даяар дуулиан шуугиантайгаар мэдэгдэж, ээдрээт хэргийн сэжүүр тайлагдаж байна хэмээн зарласан. Тэгтэл нөгөө бүлэглэл нь “С.Зоригийн хэрэг илрээгүй. Жинхэнэ эзэд нь ард нь үлдээд байна. Энэ бол жүжиг” гэж няцаасан. Үүнд ард түмэн эргэлзэж чухам хэн нь үнэн хэлээд байгааг мэдэхгүй байгаа.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюу толгойн гэрээтэй холбогдуулан 461 дүгээр хорих ангид нэг сарын хугацаатай саатуулсан. Тэднийг цагдан хорих хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусахад үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдээд батлан даалтад гаргахаар болсон. Тэгтэл шүүхийн шийдвэрийг прокурорууд эсэргүүцэж дахин нэг сар хорихоор болсон нь олон хүний гайхширлыг төрүүлсэн. Нэг бүлэглэл нь суллалаа гэж мэдэгдэнгүүт араас нь нөгөө бүлэглэл нь “Дахин нэг сар саатуулна” гэж мэдэгдсэнийг ард түмэн тэр өдөр бүхий л мэдээллийн хэрэгслээр харсан, уншсан, сонссон.

Бүлэглэлүүдийн эсэргүүцэл үүгээр дуусдаггүй. Нэг бүлэглэл нь төмөр замаа барьж, эдийн засгаа хөдөлгөе гэхээр нөгөө бүлэглэл нь эрс эсэргүүцээд “Төмөр замаар дамжиж биднийг эзлэх гэж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл” гэж олон нийтийн санаа бодлыг үймүүлдэг. Бүлэглэлүүдийн хамгийн их санал зөрөлддөг хэрнээ хамгийн найртайгаар хувааж “иддэг” салбар бол уул уурхай, эрдэс баялаг. “Оюу толгой төсөл анхнаасаа луйвар байсан. Монголын баялгийг хяналтгүйгээр цөлмөж байна. Газар доорх баялгийг хэдхэн нөхөд гадныханд хямдаар өгч байна. Үүн шиг ашиггүй төсөл гэж байхгүй” гэж нэг бүлэглэл нь хоолойгоо сөөтөл хашхирахад нөгөө бүлэглэл нь “Оюу толгой бол түүхэн төсөл. Хэрвээ энэ төсөл байгаагүй бол Монгол сөхрөх байсан. Энэ бол харин ч манайд хэрэгтэй төсөл, олон мянган хүн цалинтай залгасан. Оюу толгойг гүйцэх ийм хэмжээний төсөл ойрын жилүүдэд байхгүй” гэж өмөөрдөг.

Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсын хувь заяа, эдийн засаг, банк санхүү, ирээдүйг шийдэх төмөр зам, нефтийн үйлдвэр зэрэг томоохон асуудлуудад дандаа ингэж талцсан, нэгнээ үгүйсгэсэн байр суурь илэрхийлж эцэст нь ямар ч шийдэл, шийдвэрт хүрдэггүй. Үүний балгийг ард түмэн л үүрч байна. Хөрөнгө оруулагчдыг татаж томоохон төслүүдээ хөдөлгөе гэж нэг бүлэглэл нь дуугарахаар нөгөө бүлэглэл нь гадны хөрөнгө оруулагчид манайхыг эдийн засгийн аргаар гартаа оруулах гэж байна, аль нэг орны хараат болчихвол яах юм, биднийг өрөнд унагаад газар нутгаас минь таслаад авна гэвэл яах юм. Гадны хөрөнгө оруулагчдын хэрэг байхгүй, бид өөрсдөө дотоодынхоо нөөц бололцоогоор хөгжинө. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөх нь зөв гэдэг. Энэ их эерэг, сөрөг гэмээр гаргалгаа байхгүй маргаан дунд олон нийт төөрч хэн нь зөв, хэн нь буруу юм яриад байгааг ялгахаа байдаг. Ийм л шийдвэргүй юм ярьдаг “мафиуд” Монгол төрийн толгойд гарчихаад байгаа.

УИХ, Засгийн газраас улс эх орон, ард түмний амьдралд хэрэгтэй ганц ч шийдвэр гаргадаггүй болохоор эдийн засаг, нийгэм, хүмүүсийн амьдрал өдөр ирэх бүр дордож ам.долларын ханш 2500 төгрөгт хүрч байна. 100 төгрөгөөр авдаг байсан барааг 200 төгрөгөөр авдаг болоод удаж байна. Залуус нь гадагшаа “дүрвэж” болвол тэндээ “харлаж” үлдээд ард үлдсэн гэр бүлдээ хэд гурван юм явуулж амьдралаа залгуулж, эх орондоо үлдсэн хэд нь цалин, тэтгэврээ хүргэх гэж өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа нь харин үнэн шүү.

Энэ уруудалт, эдийн засгийн өөдгүй байдал, бараан мэдээ бол “мафиуд”-ын Монгол Улсын ирээдүйд тусгаж байгаа сүүдэр. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсыг хорлоод байна. Нэг ёсондоо Монгол Улс “мафиуд”-ын гүн хордлогод ороод үхэх үү, сэхэх үү гэдгээ ч мэдэхээ больж “тийчилж” байна. Улс эх орныг эдийн засаг болоод засаглалын хэмжээнд сөхрөөгөөд, цаг тутам хорлоод байгаа болохоор тэдгээр бүлэглэлийг “Мафиуд” гэхээс өөр юу гэх юм. АТГ байх ёстой гэж нэг бүлэглэл нь дуугарахад нөгөөх нь энэ газар шударга ажиллахгүй байна, захиалгын шинжтэй үйл ажиллагаа явуулаад байна татан буулгая гэдэг. Сүүлдээ гадаад оронд Монгол Улсыг төлөөлөн суудаг зарим Элчин сайдуудаа ч томилж чадахгүйд хүрлээ. Цаагуураа бүлэглэлүүд тохироогоо хийж чадахгүй болохоороо нэр дэвшүүлсэн хүмүүсийг ямар нэгэн шалтгаар унагаад байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаас бэлээхэн харж болно. Бүлэглэлүүд хоорондоо тохироогүй бол хэнбугай ч орж ирсэн дэмждэггүй нь тодорхой. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын гадаад харилцааны дипломат ажилтнуудыг томилох тухай хариуцлагатай асуудалд өнөөх “мафиуд” ингэж л амин хувийн ашиг сонирхлоо “чихэх” гэж улсын ажлыг гацааж байгаа нь зөв биш.

Монгол Улс бүхэлдээ удирдлагын хэмжээндээ ийм хаос шинжтэй болчихоод байна. Эрх барих дээд байгууллагаасаа яам, агентлаг, газрын дарга, мэргэжилтнүүд хүртлээ аль нэг бүлэглэлд хамаарч ийм байдлаар улсын ажилд ханддаг. Ямар ч бодит шийдвэр гаргадаггүй, дандаа л амнаас ам дамжсан юм ярьж, нэгэн рүүгээ шүлсээ үсчүүлэхээс өөр юу ч хийдэггүй. Бариад авъя гэхэд бодит бүтээн байгуулалт үгүй, тоочоод хэлье гэхэд амьдралд хэрэгжсэн ямар ч шийдвэр алга. “Мафиуд”-ын хорлон сүйтгэх энэ ажиллагаа Монгол Улсын удирдлагын түвшинг хаослог болгочихоод улсаараа, нийтээрээ чөдөртэй морь шиг л дороо хоёр жил цовхчлоо.

МАН-ыг энэ байдлаас гаргах болов уу гэж ард түмэн горьдож сонголтоо хийж гаргаж ирсэн. Гэтэл хийсэн бүтээсэн, шийдвэрлэсэн зүйлгүй мөн л бүлэглэл бүлэглэлээрээ талцаад яаж Засгийн газраа унагааж, төрийн эрхэнд гарах вэ гэдэг санаархлаар өдөр хоногийг элээж байна. Нам дотроо хуваагдаад ярьдаг юм нь “Тэгээд байвал танай Засгийн газрыг унагах асуудлыг ярина шүү. Чи ч надтай адил идэж уусан. Бас дэлгэж чадна шүү” гэж сүрдүүлдэг. Төр, Засгийн газар, УИХ-д өрнөж байгаа үйл явдлыг бүхэлд нь харвал ерөөсөө бүлэглэлүүдийн өрсөлдөөн, тэмцэлдээн, тохироо, нөгөө бүлэглэлээ эсэргүүцэж байгаад өөрсдийн бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг ямар ч хамаагүй аргаар дэмжүүлэх. Уг нь ард түмэнд амласан, УИХ-ын гишүүдийн өргөсөн тангаргаар бол өдийд төмөр замаа барьж, нүүрсээ хэл амгүй олборлож, нефть боловсруулах үйлдвэрээ барьж, Ази-Европ тивийг холбосон авто замаа барьж, мөнгө олох бүхий л сувгаа нээчихсэн байх ёстойсон. Биднийг ингэж өр ширэндээ баригдаж, бадар барьж гуйлга гуйх хэмжээнд очих ард түмэн биш гэдгийг гадны ажиглагчид хүртэл анзаарч “Танай оронд удирдлагын түвшинд хулгай нүүрлэсэн. Хөгжих нөөц бололцоо, байгалийн баялаг хангалттай ч түүнийг захиран зарцуулах эрх бүхий хүмүүс нь бүлэглэлийн зарчмаар ажиллаж байгаа нь харамсалтай” гэж үнэнийг нь хэлээд байгаа.

Өнөөдрийн Монголын үнэн царай нь дэндүү өрөвдмөөр. Төрийн эрхээ “мафиуд”-д “залилуулж” амаараа шороо үмхсэн ард түмний 30 гаруй хувь нь ажилгүй, орлогогүй, сонгосон хүмүүстээ “цагаан цаас”-аараа дуудуулцгааж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд амлалтаас амлалтын хооронд явсаар эцэж, цуцсан, төрдөө итгэх итгэлгүй хүмүүс л болчихоод байна. Сайд, дарга иржээ гэх сургаар гүйж очиж микрофон булаалдаад амьдрал хэцүү байгаа тухай бухимдан ярьж тайвшрахаас өөрийг чадахгүй л улс болж. Тэрийг нь ч өнөөдүүл нь овжин ашиглаж эгээтэй л сонгуулийн сурталчилгаа болж байгаа юм шиг хөдөөгүүр давхилдана. Улс орны хэтийн бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойл гэж тэднийг төрд гаргадаг болохоос ард түмний үгээр үг хий гэж сонгоогүй. Дарга иржээ гэх зараар хуучных шиг зэрэг гүйлдэн очдог байсан цаг өнгөрсөн. Ажлаа хийгээд завгүй суугаа хүн юун хурал цуглаанд очих. Сонгодгоо сонгоод УИХ-д гаргадгаа гаргачихсан. Амласнаа хийж чадахгүй бол ирэх сонгуулиар буулгаад л хаячихна гэсэн бодолтой. Нэгэнт сонголтоо хийчихсэн байхад ажлаа баран баран тэр хурал хуй дээр нь очиж микрофон, сандал булаалдах хэрэг юун. Ажлаа дуусгаад замаараа үр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад эртхэн шиг унтаж амрахыг боддог шүү дээ. Тэглээ ч дарга нарт хэлсэн үг хэрэгждэггүй, шийдэл байдаггүй гэдгийг сүүлийн хорь гаруй жилд хангалттай мэдэрсэн ард түмэн. Энэ мэтээр “Мафи”-ийн бүлэглэлүүдийн утга учиргүй амлалт, шунахайн сэдэлтэй үйл ажиллагааны хөлд Монгол Улс, Монголын ард түмэн хот, хөдөөгүй үрэгддэгээ үрэгдээд сүйрч байна. Ийм байдлаар цааш хэр удаан тэснэ гэж. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг ард түмэн “Төрд шургалсан хулгайч нарыг тэнгэр гэсгээг” гэж залбирдаг болов.

Одоо бидэнд ямар гарц байна вэ, яавал бид энэ “мафиуд”-аас ангижрах вэ. Тэдний гарт төрийн байгууллагын бүхий л эрх мэдлээс гадна газрын баялгийн ихэнх лицензүүд орчихсон. Тэдэнтэй тэдний хэрэглэдэг аргаар тэмцээд ард түмэн юу ч олж долоохгүй, жинхэнээсээ хөлд нь гишгэгдэнэ. Харин бидэнд Монгол Улсын Үндсэн хууль, хууль эрхзүйн бичиг баримтууд бий. Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг даруй наашлуулж “мафиуд”-аас нэг ч гэсэн өдрийн өмнө төрөө цэвэрлэж, салах хэрэгтэй. Сонгуулийг яаралтай товлуулаад ямар нэг бүлэглэлийн төлөө явдаггүй, “мафи”-д харьяалагддаггүй, Монголын төлөө зүтгэх, эх орондоо элэгтэй хүмүүсийг л гаргах зам үлдээд байна. Эх орондоо элэгтэй хүмүүсийг ард түмэн сонголтоороо гаргаад ирчихсэн байхад төрийн толгойд шимэгчлэн шигдсэн “мафиуд” нэг нэгээрээ задарч, шударга ёсны өмнө цээрлэл хүлээх нь дамжиггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *