Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт: Москва одоо Итали, Испанитай ижил нөхцөл байдалтай болчихоод байна

УИХ-ын гишүүн асан “Бидний цөөхөн монголчууд” төслийн удирдагч М.Зоригт ОХУ-д каринтинд ороод багагүй хугацаа өнгөрч байна. Тус улсад сүүлийн үед “Covid -19” халдварын тархалт хурдтай нэмэгдсээр байгаа юм. ОХУ дахь монголчуудын болон тус улсын нөхцөл байдлын талаар түүнтэй онлайнаар ярилцлаа.


-Та оху-ыг ямар ажлаар зориод карантинд орчихов?

-“Бидний цөөхөн монголчууд” төслийн энэ жилийн том экспедицийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Сар шинийн өмнө Европын холбооны долоо найман орон, ОХУ-ын Москва, Халимаг гээд маршруттай замд гарсан. Москвад ирээд эндхийн төрийн болон төрийн бус байгууллагатай ажил хэргийн уулзалтууд зохион байгуулаад Европ гарахын өмнөхөн Европт коронавирусийн халдвар дэгдээд карантилагдаад байна. Одоо бараг гурван сар болох гэж байна.

-Таныг анх Москвад очиход нөхцөл байдал ямар байв. одоо ямар болоод байна?

-Анх ирж байхад оросууд чинь “Дээд тэнгэртэй улс, энэ өвчин халдахгүй” гэсэн байртай байсан. Одоо бол байдал хүндэрлээ гэдгийг ойлгосон. Гэхдээ хорио цээрийн дэглэмээ боломжийн барьж байна. Жишээ нь, Москва хотын метрогоор зорчигчид 85 хувиар буурсан гэж байна.

Үүнээс нөхцөл байдал ямар байгааг дүгнэж болох болов уу. Бидний хувьд “Нарлаг Монгол”-оор буцах төлөвлөгөөтэй байсан. Галт тэргээр яваа хүмүүстэй ярилцлага хийх зэрэг ажлууд төлөвлөөд байсан ч вагонд суухын даваан дээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч биднийг суулгаагүй. Тэгээд л эндээ гацчихсан байна.

-Сүүлийн өдрүүдэд Оросод халдварын тохиолдол мянга, мянгаар нэмэгдэж байх шиг байна…

-Дээр хэлсэнчлэн вирус анх дэгдэж байхад Оросын иргэд өөрсдийгөө тэнгэрлэг гэж л бодоод явсан. Төр засгийн хувьд ч улс төрийн томоохон арга хэмжээнүүдээ зохион байгуулж, бүр “Ялалтын баяр”-аа улс төрийн өндөр түвшинд хийхээр төлөвлөх зэргээр сүүлийн момент хүртэл өвчний эсрэг шаардлагатай арга хэмжээг авахгүй явж ирсэн. Үүний үр дагавар л гарч байх шиг байна. Одоогоор Москвагийн байдал Итали, Испанитай адилхан байдалд хүрчихээд байх шиг байна.

-Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэр авагдаж байх юм. Манайх үлгэр жишээ авчихаар арга хэмжээ ажиглагдаж байна уу?

-Ер нь Орос, Монгол нэлээд олон зүйл дээр ижилхэн байдаг юм шиг. Хүмүүсийнх нь амьдралынх нь хэв маяг ч тэр. Идэж хэрэглэдэг хоол хүнс гэхэд илчлэг өндөр, витаминлаг мах ногоо хэрэглэдэг. Тийм учраас хаа хаанаа дархлаа гайгүй өндөртэй улс. Оросод халдвар ингэж гэнэт өндрөө авч байгаа нэг шалтгаан бол хүмүүст өвчний шинж тэмдэг илрээгүй. Тиймээс бие биендээ тарааж удаан явсан. Хууч өвчтэй хүмүүс дээр илэрч дэгдэлт гарснаар давлагаалчих шиг боллоо. Монголд ч гэсэн зөвхөн гаднаас халдвар авлаа, дотооддоо барьж чадаж байна гэж баярлаад байгааг би алдаа гэж харж байна. Монголд халдвар хэдийнэ ороод ирчихсэн. Шинж тэмдэг илрэхгүйгээр бие биедээ тараагаад яваад байгаа. Гал гарахын өмнө утаа уугиад л байдаг. Салхи үлээнгүүт дүрсхийж асдаг шиг юм болох вий гэж эмээж байна. Тийм учраас сонор сэрэмжээ алдаж болохгүй.

Москвад бол орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбайнуудыг цагдаагийн шар туузаар ороож хамгаалалтад авч байна. Мөн сагсан бөмбөг хөл бөмбөгийн талбай зэргийг хаачихсан. Гэрээсээ хүүхэдтэйгээ гарвал шууд өндөр торгоно. Аав ээжээ аваад гарвал ч адилхан. Тайлбарлах нөхцөлгүй, урьдчилж зам маршрутаа хэлж зөвшөөрөл аваагүй л бол шууд торгодог болсон. Хорих хүртэл хуулийн арга хэмжээтэй. Гэтэл Монголд өчигдөр уржигдраас эхлээд амралтын газраа нээж, фитнесс спортын заалуудаа нээе гэж байх шиг байна. Шийдвэр гаргах түвшинд хүртэл назгайрч эхэлж байна. Үүнд бухимдаж байна. Уг нь бол хорио цээрийг бүр чангалах ёстой юм.

-Оросод нийгмийн сэтгэл зүй ямар байна вэ?

-Түрүүн хэлсэн. Метронд явдаг зорчигчдын тоо 85 хувиар буурсан гэж. Нөгөө талдаа манайд нэгээр нэмэгдлээ, хоёр боллоо гээд тоонд анхаараад сэрдхийж байна. Яваандаа 40, 50-иар нэмэгдээд ирвэл бид тоо тоохоо ч байна. Оросод анх бага тоотой байхад анзаардаг байсан. Одоо 2000, 3000 болоод ирэхээр тоохоо байж, цайрна гэдэг шиг болж байна. Дээр нь маск, бээлий, ариутгагч байхгүй. Аргагүйн эрхэнд гэр гэртээ хорогдож байна. Тиймээс нийгмийн стресс маш их байна. Үүнээс болж Москва даяар гэр бүлийн хүчирхийлэл 200, 300 хувиар өссөн мэдээлэл гарч эхэлж байна. Гэрээсээ гарахгүй дөрвөн хананы дунд удаж байгаа учраас дарамт болж байх шиг байна. Нөхөр нь нууцаар гараад ганц хоёр шил архи авчраад сэм уучихдаг. Энэ мэтчилэн асуудал үүсэх шалтгаан болж байгаа харагдсан. Сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс эмийн санд ороод нууц үг хэлж асуудлыг шийдүүлдэг болсон. Гэрт нь хүчирхийлэл үйлдэгдэж байвал эмийн санчид “Манайд вирусийн гоц дэгдэлт эхэллээ” гэсэн агуулгатай үг хэлдэг. Тэгж хэлэхэд эмийн санч кноп дардаг. Түүнийх нь дагуу зохих хүмүүс ажиллаж гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоодог байдал бий болоод байх шиг байна.

-Оросод байгаа монголчууд маань ямар байна вэ. Амны хаалт, бээлий зэрэг хамгаалалтын хэрэгслийн олдоц муу байгаа гэсэн. Үнэн үү?

-Орос их сонин бүтэцтэй улс шүү дээ. Гадуур маск, ариутгалын бодис дамлаад эхэллээ, үүнийг зогсоо гээд төрийн байгууллага нь мэдэгдэхээр зах зээл дээр тэдгээр бүтээгдэхүүн бүгд алга болчихдог. Манайх ноолуурын үнийг 100 мянга болгоно гээд захиргааны арга хэрэглэнгүүт авахгүйтэй адил болчихсон шиг. Дээр үед бид танил талаараа дарга цэргийн арын хаалга хэрэглэж нарийн нандин бараа авдаг байсан. Одоо Оросод яг л ийм нөхцөл байдалтай байна. Амны хаалт олъё гэвэл нэг найз, дарга руу утасдаж гуйж байж л олж авна. Гудамжинд гараад дэлгүүрээс авна гэсэн ойлголт байхгүй.

Москвад хамгийн олон тооны монголчууд хэн бэ гэхээр оюутнууд. Халдвар дэгдэж эхлэхэд Москвагийн их, дээд сургуулиуд хаах ч юм шиг хаахгүй ч юм шиг шийдвэрээ гаргаж чадахгүй байсаар гадаад оюутнууд нутаг буцаж чадаагүй. Тэр дотор анхны жилдээ хэлний курсэд сурч байсан, гэрээсээ холдоод удаагүй, энд суурьшиж амжаагүй хүүхдүүд ч бий. Гэр бүлтэй монголчууд хүртэл байна. Тэд нар маань сургуулийн дотоод журмаас хамаараад гарч чадахгүй тохиолдол ч байна. Зарим нь тав арван минут гаргадаг сургууль ч байна. Бүр дотуур байрнаас нь вирусийн халдвар илэрсэн учраас хаалгыг нь түгжиж бэхлээд гаднаас нь хоол унд өгч байгаа сургууль хүртэл байгаа юм. Гэтэл тэдэнд маск, бээлий, гар ариутгагч бодис байхгүй. Тиймээс “Зоригоо ах тэр байранд манай тэдэн оюутан байна. Бидэнд маск бээлий гарын ариутгагч хэрэгтэй байна аа” гээд хандаж байна. Миний зүгээс Москвад байдаг тува, буриад гээд монгол угсаатан хүмүүс рүү утасдаад “Цаана чинь монголчууд баларлаа. Та нар маань хэдэн маск олж өгөөч” гэх зэргээр монгол оюутнууддаа чадлаараа туслахыг хичээж байна. ОХУ-д байгаа монгол угсаатнуудаараа дамжуулж маск, бээлий, гар ариутгагч зэргийг олоод оюутнуудын байрны хаягаар нь явж очоод хүргэж байна. Ингэхдээ шууд очоод уулзчих боломжгүй. Халдвар тарах эрсдэлтэй учраас өгөх ёстой юмаа гялгар уутанд хийгээд хоёр, гурван метрийн зайнд тавьчихаад нөгөө оюутандаа хэлж авахуулдаг. Ийм л маягтай нэг нэгэндээ тусалж байна. Москва дахь манай Элчин сайдын яамнаас ч ийм байдлаар оюутнууддаа маск хүргэж байгаа. Ер нь энд маск үнэтэй үнэгүйдээ асуудал нь биш. Олдохгүй байна. Хэдэн мянган рублиэр нь маск авъя гээд байхгүй.

-Таны хэлдгээр монгол угсаатнууд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа мэдээлэл байгаа шүү?

-Буриадад гэхэд халдвар авсан хүмүүсийн тоо 100 гарчихсан. Буриад өөрөө эдийн засгийн хувьд ямар хүнд байгаа билээ. Тэгсэн хэдий ч Москвад байгаа монгол оюутнуудын асуудалд хувь хандиваа өгч байна. Халимаг бас халдвар тээгчид олонтой болсон. Өчигдөр гэхэд Халимагт вирусээр нас барсан тохиолдол гарлаа. Тийм байхад Оросод байгаа монголчуудад хоол хүнс, олдохгүй байгаа маск зэргийг олж тусалж байна. Энд онцолж хэлмээр зүйл бол ОХУ-ын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч нь буриад хүн бий. Тэр хүн бол байнга “Зоригоо яаж байна. Алив маск, бээлий явуулсан шүү” гээд ярьдаг. Буриадын алдарт уран барималч залуу бусадтайгаа нэгдээд ном бүтээл, даршилсан бүтээгдэхүүн, гурил будаа хандивлах зэргээр олон газраас хандив өгч байна.

-Сая Оросоос 280 гаруй монгол иргэнээ татаж авлаа. Тэдний дундаас халдварын тохиолдлууд илэрсэн. Тэд тухайн амьдарч байсан газраасаа халдвар тээв үү, эсвэл замдаа авав уу гээд маргаантай байх шиг байна?

-Москвад байгаа оюутнууд маш хариуцлагатай байгаа. Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж байна. Москвагаас 100 гаруй, Эрхүү чиглэлээс 100 гаруй оюутан гээд 280 гаруй болсон. Москвагаас очсон хүүхдүүдээс халдвар илэрлээ гээд байгаа юм. Би тухайн үед очиход эндээс халуурсан, вирус авсан шинж тэмдэг мэдэгдээгүй. Эрүүл хүүхдүүд явцгаасан. Харин замдаа авах магадлал их өндөр. Онгоцны бүхээгт битүү орчинд тав зургаан цаг ниссэн. Дараа нь автобус унаанд хамт явсан. Ийм нөхцөлд явсан учраас замдаа халдвар авсан байх эрсдэл өндөр байгаа гэж хардаж байгаа.

-Энэ онцгой нөхцөл байдлаас үүдэж хоёр улсын эдийн засгийн харилцаа буурах хандлагатай байна уу даа?

-Миний авч байгаа мэдээллээр хоёр орны хоорондох эдийн засгийн харилцаа хэвийн байгаа шиг санагдаад байгаа. Оросоос авч байгаа бензин тосны нийлүүлэлт цаг хугацаандаа явагдаж байна. Тариа будааны асуудал дээр ч ОХУ-ын өнгөрсөн жилийн ургац хураалт гайгүй түвшинд байсан. Харин дотооддоо тариа будаагаа эрэлт бага учир яах вэ гэсэн асуудал байгаа байх. Тиймээс монголчууд Оросоос авах тариа будааны асуудал үүсэхгүй байх гэж харж байна. Харин үнээ нэмж магадгүй. Дотооддоо эд нар эдийн засгийн хүнд байдалд орчихсон учраас гадаад худалдаанаас нөхөж авахыг эрмэлзэх байх.

-Таниас улстөрч, бизнесмэн хүний тань хувьд Монгол дахь улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг сонсмоор байна?

-Улс төрийн хувьд харахад юм юм руу савчиж ордог УИХ-ын гишүүд маань харин энэ эгзэгтэй үед Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа нь сайшаалтай. Яах вэ, сонгууль ойртож байгаатай холбогдуулаад янз бүрийн мэдэгдэл эхэлж байх шиг байна. Гадаадад байгаа монголчуудад 500 ам.доллар өгөх ёстой гэх зэргээр. Энэ бол хайнгадуу судалгаагүй мэдэгдэл. Санаа нь бол зөв. Гэхдээ үүнийг Гадаад харилцааны яам, гадаадад байгаа олон төрийн бус байгууллага, гадаад дахь монголчуудын зөвлөл зэрэгтэй хамтраад жаахан судалгаа хийсэн бол амьдралтай бодитой зүйл болох байсан.

Эдийн засгийн хувьд хувийн хэвшлийн болон гадны хөрөнгө оруулалттай бүтээн байгууллалтын ажлууд буурах нь, ажлын байр, худалдан авалтууд ч буурна. Тиймээс сонгуулийн өмнө баталсан амбицтай гэмээр улсын төсөвт найдах хэрэгтэй. Ажил болгохыг шаардах хэрэгтэй. Төсвийг тодотгол хийх нэрээр багасгаж болохгүй. Энэ нь олон ажлын байр, ЖДҮ-ийн борлуулалтын боломжийг авч үлдэнэ. Одоо хүн бүр гэр гэртээ сууж байгаа болохоор улс орны эдийн засгийн идэвх доошилно. Ийм үед хамгийн түрүүнд үндэсний үйлдвэрүүдийг дэмжих ёстой. Жишээ нь, оёдлын салбар гэхэд хэдэн 10 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Ноос ноолуур гэх мэт үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт дээр дэмжвэл түүгээр дамжаад тэнд ажилладаг олон мянган хүн, тэдний ар гэрийг дэмжинэ. Үүний тулд жишээ нь, иргэн бүрт 500 мянган төгрөгийн барааны карт өгчихье. Тэр нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн авах эрхийн бичиг. Түүгээрээ “Говь” руу ороод нэг цамц, “Урбан жинс”-ээс хүүхдэдээ өмд аваад өгчихнө. Ийм маягаар үндэсний үйлдвэрүүдээ дэмжих бодлого хэрэгтэй.

-УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах эсэх асуудал бас олны анхааралд байна. Сонгууль хийх нь зөв үү, буруу юу?

-Анх Монголд нэлээд идэвхтэй хорио цээрийн асуудал яригдаж байхад сонгуулийг ер нь хойшлуулахад яадаг юм бэ гэдэг байр суурьтай байсан. Өчигдөр Солонгост сонгууль боллоо. ОХУ-д гэхэд бүх шатны сонгуулийг цахимаар өгч болох хуулийг баталчихлаа. Үүнээс харахад Үндсэн хуулийнхаа хүрээнд сонгуулиа хийхэд болохгүй юм алга гэж бодож байна.

Ярилцлагын төгсгөлд Москвад коронавирусийн халдвар авсан бяцхан хүү тусгаарлагдаж, түүнээсээ болж маш ихээр айж уйлж байгаа бичлэгийг би олон нийтийн сүлжээнд тавьсан. Хүмүүс ч харсан байх. Бидний хамгийн хайртай, амь насаа өгөхөд бэлэн байдаг зүйл бол хүүхэд. Тиймээс та хүүхдээ бодож байгаа бол тоглоомын талбайд битгий тоглуул. Битгий гарга. Хүүхдэдээ битгий өвчин тээвэрлэж авчир. Өөрөө битгий гар. Бүх нийтийн сахилга бат, хувь хүний ухамсар хамгийн чухал. Монголчууд бүгдээрээ чармайя гэж хэлмээр байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *