“Хайрын хурим” дууны клипний зураг авалтын үеэр
Дуучин М.Золжаргалтай ярилцлаа.
-Таныг “Наран мандах нутаг” киноны дууг дуулснаар тань мэдэх юм?
-“Наран мандах нутаг” кино нь 40 ангитай, хоёр дуутай их сайхан бүтээл л дээ. Би “Сэтгэлийн эгшиг” дууг нь дуулсан юм.
-Наран мандах зүгийн нутгийн хүн болохоор л тэр киноны дууг дуулжээ гэж таамаглаж байна шүү?
-Би Дорнодод төрж өссөн. Миний аав, ээж Сүхбаатарын Дарьганга, Баяндэлгэрийн хүмүүс байдаг юм. Тэгэхээр би яалт ч үгүй зүүн зүг, наран ургах зүгийн хүн болчихож байгаа юм.
-Таныг анх урлагт бүжигчнээр хөл тавьж байсан гэж дууллаа?
-Дорнодод Хөгжим бүжгийн коллеж шиг Гоц авьяастны 12 дугаар сургууль гэж бий. Тэр сургуулийн бүжгийн ангид тавдугаар ангиасаа сурсан. Дорнодын театр бүжигчин цөөтэй болохоор манай сургуулиас дагалдан бүжигчин авна. Би 14 настайдаа сургуульд сурахын хажуугаар тус театрт дагалдан бүжигчнээр орж байлаа. Театр маань тодорхой хугацааны дараа дагалдан бүжигчдээсээ шалгалт авч тэнцсэн хүмүүсийг нь жинхэлдэг байсан. Би яг л тэр зарчмаар явж шалгалтад нь тэнцэж мэргэжлийн бүжигчнээр ажиллах болсон. Удалгүй театр маань жүжигчдээ бэлдэнэ гээд зургаан эмэгтэй, зургаан эрэгтэйг 1998 онд “Мюзик Холл” дээд сургуульд оюутан болгосон юм. Тус сургуульд амжилттай суралцаад жүжигчин мэргэжил эзэмшсэн. Дараа нь гавьяат жүжигчин Б.Дашдондог багшийн “Nature sound” төвд дуулаачаар сурсан. Ингээд “Мөнгөн харандаа” хамтлагт залуу дуучнаар дуулах болсон л доо. Харин одоо хувиараа дуучны мэргэжлээрээ ажиллаж байна.
–“Мөнгөн харандаа” хамтлаг бол манай эстрад урлагийн түүхийг бичилцсэн, үе үеийн шилдэг дуучдыг төрүүлсэн хамт олон юм?
-“Мөнгөн харандаа-1”, “Мөнгөн харандаа-2” гэж бий. Ахмад дуучид маань “Мөнгөн харандаа-1”-дээ хамаарагддаг. “Мөнгөн харандаа” хамтлагийн ахлагч Л.Энхбаяр ахтайгаа энд тэнд янз бүрийн арга хэмжээ, тоглолт дээр таарна. Тэгэхэд Л.Энхбаяр ах маань намайг уг хамтлагт орж дуулахыг санал болгодог байсан юм. Манай хамтлаг чинь эрчүүд ихтэй. Эмэгтэй дуучин хэрэгтэй байгаа юм гэсэн л дээ.
Ингээд тус хамтлагийнхантай хамтарч ажиллах болж олон сайхан бүтээл дээр гар нийлсэн. Би энэ хамтлагаас маш их зүйлийг сурсан. Амьд хөгжимтэй дуулаад эхэлсэн чинь ер нь тууштай дуулъя гэсэн бодол төрсөн л дөө. Би одоогоор чөлөөт уран бүтээлч гэгдэж байгаа ч “Мөнгөн харандаа” хамтлагтайгаа нэгдээд 1970, 1980-аад оны эстрад дууны концерт, үдэшлэгт оролцоно. Жакитай нийлээд бид “Sanremo” шоугаа хийгээд явдаг.
-Танай удамд дуулдаг, бүжиглэдэг урлагийн авьяастнууд бий л байх?
-Аав, ээжийн талынхан аль аль нь уртын дуу дуулцгаана. Түүнээс биш урлагт зорьж дуучин, жүжигчнээр ажиллаж байгаа хүн өөр байхгүй л дээ. 12 дугаар сургуульд орсноосоо хойш л урлагт дуртай болчихсон. Нэг хэсэг гадагшаа, дотогшоо явж өөр зүйл хийсэн ч урлагаасаа салж, холдож чадахгүй байсан юм. Ялангуяа бүжгээ их үгүйлэх янзтай, бүхнийг бүжигтэйгээ холбодог байлаа. Өнөө зун цомгийнхоо ажилд шамдана. Дуу бүжиг хосолсон сайхан бүтээлүүдийг хийнэ гэж төлөвлөчихөөд байна. Одооноос л М.Золжаргал гэдэг дуучин уран бүтээлээ нийтэд хүргэж эхэлж байна. Миний ард баг ажиллаж байгаа. Миний эхний төсөл “Хайрын хурим” дуу байсан.
-Дуучин Т.Дэлгэрмө-рөнтэй хамтарч дуулсан “Хайрын хурим” дууны клип олны анхаарал татсан. Уг клипэнд та Т.Дэлгэрмөрөнтэй хуримаа хийж байгаагаар тоглосныг хүмүүс жинхэнэ мэт хүлээж авч таныг түүний гэргий гэж ойлгосон?
-Харин тэгж ташаа ойлгосон байна билээ. Би хуримын сэдэвтэй сайхан дуутай болъё гээд хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Д.Ган-Очир ахдаа захиалсан юм.
…Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр
Хагацаж салшгүй утга учир болжээ, бидэн хоёр
Ураг барилдахын заяатай билээ, бидэн хоёр
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр гэдэг гоё үгтэй.
Хуримын дууг ганцаараа дуулах зохимжгүй санагдаад хэнтэй хамтарч дуулах вэ гэж бодсон л доо. Хөгжмийн зохиолчтойгоо ч удаан ярилцсаны эцэст дуучин Т.Дэлгэрмөрөнтэй дуулъя гэж шийдсэн. Ингээд уг дууг хамтарч дуулж клипээ хийсэн чинь Т.Дэлгэрмөрөн ахыг хоёр дахь амьдралаа зохиожээ, хуримаа хийжээ гэж нэг хэсэг шуугьсан.
-Дуунуудаа клипжүүлэх, цомог гаргах, тоглолт хийх гээд таныг том даваанууд хүлээж байна даа?
-Тийм. Яг наад дарааллын дагуу чинь л явж байна даа. Уран бүтээлийн ажлаа “Хайрын хурим” гэдэг гоё дуугаар их бэлгэ дэмбэрэлтэйгээр эхлүүлчихлээ. Сүхбаатар, Хэнтий, Дорнодын гурван эмэгтэй дуучин нийлээд “Сэцэн хан нутаг” гэж сай-хан дуу хийхээр болж, клипний зураг авалтаа зүүн аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудад хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 16-нд зураг авалтаа эхлүүлнэ. Үүний дараачаас л миний дууны клипүүд шил шилээ даран үзэгч сонсогчдод хүрч эхэлнэ дээ. Намар гэхэд цомгоо Монголын ард түмэндээ хүргэж ийм нэг өнгө төрх, дуу хоолойтой дуучин та бүхэнтэй мэндчилж байна шүү гээд л мэхийнэ дээ.
-Та ямар дуучдыг даган дуулж, шүтэн биширдэг байв, хүүхэд байхдаа?
-Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай бол миний багш. Гавьяат жүжигчин Ш.Даваахүү гуайг их сонсдог байлаа. Мэргэжлийн урлагийн сургуулийн сурагчид байсан болохоор аймгаасаа гарсан мундаг хүмүүсийн дууг их сонсдог байсан юм. Одоо бол рок поп, “Мөнгөн харандаа” хамтлаг руу ороод ирэхээр сонирхол өөрчлөгдөж байна шүү. Дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын дууг их сонсдог байлаа. Гэхдээ дээр үеийн эстрад хамтлагуудыг голчлон сонсч өссөн. Миний дуулах жанр ч яг тийм хэв маягийнх байх юм. Аялгуу, үг нь гоё дуу гаргая гэж цомог дээрээ ажиллаж байна.
-Нэг хэсэг манай эстрад урлаг, рок попын ертөнцөд хип хоп урсгал мөн хамтлагууд хүч түрэн орж ирж байсан бол одоо телевизийн элдэв шоунаас төрөн гарсан дуучин, соло дуучид л олон харагдах болжээ?
-Хамтлагаар урлагийн салбарт явахад хэцүү л байгаа харагдах юм. Би 30-аас дээш насныхандаа зориулсан бүтээл хийе гэж төлөвлөж байгаа. 40, 50-иас дээш насныхны сонсч ирсэн дуунууд бол гоё үг, аялгуутай. Одоо үед тэдний сонсох юм ховордчихоод байгаа юм шиг санагддаг юм. Тийм л гоё, энгийн дуунууд хийхсэн гэж зорьж явна. “Өргөө” хамтлагийн дуунууд одоо ч байж л байна. Яг л тийм урт настай, хүний сэтгэлд, зүрхэнд шингэсэн 1970, 1980-аад оны дуунууд шиг дурсамж үлдээх бүтээл, хуучны эстрадыг одооны дуугаралт, түвшинд авчирсан дуунуудтай болохсон гэж их боддог.
-Твист, фокстрот, рок-н-ролл гээд л бүжгийн хэмнэл санагдаж байна?
-Диско шүү дээ. Хөнгөн хэмнэлийн диско. Сонсоход чихэнд хөнгөн, зөөлөн мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Миний хөдөлмөр, авьяас бүхий л зүйлээ дайчлан гаргасан дуу бүтээл ард түмэнд маань хүрч байвал би баяртай байх болно. Аливаа уран бүтээлч хүний эцсийн зорилго л тэр байдаг шүү дээ.