Арабын нэгдсэн Эмират улсын “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга”-д Дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг-д аваргын төлөө Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медалийн эзэн боллоо.
Дистра Красники 22 настай бөгөөд энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентин улсын жүдоч Паула Паретог ялсан юм. М.Уранцэцэгийн хувьд Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при болон “Их дуулга” тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртээд байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж байна. “Абу Даби-2018” Их дуулга тэмцээнд 62 орны 348 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас М.Уранцэцэг /48 кг/, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /+100/ нар эх орноо төлөөлөн оролцож байна.