Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Өлзийцэцэг: Ч.Маралмаагийн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул хөнгөн ял шийтгэлтэй DNN.mn

“Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч М.Өлзийцэцэгтэй ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэргийг хууль зүйн талаас нь авч үзэхэд ямар шийтгэл ногдуулах ёстой вэ?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хүний биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, хохирогч нас барсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Зам тээврийн ослын улмаас хүний биед хөнгөн гэмтэл учруулах, мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчих, жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг биш харин зөрчил болно. Олон тооны машин мөргөсөн, олон хүн гэмтээсэн учраас хорих ял оногдуулна гэсэн асуудал байхгүй. Машин мөргөсний улмаас хичнээн төгрөгийн хохирол учирсан, хохирогчдын биед ямар гэмтэл учирсан бэ гэдэг нь хэргийн зүйлчлэл цаашлаад ял шийтгэлд нөлөөлнө.

-Хэрэг үйлдсэн этгээд Ч.Маралмаа нь тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан нь хэргийг хүндрүүлэх шалтгаан мөн үү?

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлдэг.Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гаргаж үүний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдэг бол жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

-Түүний хэргийн шүүх хурал энэ сарын 6-ны өдөр болж шийдвэр нь гарсан. Хохирогчдын хохирлыг төлсөн тохиолдолд ял шийтгэл хөнгөрөх үү?

-Хэрэгт холбогдсон хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал эмнэлгийн тусламж үзүүлсэн байдал… гэх мэт зүйлсийг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл ялаас чөлөөлж ч болно. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн холимог (санаатай, болгоомжгүй) хэлбэрээр үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргахаас бусад тохиолдолд энэ зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Ч.Маралмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг тул бусад төрлийн гэмт хэргээс хөнгөн ял шийтгэлтэй.

-Ч.Маралмаа хохирогчдодоо нэг тэрбум гаруй төгрөг төлсөн. Хохирогч насанд хүрээгүй охины асран хамгаалагч нь “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлээч” гэсэн хүсэлт гаргасан байна лээ. Энэ нь дангаараа бусад хохирогчдоос хүсэлт ирээгүй тохиолдолд шийдвэрт нөлөөлж болох уу?

-Хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзсан болов уу гэж бодож байна. Харин хохирогч заавал хорих ял оногдуулж өгнө үү, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх харгалзаж ял оноох хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр бусад хохирогчдоос хүсэлт ирээгүй нь ял шийтгэлд нөлөөлөхгүй.

-Хохирсон иргэний нэхэмжлэгчид нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр хохирогч охинд цаашид ямар нэгэн байдлаар ослоос улбаалсан эрүүл мэндийн асуудал тулгарвал хохироосон этгээд тухай бүрд зардал мөнгийг гаргаж өгөх ёстой гэсэн үг үү?

-Иргэний хуульд зааснаар тухайн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо хохирогч хэдийд ч нэхэмжлэх эрхтэй. Энэ эрхийг нь нээлттэй үлдээж байгаагаа тогтоолдоо бичсэн гэсэн үг.

-Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Хохирогч эмчилгээ хийлгэсэн тухай баримтаа бүрдүүлээд Ч.Маралмаагийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэнэ. Хохирогч тал хохирол төлбөрийнхөө баримтыг шүүхэд хандахаасаа өмнө Ч.Маралмаад гаргаж өгөөд, төлбөр төлөгч буюу Ч.Маралмаа нь хохирлыг нь төлсөн тохиолдолд заавал шүүхэд хандах шаардлагагүй.

-Үнэхээр хохирогчдын хохирлыг барагдуулж, ямар нэгэн гомдолгүй болгосон бол заавал хорих ял үүрүүлэх хэрэгтэй юу?

-Хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, тухайн гэмт хэргийн шинж (санаатай, болгоомжгүй), учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, холбогдогчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулдаг. Ч.Маралмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Тэгэхээр Ч.Маралмаа жолоодох эрхийн үнэмлэхгүй ч гэсэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялын аль нэгийг сонгож оногдуулах боломжтой тул шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ял оногдуулсан гэж үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *