Categories
мэдээ цаг-үе

М.Тодбилэг: Гадаад, дотоодын компаниуд арай гэж олсон лицензээ бариад хөрөнгө оруулалт хайж явна

Монголын геологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Тодбилэгтэй ярилцлаа.

-Үндэсний геологийн албыг байгуулах талаар төрийн бодлого, хууль, Засгийн газрын хөтөлбөрт удаа дараа тусгагдаж байсан ч өнөөдөр таг чиг байна. Үндэсний геологийн албыг байгуулах нь манай улсад ямар ашиг тустай юм бэ?

-Газартай харилцдаггүй нийгмийн харилцааны ямар ч салбар байдаггүй болохоор тэр бүгдэд геологийн судалгааны мэдээлэл амин чухал байдаг. Монголын геологийн салбарын алтан үеийнхэн Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй стратегийн орд газруудыг нээн илрүүлж байсан. Гэвч 1990 он гарч манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр энэ том салбар задарч, уналтанд орсон. Эрх баригчид эдгээр ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулахад анхаарлаа хандуулж буй нь нэг талаар зөв боловч геологийн салбарыг орхигдуулж болохгүй. Учир нь геологи бол уул уурхайгаас арван жилийн өмнө түрүүлж явах ёстой. Тиймээс хөрсөн доорх баялгийг шинжлэх ухаанчаар нээн илрүүлдэг геологийн салбарыг хөгжүүлэхэд төрийн тусгай бодлого зайлшгүй байх хэрэгтэй. Үндэсний геологийн албыг төрийн захиргааны үйлчилгээний байгууллага маягаар байгуулж, геологичдын боловсруулж, баяжуулж, шинэчилсэн мэдээллийг төр засаг болон ард олонд хүргэж байх нь зүйтэй. Чухам ингэж чадаагүйн улмаас үзэл баримтлалгүй улс төр, ул суурьгүй эдийн засаг, ашиггүй бизнес, чанаргүй зээл яригдах болж өрөнд баригдаж дууслаа.

-Өнөөдөр манай улсад геологи, хайгуулын ажил ямар түвшинд явж байна. Монгол орны нийт газар нутгийн 20 хувь нь л геологийн заримдаг хайгуулд хамрагдсан гэсэн мэдээлэл байна?

-Геологийн судалгааг гурван түвшинд хувааж үздэг. Шинжлэх ухааны суурь судалгаа болон геологийн зураглал, эрэл буюу 1:200000 машстабтай регионал зураглалаар Монгол Улс 100 хувь, 1:50000 машстабтай зураглалаар Монгол орны нийт газар нутгийн 40 хувийг судалчихаад байна. Үүний дараа хайгуулын лицензийн судалгаа гэж бий. Урт нэртэй хуулиар, голын эх, ойн сан, усан сан, голын хөндийд, мөн улсын тусгай хамгаалалттай, дархан цаазат, улсын тусгай хэрэгцээний газруудад ашигт малтмал хайхыг хориглосон. Ингээд харахаар Монгол орны нийт газар нутгийн 20 хувьд нь ашигт малтмалын хайгуул хийх бололцоотой болж байгаа юм. Гэхдээ эдгээр газруудад геологийн судалгаа хийхийг хориглоогүй. Үүнийг орон нутгийн удирдлагууд ойлгодоггүй. Улсын төсвөөр хайгуул хийхээр очиж байхад алт ухахаар ирсэн гэж бодоод хөөх тохиолдол гарч байсан.

-Нийт нутаг дэвсгэрийн 20 хувь дээр хайгуулын лицензийг хэрхэн олгодог юм?

-Тал хувийг нь шууд цахим өргөдөл нэрийн дор далд байдлаар олгодог. Үлдсэн 50 хувь нь сонгон шалгаруулалтаар явагддаг. Улсаас ашигт малтмал байх магадлалтай гэж судлагдсан газрууд дээр сонгон шалгаруулалт зарладаг.

-Хайгуулын ажилд манай улсын геологийн компаниуд хэрхэн оролцдог вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хаана нь юу байгаагаа улс мэдэж, бүртгээд, зураглаж авна гэсэн үг. Шаардлагатай бол өрөмдөөд, эсвэл өрөмдөхгүй. “Эрдэнэс МГЛ”, “Мон Атом” зэрэг төрийн ганц нэг компаниудыг эс тооцвол улсаас хайгуулын ажилд мөнгө гаргадаггүй. Хувийн компаниуд энэ ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийдэг. Гадаадын хөрөнгө оруулалтаар нарийвчилсан хайгуулаа хийлгээд төр засаг тайлан мэдээллээ хүлээж авах системийг 1997 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Сүүлдээ энэ системээр явахад хэцүү боллоо. Гадаад дотоодын компаниуд лиценз аваад, хайгуулаа хийгээд өөрсдийнх нь сонирхсон зүйл байхгүй бол лицензээ буцаагаад өгчихдөг байсан. Гэтэл одоо хайгуул хийлгэхгүй гэж хориглосноос болоод хүмүүс арай гэж олж авсан лицензээ буцааж өгөхгүй байх сонирхолтой болжээ. Тухайн газарт юмтай ч байсан, юмгүй ч байсан түүнийгээ бариад хөрөнгө оруулалт хайгаад явах нөхцөл бий болчихоод байна.

-Ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Гадны улс орнуудын жишиг юу вэ?

-Геологийн судалгаа гэдгийг төр засаг ч, орон нутаг ч, ард түмэн ч зөв ойлгох хэрэгтэй. Геологийн судалгааг хориод байж болохгүй. Улсын төсвөөр хийдэг ажил. Төсөв хүнд байгаа ч гэсэн геологийн судалгаандаа төсөв нэмэгдүүлэх шаардлагатай. Эрх баригчид бүгд л энэ ажлыг хийнэ, нэмэгдүүлнэ гэж хэлдэг ч амьдрал дээр хэрэгждэггүй. Канад, Австрали зэрэг ашигт малтмал элбэгтэй орнууд геологийг маш сайн дэмждэг. Япон улсад геологи хайгуулын салбарыг төрийн алба хэлбэрээр явуулдаг. Энэ жишгийг манай улсад нэвтрүүлэх хэрэгтэй байна. Манай улсын геологийн салбар уул уурхайн дагавар салбар болчихоод байна. Уул уурхайн яаманд Геологийн газар, Ашигт малтмалын газарт Газрын тос, геологийн хэлтэс гэж байдаг. Энэ мэтээр Монголын геологийн салбарыг энд тэнд тараагаад хаячихсан байна. Уг нь геологи чинь ганцхан уул уурхайн салбарын дагавар биш. Ерөөсөө нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь байхгүй юу. Агрогеологи, геохими, геодези, гидрогеологи, эрүүл мэндийн геологи гэх мэтээр нийгмийн бүхий л салбаруудтай холбогддог салбар. Тэр ч бүү хэл хаана хогоо хаях вэ, хаана булах вэ гэдгийг геологичид гаргадаг.

-Монголын газар нутгаас хичнээн төрлийн ашигт малтмал олборлоод байна вэ. Тавантолгой, Эрдэнэт шиг томоохон орд газрууд илрэх боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар 700 шахам орд, 8000 гаруй илэрц байна. Гэхдээ бүгд эдийн засгийн ач холбогдолтой байдаггүй. Эдийн засагт хамгийн хурдан хугацаанд ашиг өгдөг салбар нь алт, зэс, хайлуур жонш, нүүрс, цайр, хар тугалга байна. Ураныг ашиглах талаар яригдаж хайгуул хийж байна. Газрын тос олборлосноо гэрээний дагуу экспортолж байгаа. Хэрвээ энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдвэл томоохон ордууд гарч ирэх боломжтой. Гадны хөрөнгө оруулалтаар Өмнөговьд газрын гүний өрөмдлөгийн судалгаа нэлээд хийгдсэн. Бусад газар нутагт бараг хийгдээгүй. Манай улс дэлхийн улс орнуудтай зэрэгцэж хөгжихийн тулд газрын гүн рүүгээ судалгаа хийх хэрэгтэй. Улсаас геологийн салбарт жилд наймаас есөн тэрбум төгрөг төсөвлөдөг ч энэ нь геологийн томоохон судалгаа төсөл хэрэгжүүлж, нарийн өрөмдлөг хийж хүрэлцдэггүй. Маш олон компани өрсөлдөж нэг нь авдаг боловч санхүүжилт нь цагтаа орж ирдэггүй. Зээл авч ажилчдын цалингаа тавьж явтал зээлийн хүү нь өсч тухайн компанийг өрөнд оруулдаг. Ингээд геологийн компаниуд ашиггүй ажиллаж, энэ салбарт ажиллах хүмүүсийн тоо цөөрсөөр байна. Монголын геологийн салбарт орчин үеийн техникжилт бүрэн нэвтэрч, чадварлаг геологичид байгаа боловч хууль эрх зүйн салбарын зохицуулалт дутагдаж байна. 1980-аад онд зохиогдсон Газрын хэвлийн тухай суурь хууль хуучирч үеэ өнгөрөөсөн. Үүнийг шинэчилж боловсруулах хэрэгтэй байна.

-Геологийн салбарын хөгжил ингэж удааширч, гацаанд орсон байдлаасаа гарч чадахгүй бол бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Салбарын хөгжлийг удаашруулснаас олон компаниудын үйл ажиллагаанд доголдол гарч, нэлээд хэсэг нь дампуурч, мэргэшсэн мэргэжлийн баг хамт олон тарж, ажилгүйчүүдийн эгнээнд орж, чадварлаг боловсон хүчнүүд нь зэврэхэд хүрлээ. Үүний улмаас ахмад, дунд, залуу үеийн залгамж чанар тасарч, салбарыг уналтанд оруулчихаад байна. Ингэж геологийн салбараа орхигдуулаад байвал хэдэн жилийн дараа геологийн эрэл хайгуулын ажлаа гадныхнаар хийлгэх өдөр ирэхийг үгүйсгэх аргагүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *