Categories
мэдээ спорт

М-Си-Эс Групп сагсчдад 20 сая төгрөгийн шагнал гардуулжээ

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид /2018.06.15/ эх орондоо ирлээ. Дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бахархам амжилтыг үзүүлсэн шигшээ багийн хамт олонд баяр хүргэн, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК 20 сая төгрөгийн шагнал гардуулжээ.

М-Си-Эс Групп, ялангуяа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. “Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 4-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

Монгол Улсын шигшээ багт 2020 оны Токиогийн олимпт оролцох бүрэн боломж бий. Шигшээ багийн тамирчин Готовын Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-д, Даваасамбуугийн Дэлгэрням 39-т, Энхтайваны Цэрэнбаатар 47-д, Энхбатын Дөлгөөн 53-т тус тус бичигдэж, багаараа дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж байна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын шигшээ багийг буулгаж авсан Сербийн шигшээ нь дэлхийд багийн эрэмбээрээ 1-т, тамирчин тус бүрийн эрэмбээр эхний 4-т бичигдэж буй хүчирхэг баг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *