Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунчимэг: Эрүүл нийгэм хөгжихөд хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Өнөөдөр (өчигдөр) Дэлхийн хэвлэл эрх чөлөөний өдөр тохиож байна. Та сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан. Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу. Өмнө нь та сэтгүүл зүйн салбарынхаа гал тогоонд байсан. Одоо төрийн түшээ болсон. Ажиллаж байсан салбараа эргээд харахад ямар байна вэ. Манайхан бол хагас эрх чөлөөтэй гэж ярьдаг?

-Намайг сэтгүүл зүйн салбарт ид ажиллаж байсан үеийг бодоход өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйлийг мэргэжлийн сэтгүүл зүйд илүүтэй хамаатуулан хэлж байгаа юм шүү.

Байгууллага бүр өөрийн дотоод журамтай. Тэр журмаараа хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөхгүй, гэрэл зураг авахуулахгүй, дотогшоо нэвтрүүлэхгүй гэдэг. Уг нь “Өдрийн сонины сэтгүүлч Энхболд байна аа” гэж хэлээд, хэнээс ямар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа тайлбарлаад шууд нэвтрэх эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр бүх л зүйл хаалттай болж байгууллагын дотоод журмаар зохицуулсан гээд хаалт хийчихдэг болсон. Ийм байж болохгүй.

Тухайлбал, АНУ-д 100 жилийн өмнө Үндсэн хуулиндаа хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг Үндсэн хуулийн дагуу суурь болгон явна гээд суулгаад өгчихсөн. Тиймээс ямар ч албан байгууллагын дотоод журам нөлөөлдөггүй. Маргаан үүслээ гэхэд Үндсэн хуулиараа л шийддэг. Гэтэл манайд тийм биш. Тэр утгаараа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж мэргэжлийн байгууллагын эрх чөлөөг нээсэн, ажиллах боломжоор хангасан хууль гаргах цаг болсон. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш бараг салхи орсонгүй. Өмнө нь Т.Баасансүрэн даргын үед Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маш сайн ажиллаж ирсэн. Өнөөдөр мэргэжлийн сэтгүүлчдийн байгууллага маань хүчтэй, Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн ажиллах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн холбоод нэгдэж, мэргэжлийн хүмүүсийн нүдээр харж байгаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө бэлдээд Их хуралд өргөн барьчихмаар байна. Их хуралд хэвлэл мэдээллийн салбараас төрсөн түшээд нэлээд бий. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай гэвэл Их хуралд лобби бүлэг байгуулаад явбал орох гишүүд ч байгаа. Энэ боломжоо бид ашиглах ёстой. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Ленинградын Их сургуульд таван жил сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж, Дойче веле телевиз, АНУ-д очиж мастер хамгаалсан мэргэжлийн сэтгүүлчийн хувьд энэ салбараа маш их хайрлаж, харамладаг.

Эрүүл нийгэм хөгжихөд хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал. Гэтэл манайд хэвлэлийн эрх чөлөө хумигдаад байна гэдэг чинь авлигад хэт автсан, бүлэглэлд орсон, нийгмийн ялгаа хэт гаарч байгаа нь эрүүл сэтгүүл зүй дутагдаж буйн нэг илрэл. Ардаа асуудалтай, хуулийг гууль болгосон нөхдүүд хэвлэлийнхнээс эмээдэг. Тиймээс аль болох хэвлэлийн эрх чөлөөг хааж, боомилох тухай ярьдаг. Асуудал дэвшүүлж үнэнийг ил болгох, гутаан доромжлох, гүтгэх гэдэг тусдаа ойлголтууд. Сэтгүүлчид маань үүнийг мэргэжлийн түвшинд ялгаж гаргаж ирэх ёстой.

-Сошиал, сэтгүүл зүйг холих болсон. Сэтгүүлчид сайн, муугаараа дуудуулаад эцсийн мөч хүртэл зүтгэж, мэдээллийн үнэн зөвийг тогтоохын тулд ажилладаг. Сэтгүүлчдийг буруутгаж байгаа нэг шалтгаан нь мэдлэг, боловсролын асуудал байна…

-Маш чухал зүйлийг та асуулаа. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, тэр хүмүүсийн өмнө асууж буй асуулт, бичиж буй нийтлэл, нэвтрүүлгээрээ ялгарах ёстой. Хойно оюутнууд үнэгүй сурдаг байсан даа. Хамгийн сүүлчийн цэрэг нь би. Надаас хойш төлбөрөө төлж сурдаг болсон. Тиймээс суралцах боломж дутмаг болж эхэлсэн. Мэдлэг, боловсрол нимгэнээсээ болоод сэтгүүлчдийн нэр хүнд унаж байгаа тал бий. Үүн дээр дөрөөлөн тэс хөндлөнгийн хүмүүс орж ирж, сэтгүүл зүйн гурван сарын курст сурч сайт байгуулан, тэрний, энэний хэвлэлийн ажилтан гээд салбарын нэр хүндийг гутаагаад явж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага редакцитай байна гэдэг хамгийн чухал. “Өдрийн сонин” гэж маш том гал тогоо редакци бий. МҮОНРТВ гэдэг байгууллага нь байгаа гэх мэтчилэн редакцитай газруудад редакцийн соёл илүү төлөвшсөн байдаг. Гэтэл тийм биш хүмүүс олширсон. Хуульчид шалгуур давж өмгөөлөх эрх авдаг шиг сэтгүүлчдийг мөн шалгууртай болговол сэтгүүл зүйн орчин өөрчлөгдөнө. Сэтгүүлчдийн цалин нэмэгдэх, хэвлэлийн байгууллагуудын санхүүжилтийг өргөтгөх боломжууд бий. Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн газрууд байдаг. Тиймээс бид нэгдээд орох ёстой. Мэргэжлийн шалгалт өгдөг газар, зөвлөлийг бий болгомоор байна. Би Фридрих Эбертийн сангийнхантай уулзсан. Германд өнгөрсөн оны аравдугаар сараас Цахим зохицуулалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Сэтгүүлч хардах эрхийнхээ хүрээнд асуудал дэвшүүлэн бичсэн нийтлэлийг нь зөрчил гээд хуулийн байгууллагатаа өгч хэвлэлийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого гарч байна гэсэн шүүмжлэл явж байгаа юм билээ. Нөгөө талаасаа Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн, өрсөлдөгчөө огт үндэслэлгүй гутаан доромжилсон зүйлсийг яаж ялгах вэ гэдэг дээр шүүмжлэл өрнөж байгаа юм байна. Бид ч гэсэн энэ зүйлийг ярьж байгаа. Тиймээс бид мэргэжлийн гэдэг зүйлээ сайн зааглаж оруулж өгөх хэрэгтэй байгаа юм. Сэтгүүлчдийг бэлтгэх тал дээр анхаарах цаг болсон. Ёстой л төрмөл авьяасаараа явж байна шүү дээ. Сэтгүүлчид маань үргэлж бусдын төлөө гүйдэг шигээ өөрсдөдөө хааяа ч болов цаг зав гаргаж байх хэрэгтэй. Манайхан машинд нь л анхаараад байдгаас биш, машиныг жолоодож яваа сэтгүүлч, техникийн ажилчдаа анхаарахаа больсон. Энэ хүмүүс мэргэшсэн чадварлаг байж салбар эрүүл, хүчтэй байна. МСНЭ, хэвлэлийн байгууллагууд хүмүүсээ мэргэшүүлэх, санхүүгийн тал дээр бие даасан байх тал дээр нь хамтдаа анхааръя. Ингэсэн тохиолдолд бид салбараа хүчтэй байлгаж чадна.

-Сэтгүүлч баримт гаргаад бичихээр байгууллага, хувь хүний нууцад халдлаа гэдэг. Тэгээд сэтгүүлчийг хоёр сая, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгодог. Хуучин шүүхээр орж асуудлаа шийддэг байсан бол Зөрчлийн хуулиар нэг цагдаа бүхнийг шийддэг болсон. Нэг үгээр хэлбэл цагдаагийн үзэмжээр асуудал явж байна…

-Эрүү, Зөрчлийн хуулийг зайлшгүй эргэж харах ёстой. Хуулиараа сэтгүүлчдийн амыг барих гээд байна. Сошиалаар хуурамч нэр хаягнаас хүн гүтгэх, та Энхболд гэдэг нэрээрээ нийтлэл гаргаж байгаа энэ хоёр тусдаа асуудлыг ялгаж салгаж өгөх ёстой. Тэгэхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг сошиал мэт ойлгож болохгүй.

Цагдаа, шүүхийнхэн маань өөрсдөө “Энэ хүн гүтгэсэн үү, үгүй юу. Сэтгүүлч мэргэжлийн түвшинд баримттай бичсэн үү, гутаан доромжилсон уу гэдгийг яаж шүүх вэ, хэцүү байна” гэдгийг уулзахад ярьж байсан. Хэвлэлийн зөвлөлд хандаад мэргэжлийн зөвлөгөө өгөөч гэдэг юм байна. Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчийн бүтээл, редакцийн энэ зөв буруу, үүнийг шийтгэ гэх эрх байхгүй гэдэг тул яалт ч үгүй зохицуулалт хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн талаар ямар ч мэдлэггүй шүүгч яаж буруутай, буруугүйг ялгаж шүүх юм. Бүр болохгүй бол хуульч сэтгүүлчдийг бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй. Зөрчлийн хуулийг засах ёстой.

-Хэвлэлийн байгууллагууд санхүүжилт тун хэцүү байгаа. Зарим хэвлэлүүд хаалгаа барьж байна. Бодлогоор яаж дэмжих ёстой вэ?

-Гурван сая хүн амтай манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл 100 сая хүн амтай улсад телевиз, сонин нийлээд 5-10 байх жишээтэй. Манайд олдохоороо өлдөнө гэдэг шиг хэвлэлийн нэр хүндийг унагаасан байгууллагууд байгаа тул чадалтай нь үлдэх зарчим үйлчлэх ёстой. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн мэргэжлийн бус хүмүүс хэвлэлийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгааг буруу гээд байгаа юм. Өдрийн сонин, Өнөөдөр сонин гээд цөөн хэдэн сонин үлдлээ гэхэд тал бүрт тарааж рекламаа өгдөг газрууд цөөн хэдэн хэвлэлдээ өгч, тэр нь хэвлэлийн байгууллагадаа маш том дэмжлэг болно. Өдрийн сонины нэгдүгээр нүүрт ганц мэдээ гаргахад 10 сая төгрөгөөр үнэлж болох тийм боломж байгааг үгүйсгэх аргагүй. Шигшигдээд мэргэжлийн байгууллагууд нь үлдвэл үнэлэмж ч дээшилнэ. Үүнийгээ хуульчилж, журамлаад өгөх хэрэгтэй байна.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, үзэг нэгт нөхөддөө хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Үзэг нь хурц, ухаан нь мэргэн, сэтгүүлчид маань чадварлаг, үнэ цэнэтэй байх болтугай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *