Categories
мэдээ цаг-үе

М.Одгэрэл: “Монос” эмийн үйлдвэр олон улсын GMP стандартыг амжилттай хэрэгжүүлээд явж байна

“Forbes”-оос Монголын шилдэг компани, байгууллагуудыг өнгөрсөн баасан гаригт зарласан юм. “Forbes Awards 2019”-ийн “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорсон “Монос” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэлтэй ярилцлаа.


-“Forbes” танай үйлдвэрийг Монголын шилдэг үйлдвэрээр нэрлэсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Танай үйлдвэр уг шалгаруулалтын ямар шалгуур, үзүүлэлтүүдийг нь хангасан бэ. Энэ шагнал олон улсын хэмжээнийх гэж хэлж болохоор нэр хүндтэй шагнал шүү дээ?

-Манай үйлдвэрийг ямар шалгууруудаар сонгон шалгаруулсныг бид нарийн мэдэхгүй байна. Хувийн зүгээс таамаглахдаа, манай үйлдвэр сүүлийн зургаа, долоон жил Монгол Улсад эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт дэлхийн стандартуудыг нэвтрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулах, эмийн чанарыг сайжруулах чиглэлээр маш олон ажил хийж байна. Энэ олон ажлыг маань үнэлж, дүгнэж шалгаруулсан болов уу гэж бодож байна.

-Үйлдвэр, үйлдвэрлэгч гэдэг бол Монголын өнөөгийн нөхцөлд ус, агаар шиг хэрэгтэй зүйл болоод байна. Үйлдвэрлэлийг дагаад олон эерэг өөрчлөлт гардаг. “Монос” эмийн үйлдвэр хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-1990 онд анх байгуулагдсан, эмийн үйлдвэр. Одоогоор 180 гаруй ажилтантай. 100 гаруй нэр төрлийн эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Эм бэлдмэл маань Монгол орны ургамлын гаралтай. Химийн гаралтай эм бэлдмэл ч үйлдвэрлэж байгаа. Эдгээр 100 гаруй эм бэлдмэлийнхээ 30 орчим нэр төрлийг манай үйлдвэрийнхэн өөрсдөө зохион бүтээсэн брэнд эм бэлдмэлүүд юм. Мөн дэлхийд танигдсан, хэрэглээнд нэвтэрсэн эмүүдийг Монголд технологийг нь нутагшуулах замаар үйлдвэрлэж байна. Нийтдээ 40 орчим эрдэмтэн, судлаачид эм бэлдмэлийн туршилт, зохион бүтээлтэд ажилладаг. Эм судлалын чиглэлээр ажилладаг Эм судлалын хүрээлэн судалгаа, шилжилгээгээ хийж ажиллаж байна.

Сүүлийн хоёр гурван жилд хийгдсэн гол ажлууд гэвэл Монгол Улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлагдсан. Тэр бодлогод аюулгүй, чанарын шаардлага хангасан эмээр ард иргэдийг хангахыг дэмжиж ажиллана гэсэн зүйл бий. Түүний хүрээнд манайх GMP (Good manufacturing practice) стандартыг нэвтрүүлэх гээд 2012 оноос ажилласан. Энэ нь энгийн нэг стандарт биш. Бүх зүйлийг нарийн тусгаж заасан стандарт л даа. Үйлдвэрийн барилга байгууламж ийм байх ёстой, үйлдвэрийн орчин ийм байх ёстой. Ажилчид нь ийм байх ёстой, танай байгууллагын үйл ажиллагаа явуулдаг менежмэнт арга барил, тогтолцоо ийм байх ёстой, бүтээгдэхүүн чинь ийм байх ёстой, нийлүүлэгч чинь ийм байх ёстой гээд бүх юмыг нарийвчлаад заачихдаг стандарт. Энэ стандартыг хангахын тулд эхний ээлжинд хийх ёстой асуудал бол үйлдвэрийн орчин, үйлдвэрээ байгуулах ажил болчихоод байгаа юм. Үүн дээр бид 2012 оноос хойш Европын Сэргээн босголтын банктай хамтраад төсөл хэрэгжүүлээд GMP-1 буюу эхний шатны төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Тэр төсөл маань энэ нэр хүндтэй шагналыг авчирлаа гэж үзэж байна.

-Эмийн үйлдвэрлэл бол тухайн улсын аюулгүй байдалтай холбоотой чухал салбар. Эм нийлүүлэлтийн тодорхой хувийг дотоодын үйлдвэрүүд нь хангаж байна гэдэг нь эргээд үндэсний аюулгүй байдалтай хамаатай гэсэн үг шүү дээ?

-Эм бол стратегийн бүтээгдэхүүн. Би саяхан Казахстан, Киргизстан, ОХУ-аар ажлаар яваад ирлээ. Эдгээр улсад өөрсдийнхөө үйлдвэрлэдэг эм бэлдмэлтэй ижил эм бэлдмэлийг гаднаас авч хэрэглэхийг хориглодог юм байна. Энэ нь улс орных нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас дотооддоо үйлдвэрлэсэн эмүүдийг л авч хэрэглэдэг гэж байсан. Манайд хараахан ийм бодлого гараагүй. Сүүлийн хэдэн жил дотоодын үйлдвэрийг төрөөс дэмжихийн тулд эмнэлгүүдийн тендерт оролцоход гадаад болон дотоодын үйлдвэрийн адилхан чанартай, ижилхэн бүтээгдэхүүн байвал 10 хувийн хөнгөлөлт буюу давуу байдлыг үүсгэдэг болсон. Ийм л дэмжлэг бий. Харин бусад зүйлүүдийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд аваад явж байна.

-“Монос” эмийн үйлдвэр Монголын нийт эмийн зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Нийт эмийн зах зээлийн 3-4 хувийг л эзэлж байна. Монгол Улсад одоогоор 4800, бараг 5000 эм бүртгэлтэй. Үүнээс манайх 100 гаруйг нь л үйлдвэрлэж байна. Бидний үйлдвэрлэж буй 100 гаруй нэр төрлийн эм маань үйлдвэрлэсэн тоо хэмжээгээрээ бусад ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүнтэй харьцуулагдаад зах зээлээ хувааж байгаа юм л даа. Ингээд харьцуулахад 3-4 хувь л байгаа юм. Харин дотоодын эм үйлдвэрлэлийн хэмжээ гэж тусдаа бий. Монголд 34 орчим эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын энэ үйлдвэрүүдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг нийлүүлж тооцоод гаргаад тэрэн дотор “Монос” хэдэн хувийг нь эзэлж байна вэ гэвэл манайх 25-28 хувь эзэлдэг.

-Танайх аль улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолж байна вэ?

-Орост “Нефромон” гэж ургамлын гаралтай бөөр хамгаалах бэлдмэл маань худалдаанд нь байна. Киргизстан, БНСУ-д бүртгүүлэх ажиллагаа явагдаж байна. ОХУ-д нэмж хоёр бүтээгдэхүүний бүртгүүлэх ажил явж байгаа. Япон, Солонгос зэрэг орнуудад бүртгэлийн ажил нь явж л байна.

-Эмээ тухайн улсад бүртгүүлэхэд цаг хугацаа их ордог гэж сонссон?

-Эмийг гадаадад гаргахад хамгийн том асуудал бол бүртгэлийн асуудал байдаг. Бусад бараа бүтээгдэхүүнтэй адил тухайн улс руу шууд оруулж болдоггүй. Тухайн орон маш өндөр шалгуур, цензурээр шалгадаг. Улс болгон стандарттай. Тэрийг нь давж гарч байж хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм.

-Танай бүтээгдэхүүнүүдээс хамгийн их эрэлттэй, гадныхан ихээр таашаадаг нь гэвэл?

-Ургамлын гаралтай “Нефромон”, “Салимон”, “Тонзилмон”, “Витагрипп” гэсэн эмүүд маань гадныхны сонирхлыг ихээр татдаг. Учир нь Монгол оронд ургасан онцлог шинж чанартай ургамлуудаар хийсэн болохоор ихэд таашаадаг. Мөн үр дүн ч сайн нөлөөтэй. Сүүлийн үед “Витагрипп”-ийг америкчууд тодорхой хэмжээгээр сонирхож байна. Бид ч гаргах гээд оролдоод л явж байна. Одоогоор судалгааны ажил нь хийгдэж байгаа.

-Эмийн түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Эмийн түүхий эдүүд химийн үйлдвэрүүдээс гардаг. Химийн үйлдвэрүүд хаагуур ихэвчлэн байрладаг вэ гэхээр, дэлхийн эмийн түүхий эдийн 90 хувийг Энэтхэг, Хятад улс хангадаг. Мөн ОХУ, БНСУ улсад эмийн түүхий эдийн үйлдвэрүүд бий. Манайх түүхий эдээ энэ дөрвөн улсаас тодорхой хувь хэмжээгээр авч байна. 2000-аад оны эхээр БНХАУ хөрөнгө оруулалтыг дэмжиж эхлэхэд Европт байсан химийн үйлдвэрүүд бүгд Хятад руу нүүчихсэн. Хуучин Европт байсан, бидний харьцдаг байсан үйлдвэрүүд маань урд хөрш рүү нүүсэн ч бид харилцдаг үйлдвэртэйгээ л холбоотой байгаа. Улс орноор нь харвал Хятадаас түүхий эдээ авч байгаа мэт харагдаж байгаа ч Европт үүссэн үйлдвэрүүдтэйгээ олон жилийн турш харилцаж байгаа зарчмаар хамтарч ажилласан хэвээр байгаа.

-Монголын эм үйлдвэрлэлийн гол компаниудын нэг нь л дөнгөж 3-4 хувийг эзэлж байна гэдэг чамлахаар тоо. Нийт эмийн зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд төрөөс ямар бодлого явуулбал зүйтэй вэ?

-Манай дотоодын эмийн үйлдвэрүүд нийлээд нийт эмийн зах зээлийн арван хэдэн хувийг л эзэлж байна. 85-88 хувь нь импортоор орж ирээд байгаа юм. Мэдээж бид үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээг нэмэх нь зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнд хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээрт, үндэсний эмийн үйлдвэрүүд Олон улсын GMP стандартад нийцсэн үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй. Нуулгүй хэлэхэд дотоодын үйлдвэрийн зарим нь тэр тал дээрээ хоцроод байна. Хоёрдугаарт, бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийн асуудал. Манайх 100 гаруй нэр төрлийг нь л үйлдвэрлэж байна. Гэтэл цаана нь 5000 орчим эм бэлдмэл байна. Манай үйлдвэр тэр 5000 эм бэлдмэлийг бүгдийг нь үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс импортлохоос өөр аргагүй. Бидний хүрч чадаагүй, нэвтрүүлж чадаагүй технологи зөндөө бий. Мөн улсын хэмжээнд аравхан хүн хэрэглэдэг ховор эм гэж бий.

-Аравхан?

-Байлгүй яахав. Өвчний онцлогоосоо болоод 100 хүн хэрэглэдэг хэрэглээ маш багатай эмүүд ч байдаг. Тэр эмүүдийг үйлдвэрлэх гэхээр асар өндөр өртөгтэй болно. Тэр өртгөөр хэрэглэгчдэдээ санал болгохоор хэрэглэгчдэд маань үнэтэй тусна. Тиймээс зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийн хувьд боломжгүй. Заримыг нь зах зээлээсээ болоод үйлдвэрлэх боломж байхгүй гэсэн шалтгаанууд байна. Авах ёстой зайлшгүй арга хэмжээ гэвэл, Монгол Улсын үндэсний зайлшгүй шаардлагатай эм гэж байдаг. Тэрэнд нь орсон, массын хэрэглээг нэлээд хамарсан, их хэмжээтэй хэрэглэгддэг ийм эмүүдээс 20 гаруйг нь бид үйлдвэрлэж байна. Тэр эмүүд дээрээ л үндэсний үйлдвэрүүдээ дэмжсэн, дээр миний ярьсан шиг бодлого, үгүй ядахнаа эмнэлгүүдийнхээ тендерт чанар, стандартынхаа шаардлагыг тодорхой тавьж байгаад худалдан авалтууд дээр дэмжээд өгвөл үндэсний үйлдвэрүүд босоод ирэх боломжтой. Түүнээс биш импортоор оруулж ирж байгаа 88 хувийг эзэлж байгаа эмүүдийг дотоодын үйлдвэрүүд бүгдийг нь үйлдвэрлэх боломжгүй. Дотоодын эмийн үйлдвэрүүд маш сайн ажиллахад Монгол Улсын эмийн хэрэглээний 30-40 хувийг хангах боломж байгаа.

-Одоо тэгвэл танай хэрэгжүүлж байгаа төслийн хоёрдугаар шат эхэлбэл Монгол Улс олон улсын GMP стандартыг хангасан эмийн үйлдвэртэй болох нь дээ?

-1800 метр квадрат талбай дээр GMP стандарт хангасан үйлдвэрээ барьчихаад байна. Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 3-ны өглөө бид GMP-1 төслийнхөө дараагийн төсөл буюу дахиад 1800 метр квадрат талбай дээрээ дараагийнхаа үйлдвэрийг барих төслийнхөө нээлтийг хийсэн юм. Тэгтэл тэр өдрийн орой нь манай үйлдвэр “Forbes Mongolia”-гаас “Монголын шилдэг үйлдвэрлэгч” шагнал гардаж авсан. Их бэлгэ дэмбэрэлтэй юм болсон. Хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор бидний үйлдвэрлэж байгаа 100 гаруй эмэн дээр нэмж шинээр арван нэр төрлийн эм гарна. GMP стандартын үйлдвэрт хийсэн, импортыг орлох эм бэлдмэл ард иргэдийн гарт очих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тэр төслөө амжилттай хэрэгжүүлчихээд GMP-3 төслөө хэрэгжүүлнэ. Уг төсөл нь цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортын зорилгоор үйлдвэрлэхэд чиглэнэ. Ажил маань сайхан бүтэмжтэй явж байна. Гэхдээ бидний төлөвлөгөөнөөс хугацаа жаахан хоцорч байна. Сүүлийн хоёр ойрхон тохиосон санхүүгийн хямрал цаг хугацааг нэлээд хойш чангаалаа. Гэхдээ ямартаа ч цаашдаа Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбар, эм үйлдвэрийн салбарт жишиг болоод, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын бүтээгдэхүүнийхээ тоо, татвараа нэмэгдүүлж, ажлын байр олноор гаргах нь үйлдвэрлэгч бидний хувьд гол зорилт юм даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *