Categories
мэдээ цаг-үе

М.Наранбаатар: Намайг аль намын хэний хүн гэх юм бэ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

-Саяхан УИХ 2015 оны төсвийг батлахдаа МҮОНРТ-ийн төсвийг ихээхэн танаж баталсаныг та юу гэж үзэж байгаа вэ. Үндэсний телевизийн үйл ажиллагааны цар хүрээнд энэ асуудал нөлөөлөх үү?

-Энэ тухай ярихын өмнө тодорхой ойлголтыг өгөх хэрэгтэй байх. Шийдвэр гаргагчид зөвхөн олон нийтийн телевиз гэж яриад байдаг юм. Уг нь манай байгууллага олон нийтийн телевиз, үндэсний цөөнхөд зориулсан хоёрдугаар суваг, ММ агентлаг, Монголын радиогийн 3 суваг, дэлхийд таван хэлээр нэвтрүүлэг цацаж буй Монголын дуу хоолой радио гээд олон хэлтэс, хэсгээс бүрддэг. Тэгэхээр ганцхан телевизэд төсөв өгдөг хэрэг биш болж байгаа юм. Манай төсөв юунаас бүрддэг вэ гэвэл мэдээж улсын төсвийн дэмжлэг, хураамж, нийгмийн чанартай сурталчилгаанаас бүрдэнэ. Улсын төсвөөс манай байгууллагын зардлын 50 хувийг хангадаг байсан. Үүнийг энгийнээр өгүүлэхэд улсын төсвөөс ирэх дэмжлэг манай нийт хүмүүсийн цалинтай л тэнцдэг байсан бол одоо нийт ажилчдын цалин байхгүй болчихлоо гэсэн үг. Тэгэхээр цаашдаа МҮОНРТ яах ёстой вэ. Яаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, цалингаа тавьж, мэдээллээ бэлтгэх вэ гэдэг асуулт босч байгаа. Энд үндсэн үүрэг буюу соён гэгээрүүлэх, мэдээлэх, улмаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч бий. Энэ бүхнийг авч үлдэх, цаашид хадгалах хөгжүүлэх боломжгүй боллоо. Одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл оногдсон төсвөө хуваарилахаар ид ярьцгааж байна.

-Төсвөө хуваарилахаар үйл ажиллагааны ямар график гарах бол. Ажилчдаа халах уу, зарим нэвтрүүлгүүдээ зогсоож, эфирээ хаах уу?

-Радиогийн гурван сувгийн хоёрыг нь хаах уу. Телевизийн хоёр сувгийнхаа үндэсний цөөнхөд зориулсан эфирийг зогсоох уу. Мэдээллийн хөтөлбөрийнхөө талыг нь зогсоож, Монголын дуу хоолой радиогоо, MNB сайтаа хаах уу, ажилчдаа цомхотгох уу гээд олон асуудал босно. Шийдвэр гаргагчид үүнийгээ эргэж харах байх гэж найдаж байна.

-Төсөв танах болсон шалтгаан нь юу байв?

-Зарим хүмүүсийн мундагаар ярьж байгаа асуудлын цаана өчүүхэн жижиг эрх ашиг байдаг гэдгийг олон нийт мэднэ дээ. Тэрүүн шиг дэндүү харамсалтай популизм явчихлаа. Миний сонссоноор МҮОНРТ-ийн төсвийг танах саналыг гаргасан хүмүүсийн нэг буюу Ч.Хүрэлбаатар гишүүн PR-ийн мэргэжилтэн авсан байна. Тэгсэн тэр нөхөр нь “Та олон нийтэд таалагдахыг хүсвэл сэтгүүлчдэд таалагд. Сэтгүүлчдэд таалагдъя гэвэл мөнгө өг. Мөнгө өгөхийн тулд МҮОНРТ-ийн төсвөөс танаад танай телевизд өгье гэвэл телевизүүд таныг магтана” гэсэн байгаа юм. Энэ өчүүхэн жижиг популизм нь ард түмэн олон нийтэд гай дагуулж байна. Дээр нь ганц нэг хүний популизмд автаад хийчихээгүй. Ер нь энэ хугацаанд улстөрчдөөс хараат бус байх, олон нийтийн байх чиг баримжаагаа дагасан нь улстөрчдийн дургүйг хүргэсэн бололтой. Улстөрчдийн томил гэсэн хүнийг томилоогүй, гарга гэсэн нэвтрүүлгийг нь гаргаагүй явдлууд ийм байдалд хүргэлээ. Энэ үйлдлээ эрх баригчид эдийн засгийн хүндрэлтэй уяж тайлбарлах гэх байх. Гэхдээ 2008 оны төсвийг батлахад өнөөдрөөс ч хүнд байсан даа. Тэр үедээ яагаад хасаагүй байж, өнөөдөр ингэж авирлаад байгаа юм гэдэг асуулт гарна.

-Олон нийт хараат бус бай, бие даасан бай, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуул гэж шахдаг. Харин хараат бус байх боломжгүй гэдгийг саяын төсөв баталсан явдал баталчихав уу?

-Үеийн үед ийм л нөхцөл байдалтай байсныг хэлээгүй нь миний буруу байх. Би гурав дахь парламент, зургаа дахь Засгийн газартай ажиллаж байна. Төр засгийнхан “Та нар биднээс мөнгө авчихаад яагаад бидний тухай, бидний нэвтрүүлгийг гаргахгүй байна вэ” гэдэг. Бид “Уучлаарай. Хараат бус байна. Зарчмаа дагана” гэхээр “Төсвийг чинь хасна” гэдэг байсан . Ингэж биеллээ олно гэж санасангүй. Дээр нь өс өвөрлөсөн нам, нийгэмд таалагдах гэсэн популист улстөрч, М.Наранбаатар гэдэг хувь хүнд хонзогносон бүлэглэлийн огтлолцол дээр асуудал шийдэгдлээ.

-Нэгэнт асуудал шийдэгдсэнээс хойш өнөө жилдээ бүсээ чангалаад ажиллах байх. Цаашид асуудал хэрхэх бол?

-Байдал ингэж эргэсэн ч гэлээ олон түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Урьд нь хийж байсан зүйлүүдээсээ ухарч болохгүй. Улсын төсвөөс ирэх мөнгө танагдсан ч олон түмнээс ирэх хураамж гэж байдаг. Гэтэл бас л хураамжийг алга болгох тухай хүмүүс ярьж, асуудал босгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан гишүүн МҮОНРТ-ийн нэг өрхөөс авдаг 1100 төгрөгийн хураамжийг зогсоох хуулийн төсөл санаачлаад явж байна. УИХ-ын гишүүдэд санаачлах хууль, хийх ажил олдохгүй байгаа юм уу, бүү мэд. Нэг өрхийн сард өгч байгаа 1100 төгрөг хэний амьдралд гай болж байгаа юм бол. Авч байгаа мэдээ мэдээлэл, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх хөтөлбөрүүдийг 1100 төгрөгтэй харьцуулахад тэс өөр асуудал яригдана. Энгийн жишээг дурьдахад кино театрт нэг удаа кино үзэхэд 8-9 мянган төгрөг. Харин манайх 1100 төгрөгөөр сард 50 кино үзүүлж байгаа. Бас сард 180 мэдээллийн хөтөлбөр 1100 төгрөгтөө багтдаг. Дээр нь хүүхэд залуус, эмэгтэйчүүдийн гээд олон зорилтот бүлгүүдэд зориулсан нэвтрүүлэг бий. Энэ бүгдийг яагаад байхгүй болгох гээд байгаа юм. Өнгөрсөн зун би Баян-Өлгий аймгаар явсан. Тэндэхийн иргэд үнэхээр баярлаж байна билээ. “Бид монгол хэл сураагүй нь алдаа. Гэхдээ Тува аялгаар, Казах хэлээр нэвтрүүлэг явуулж байгаа нь үнэхээр сайшаалтай” гэж хэлж байсан. Улмаар MNB world гэсэн гуравдугаар сувгаа нээж англи хэлээр цацахаар төлөвлөж байлаа. Цаашдаа Орос, Хятад гээд олон хэлээр цацагдах боломжтой. Монгол төрийн бодлого, бодит мэдээллийг өгдөг сувагтай болох зорилго маань ингээд үгүй болж байна. Төсөв танасны уршиг энэ.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон хүний ажиллах хуулийн хугацаа дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн анкетийг өнгөрсөн долоо хоногт аваад дууслаа. Хэр нээлттэй явагдав?

-Би ч гайхаж байна. Яагаад гэвэл “Та нар олон нийтийн байх ёстой, та нар МАН, АН-ын засагт үйлчилж байна” гэж ярьдаг, хашгирдаг, шахаж шаарддаг хүмүүс маань хаачив. Тэр хүмүүс Үндэсний зөвлөлөөр дамжуулж тэнд хяналт тавьдаг учиртай. Үүнийг төрийн бус байгууллагууд, олон нийт, нөгөө санаа тавьдаг хүмүүс ойлгосонгүй юу. Эсвэл тэдэнд ойлгуулсангүй юу гэдэг нь анхаарал татаж байгаа. Ер нь 2005 онд МҮОНРТ-ийн хууль батлагдахад Үндэсний зөвлөлийн 15 гишүүний асуудал үүссэн. Тэгэхэд 130 гаруй төрийн бус байгууллага нэгдэн чуулганаа хийж 35 байгууллага гишүүнийхээ нэрийг дэвшүүлсэн. Эрүүл мэнд, спорт, хууль эрх зүйн чиглэлээр гэх мэт. Тэгээд тухайн үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ, төрийн бус байгууллагаас 15 хүнийг томилж явуулсан. Ер нь яагаад манай байгууллагын анхны Үндэсний зөвлөл “Их сайн ажилласан” гэж сайшаагдаж өдий хүртэл яригддаг вэ гэвэл олон нийт харьцангуй сайн, нээлттэй оролцсоных. Энэ удаа харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Би хэвлэлээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ярилцлагыг уншлаа. Тэр хүн “Төр мөнгөө өгдөг учраас араас нь хяналт тавиулахаар хүмүүсээ явуулдаг” гэж хариулсан байна билээ. УИХ-ын байнгын хорооны дарга л ийм ойлголттой байна шүү дээ. Түүний ярилцлагыг уншаад олон нийт “Нөгөө хараат бус, олон нийтийн статус нь хаана байна. Төр хянадаг юм байна” гэж ойлгохоор болсон байсан.

-Үндэсний телевиз дээр бүх асуудлыг М.Наранбаатар зохицуулдаг юм уу эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-аас бүрдүүлсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг бүх шийдвэрийг гаргадаг юм уу?

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл анх байгуулагдсанаас хойш дөрөв дэх бүтэц нь ажиллах гэж байна. Гурав, гурван жилээр ротаци хийгддэг. Харин сүүлийн үеийн бүтцийг хараад хүмүүс ойлгоно. Бүх зүйл ойлгомжтой болсон гэсэн үг. Ямар зорилгоор хэнийг явуулдаг вэ гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нотлоод хэлчихсэн байна гэж харж байгаа.

-Саяхан МҮОНРТ-ийн хоёр захирал нь ажлаасаа халагдсан. Ямар үйл явдал болж хоёрын хоёр захирал нь нэгэн зэрэг ажлаа өгөхөд хүрэв?

-Яагаад халагдав гэхээсээ өмнө яаж томилогдсон процессыг нь харах ёстой. Ч.Даваабаяр гэж захирал байлаа. Ч.Даваабаяр улстөрчөөс, АН-ын нэг фракциас томилогдсон. Тэрээр ажлаа хийх нөхцөлгүй болсон. Хамт олных нь 80-90 хувь нь гарын үсгээ зурчихаад байхад би тогтоож авч үлдсэн ч гэлээ эсрэг санал гаргачихсан ажилтнууд нь удирдлага дор нь ажиллаж чадахгүй ш дээ. Ингээд Үндэсний зөвлөл энэ хүнийг чөлөөл гэж шахсан, чөлөөлсөн. Яг нэг жилийн өмнө саяынх шиг хэл ам гарсан. Гэм буруутан нь М.Наранбаатар ч юм шигээр яригдсан. Буруутай гэж хэлээд өнгөрөх бол нэг асуудал. Улмаар МҮОНРТ-ийг нурааж байгаа нөхөр нь М.Наранбаатар гэж яриад буусан. Бодит байдал тийм биш юм. Ер нь тэр хүний суудал гэхээсээ илүү миний суудал хэрэгтэй байгааг ярьж байсан. “Би хугацаатай томилогдсон. Надад эхэлчихсэн ажил байна. Би та нарын ажлаа өг гэсний дагуу болдог ч юм биш” гэж цаад эзэнд нь ч, өөрт нь ч хэлсэн. Энэ байгууллагыг авч үлдэхийн тулд, улс төрийн шахааг зөөллөхийн тулд Ч.Даваабаярын оронд Д.Энхтуяаг авсан. Д.Энхтуяа ирээд Ч.Даваабаяраас ч дор арга барилаар ажиллалаа. “Уучлаарай, болохгүй” байна гэдгийг би өөрт нь хэлсэн. Хамт ажиллаж байгаа хэрнээ Үндэсний зөвлөлд, УИХ руу байнгын матаастай. Матаасын хариу шийдвэр нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирээстэй. Ийм гацааны байдалтайгаар ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй байсан. Ингэж би ажиллаад ч яахав, тэр хүнийг байлгаад ч яахав. Шийдвэр гаргах шаардлага тулгарч би шийдвэрээ гаргасан. Үр дүнд нь дахиад л “М.Наранбаатар луйварчин, МҮОНРТ-ийг дампууруулсан” гэдэг яриа давтагдаж байгаа юм.

-Батбаяр, Д.Энхтуяа хоёр хамт томилогдсон байх аа. Яагаад хоёуланг нь халах болсон юм?

-Радиогийн, ММ агентлагийн, телевизийн, стратеги санхүүгийн захирал гэж бий. Энэ дөрвөн албан тушаал дөрвүүлээ дэд захирлын статустай байсан юм. Гадуур бүх зүйл нэг хүний гарт төвлөрч байна гэдэг шүүмжлэл байсан. Тэгэхээр нь хөтөлбөрийн бодлогыг салгая, асуудал эрхэлсэн дэд захиралтай болъё гэж үзээд Батбаярыг томилсон. Юун хөтөлбөрийн бодлого сайжрах, хөтөлбөрийн бодлогод анхаарах вэ. М.Наранбаатарын суудал л сонин байсан, тэдэнд.

-МҮОНРТ-ийн захирал болохын цаана ихээхэн том эрх ашиг байдаг бололтой. Яг ямар эрх ашиг байгааг та сайн мэднэ. Яагаад хүмүүс, улс төрийн бүлэглэл энэ суудлыг булаацалдаад байна?

-Захирал болохыг хүсч мөрөөдөж байгаа хүмүүсээс нь, захирал болгохоор тэмүүлж байгаа фракци, бүлэглэл, нам, тэрнийх нь лидерээс асуух хэрэгтэй байх.

-МҮОНРТ улс төрөөс ангид байх боломж байна уу. Уг статус нь олон нийтийн гэж байгаа ч ялсан намыг телевиз мэт байдаг шүү дээ?

-Нуух зүйл байхгүй. 1996 онд Засгийн газар бүрдээгүй байхад буюу Ерөнхий сайд нь томилогдсон даруйдаа гаргасан хамгийн эхний тушаал нь Радио, телевизийн даргыг солих байсан. 2000 онд засаг байгуулагдаад бас л хамгийн эхний тушаал нь Цагдаагийн дарга, манай байгууллага хоёрын удирдлагыг солих. Яагаад гэвэл манай байгууллагыг маш чухал зэвсэг гэж мэддэг. Дэлхийн жишигт ч тийм байдаг бололтой. Ямар нэг онц байдал үүсэхэд эхлээд телевиз дараа нь төмөр зам, цахилгаан станцыг гээд ярьдаг биздээ. Түүнтэй ижил манай байгууллагыг тайван байдлаар эзэлж байгаа хэрэг. Тэгээд дараа нь өөрсдийнхөө хөгжмийг захиална.

-Өнөөдрийн улстөрчид МҮОНРТ-д ямар хөгжим захиалж, ямар дарамт шахалт үзүүлж байна?

-Их том дэвшил 2005 онд гарсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа, Н.Энхбаяр дарга УИХ-ын дарга байхад хоёр талаас нэг, нэг хууль өргөн барьсан. Тэрний нэг нь ОНРТ-ийн тухай хууль. Уг нь 1998 онд төрд хэвлэл мэдээлэл байхыг хориглосон хууль гарч, хэрэгжсэн. Гэхдээ манайхыг эрх барьж байсан хоёр нам хоёулаа хувьчилж зүрхлээгүй. 1998 онд тэр хуулийг гаргахдаа ч АН манайхыг тавьж явуулаагүй. МАХН 2000 онд ялсан ч тавьж явуулалгүй хоёулаа өөрсдийнхөө үзэл суртлын зэвсэг болгосон. Харин 2005 онд олон нийтийн болгосон нь үнэхээр том дэвшил болсон. Тэгсэн ч үеийн үед эрх баригчид өөрийнхөө савраас тавьж явуулахыг хүсээгүй. Тэр нь төсвөөр баталгаажиж байгаа юм. Санхүүжилтээр нь барьж, шантаажилдаг хэлбэрээ орхиогүй гэсэн үг. “Бид төсвийг чинь өгөөд байхад. Чи яагаад байгаа юм” гэж өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад өгчихсөн юм шигээр эрх барьж байгаа хүмүүс яьдаг. Уяаных нь үзүүр тэдний гарт байгаа учраас бид хаашаа ч хөдөлж чадалгүй чирэгддэг. Гэхдээ олон нийтийн болсон гээд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тухай мэдээлэл гаргахгүй байна гэсэн үг бас биш.

-Манай МҮОНРТ бусад ижил төстэй орнуудын ижил статустай телевизүүдээс илүү байж, нийгмийг илүү ихээр соён гэгээрүүлж, мэдэх эрхээр нь хангаж чадаж байгаа юм уу?

-Бид өөрсдийгөө ардчиллыг хэдэн зуун жил хэрэгжүүлсэн Англи, Америк, Японтой жишиж яриад яахав. NHK-тэй ижил түвшинд хүрсэн гэвэл худлаа. Харин 1990 онд эрх чөлөөнд хүрсэн орнуудаар явж үзсэн. Ямар хууль гаргаж, яаж өөрчилсөн байна гээд. Зарчим нь манайхтай ижил ч оффис нь өнөөгийн МҮОНРТ-ийн байр шиг долоон байгууламж байгаа юм. Улс нь томдоо биш телевизийн стандарт тийм байдаг. Өвөрмонголын Одон телевизийг нэг харуулах юмсан, эрх баригчдад. Хятадын нэг мужийн л телевизийн байр, дэлхийн стандарт ямар байдгийг харуулж байна. Тэдний техник, тоног төхөөрөмж, хэдэн хүн байна гэдгийг харуулвал энэ хүмүүс цочиж унана даа. Юун манайхыг гоочлох, нэмж байр барьж өгөх асуудал яригдана. Гүрж, Киргиз, Армян гээд бусад олон орон ижил статус, ижилхэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр манайхан тэр улсууд руу очиж багшилж, телевизийн хөгжлийг зааж сургаж байна. Ер нь бид ОНРТ ямар байдаг вэ тэр жишиг зарчмаар л явж байна.

-Таны суудлын тухайд. Энэ суудалд удлаа, аль ч төрд нүүртэй гэх мэтээр яригддаг?

-Намайг аль намын хэний хүн гэх юм бэ. Нийтлэг үнэлэмж, бусдын жишгээр бол аль нэг нам, бүлэг, эвсэлийн хүн байж л ерөнхий захирал болно биздээ. Гэхдээ намайг хэний хүн гэх бол. Нэг хэсэг Н.Энхбаярын хүн гэдэг байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Одоо Ц.Элбэгдоржийнх гэх үү эсвэл З.Энхболд, С.Баяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн хүн гэх үү. Аль ч хувилбар нь боломжгүй байгаа биз. Шууд хэлбэл 2005 оны хуулийн ачаар, дээрээс нь зарчимтай ажиллавал хийж болдог юм гэдгийг харууллаа. Түүнээс биш намайг унагах, мөргөх оролдлого үе үеийн төр засагт байсан. Би өдөр бүр бүрхэг байсан гэж хэлэхгүй ч өдөр бүр сайхан байгаагүй юм шүү. Энэ зөвхөн М.Наранбаатарын асуудал байхаа больж Олон нийтийн радио, телевизийг сууриар нь байхгүй болгох асуудал болж байгаа учраас яриад байна. Төсвийг нь танаж, олон нийтийн зөвлөл нь ийм болчихлоо. 2012 онд долоон хүн тавихдаа ямар л хүмүүсийг явууллаа. Энэ нь тэрний хүн гээд шууд нэрлэнэ ш дээ.

-Одоо тэгвэл ямар ажил хийх шаардлага тулгарч байгаа юм?

-Шийдвэр гаргагчид алдаагаа ойлгох байх. Энэ хэн нэгний өс хонзонгоо авах талбар биш юм байна гэж харах байх. Харин засч болохгүй нэг зүйл байна. Хэрвээ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд аль нэг нам, фракцид харьяалагдсан хүмүүс ороод ирвэл зургаан жилдээ засч чадахгүй. Зургаан жилийн дараа ямар үр дүн гарах вэ гэвэл “Засрахааргүй болжээ. Хувьчилъя” гэдэг шийдвэр л гарна. Хувьчлах сайн хувилбар мөн ч цаана нь нэг эзэн байж таарна. Одоо байгаагаас нь сайн авч явж чадахгүй. Тиймээс л Япон NHK-гээ хувьчилдаггүй. Японы тэр олон баячуудаас NHK-г, Английн үе дамжсан тэрбумтнуудаас BBC-г худалдаад авчих хүн байдаг л байлгүй дээ. Энэ орнууд олон нийтийн гэдэг статусаа яагаад хадгалаад байдаг юм. Нэг шалтгаан цаана байдаг болохоор тэр юм. Нийгэмд захиалгат бус бодит мэдээллийг соён гэгээрүүлэх түвшинд хүргэх шаардлага зүй ёсных. Хэрвээ хувьчилна гэвэл тэр орнуудын ард түмэн жинхэнэ утгаараа босох байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *