Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Мөнхмандах: Монголын сонинуудыг судалгааны бүх жилүүдэд “Өдрийн сонин” тэргүүлсээр байна

Өчигдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” мониторингийн 19 дэх жилийн тайланг танилцууллаа. Тухайн тайланд 2017 оны хэвлэл мэдээллийн маш нарийн тоон мэдээлэл багтжээ. Тухайлбал, 2017-2018 онд үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүрэн мэдээлэл, хаяг, холбоо барих утас зэрэг нь багтжээ. Мөн тус хүрээлэн өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн тав дахь засаглалын тухай гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг оролцуулсан сонирхолтой хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ тухай Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.


-Өнгөрсөн лхагва гаригт та бүхэн хэвлэлийн тав дах засаглалын тухай танилцуулсан. өнөөдөр (өчигдөр) “монголын хэвлэл мэдээлэл” тайлангаа танилцууллаа?

-Тийм ээ. Өнөөдөр монголчуудад танил биш хэвлэлийн тав дахь засаглалын тухай ойлголтыг иргэд болон улстөрчдөд таниулах нь тулгамдсан асуудал болоод байна.

-Яагаад?

-Нийгэм хөгжихийн хэрээр техник технологийн дэвшил хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа нь эерэг болон сөрөг олон нөлөө үзүүлэх болсон. Энэ бүхэнд хэрхэн зохицох талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

-Бидэнд хэвлэлийн дөрөв дэх засаглал маш танил. Харин хэвлэлийн тав дахь засаглалын тухай ойлголт алга?

-Шүүх засаглал, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг хянадаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг бид дөрөв дэх засаглал гэж үздэг. Харин тав дахь засаглал гэдэг ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийд нэлээн түгээмэл болсон. Өнөөдөр сошиал хөгжсөнөөр хэн ч нийгэмд үзэл бодлоо хүргэх боломжтой болсон. Энэ нь зөвхөн нийгэмд биш. Шийдвэр гаргагчдад үгээ хүргэх боломж олгож байгаа юм. Үүнийг л тав дах засаглал гэж нэрлээд байгаа. Тав дахь засаглал дөрөв дэх засаглалтай адил хэмжээнд асуудлыг нийгэмд хүргэх чадвартай болсон.

-Тав дахь засаглал манай улсад ямар түвшинд байгаа юм бол?

-Иргэд сошиалаар өөрсдийн хэмжээнд олны анхааралд хүргэхийг оролдож байна.

-Жишээлбэл?

-“Утааны эсрэг аав, ээжүүдийн хөдөлгөөн”, “Бэлгийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал” гэх зэргээр хөдөлгөөнүүд үүсч байна. Гэхдээ нөгөө талдаа хуурамч мэдээлэл түгээж нийгмийн эсрэг турхирах, элдэв бусармаг зүйлд уриалах боломж бас нээлттэй байгааг мартаж болохгүй. Сошиалын нэг онцлог нь алив нэг зорилготой хуурамч мэдээлэл үү, хувь хүний дүрээр аль нэгэн байгууллага сурталчилгаа хийж байна уу, эсвэл үнэхээр хувь хүн өөрийн итгэл үнэмшлээр үзэл бодлоо бичээд байна уу гэдгийг ялгах аргагүй. Бид өнөөдөр тав дахь засаглал гэж шуугихын зэрэгцээ иргэддээ сошиалд соёлтой хандах боловсролд сургах хэрэгтэй байгаа юм.

-Дэлхийн түвшинд сошиалын хэрэглээ ямар байгаа бол?

-Дэлхийн хэмжээнд судалгаа явуулдаг “Фрийдом хауз” байгууллагын 2018 оны судалгаа гарсан. Тайлант хугацаанд улс орны Засгийн газрууд интернэтийн хэрэглээг хязгаарлах оролдлого нэмэгдсэн. Засгийн газар энэ хэрэглээг хязгаарлах гэж оролдож байгаа нь зарим талаараа иргэдээ мөн нийгмийн аюулгүй байдлыг хангах оролдлого гэж үзэж болно.

Санаатайгаар худлаа мэдээ цацах, аливаа асуудлаас анхаарлыг холдуулах зэрэг оролдлого хийхдээ төлбөртэй мэдээллийг иргэдийн сэтгэгдэл хэлбэрээр тараадаг хэлбэр үүссэн. “Фрийдом хауз”-ын 60 оронд хийсэн судалгаанд 30 оронд төлбөртэй сэтгэгдлүүд байгаа нь илэрсэн. 2017 онд 18 оронд болсон сонгуульд нийгмийн сэтгэхүйд сошиал ашиглан буруу мэдээлэл түгээж нөлөөлсөн гэдэг судалгаа гарсан.

Мөн өсвөр насныханд асар их сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай ярилцсан. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах талаар бид хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн өнөөдөр тав дахь засаглалын тухай ойлголтыг нийгэмд, шийдвэр гаргагчдад өгөх зорилготой.

-“Монголын хэвлэл мэдээлэл- Өнөөдөр” тайланд ямар өөрчлөлт гарав?

-Монголын хэвлэлийн хүрээлэнгээс 1999 оноос эхлэн өнөөг хүртэл жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн статистик судалгааг гаргаж байна. Энэ удаа өнгөрсөн оны тайланг гаргаж байгаа. Тайланд хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөл бүрээр ямар өөрчлөлт гарсан. Боловсон хүчний өөрчлөлт, өдөр тутам, долоо хоног тутмын борлуулалт захиалгад ямар өөрчлөлт орсон зэрэг нарийвчилсан статистикийг гаргадаг.

-Ямар нэгэн онцгой өөрчлөлт гарсан уу?

-Сүүлийн таван жилийн турш хэвлэл мэдээллийн тоо буурч байгаа. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, сонин, сэтгүүл, радиогийн тоо буурч байна. Харин сайтуудын тоо нэмэгдэж байна. Тэр дотроо радиогийн тоо огцом буурч байна.

-Яагаад?

-Зах зээл багатай учраас санхүүгийн асуудалд орж байгаа байх. Сүүлийн гурван радиогийн тоо жил бүр арваар буурсан. Өнөөдөр 21 аймгийн арав нь радио байхгүй. Сэтгүүл, сонинууд цахим хэлбэрт шилжих нь нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 13 сэтгүүл цахимаар унших боломжтой болсон.

-Иргэд ямар мэдээллийг илүү сонирхож байгаа судалгаа байдаг уу?

-Бий. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр хэрэглэгчдийн судалгааг явуулдаг. Судалгаагаар хэвлэл мэдээллийн ямар хэрэгслийг, ямар төрлийн мэдээллийг сонирхож байгааг тогтоодог. Дэлхий нийтийн сонирхдог жишиг байдаг. Ер нь нийгэм улс төр, эдийн засгийн мэдээ, боловсрол, хөгжөөнт нэвтрүүлэг илүү сонирхдог гэдэг. Гэхдээ бодит байдал дээр эхний ээлжинд цаг үеийн мэдээлэл, дараа нь кино, спорт, цэнгээнт нэвтрүүлэг орж байгаа юм.

-Харин манайд…

-Яг адил-хан. Телевизээр хамгийн их үздэг зүйл нь мэдээллийн хөтөлбөр дараа нь кино, шоу, цэнгээнт нэвтрүүлэг орж байна. Хэрэв энэ байдлаараа цааш үргэлжилбэл мэдээллийн хэрэгсэл маань зугаа цэнгээний мэдээллийн хэрэгсэл болж хувирна. Үүнийг арилжааны хэрэгсэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл хөнгөн хэлбэрийн нэвтрүүлгүүд санхүүжүүлэгч болж хувирч байгаа юм.

-Юу муу гэж?

-Мэдээллийн хэрэгсэл өөрөө нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг нийгмийг мэдээллээр хангах, гэгээрүүлэх үүрэг хүлээдэг. Энэ бүхэн байхгүй болно.

-Өдөр тутмын сонинуудын байдал ямар байна?

-Цаасан сонин сайн менежмэнт хийж чадвал ойрын арван жилд оршин тогтнохоор барахгүй, захиалга нэмэгдэх боломжтой. Гэхдээ дэд бүтэц гэх мэтийн асуудал бий.

-Хэвлэлийн хүрээлэнгээс сонинуудын судалгааг тогтмол гаргаж олон нийтэд зарладаг…?

-Тийм ээ, судалгаа хийж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Монголын өдөр тутмын сонинуудыг “Өдрийн сонин” тэргүүлсээр байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *