Categories
мэдээ улс-төр

М.Хүдэрбаатар: АН-ынхан хичээл зүтгэл гаргаад Л.Гансүх зөвлөхийн төлөө ажиллах боломжтой байсан

“Нүүрс ” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд давж заалдах шатны шүүхээс 3.6 жилийн ял оноогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтануягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Өмнө нь намайг Н.Алтанхуяг сайдын үед зөвлөхөөр ажиллаж байхад Л.Гансүх нь ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. “Нүүрс” хөтөлбөрийг бид хамтран эхлүүлсэн. Ганцхан ахлах зөвлөхөд хариуцлага тооцож болохгүй. Хэрвээ үнэхээр хариуцлага тооцох гэж байгаа бол бусад зөвлөхүүдэд хамтад нь хариуцлага тооцох нь зүйтэй. Шүүх хурал үнэн зөвийг тогтоочих байх гэж итгэж найдсаны үндсэн дээр бид шударга үнэн шийдвэр гарна гэж итгэж байлаа.

“Нүүрс” хөтөлбөр ард түмэнд хамгийн үр дүнтэй хэрэгжсэн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 46.7 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас хэмнэж чадсан. Багануурын уурхай анх удаа ашигтай ажилласан. Хөгжлийн банкнаас хамгийн хямд хүүтэй зээл олгуулж байсан. Өнөөдөр энэ хэрэгт ямар ч хохирогч байгаагүй. Ямар ч хохирсон хүн албан байгууллага байхгүй. Энэ бол хохирогчгүй зохиомол хэрэг. Зохиомол хэргээр ял оноосонд гайхаж байна. Одоо бидэнд хуулийн гарц байгаа гэж итгэж байна. АН төр барьж байгаа энэ үед өөрсдийнхөө хийсэн ажлыг харлуулж байна. Энэ нам өөрсдийнхөө байдлыг харуулж байна. Өчигдөр АН-ынхан хичээл зүтгэл гаргаад Л.Гансүх зөвлөхийг цагаатгахаар ажиллах боломжтой байсан. Олон нийт АН-ыг харж байсан” гэж байр сууриа илэрхийлэв.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *