Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд, У.Хүрэлсүх нар хөтлөлцөөд далд орж үзээч

“Өдрийн сонин”-ы 2017.09.05-ны мягмар гаригийн №189(5756) дугаараас авч нийтлэв.

Монголд улс төрийн нам гэвэл ганц МАН л байна. Энэ намыг оросууд байгуулж өгсөн. 1921 оноос өнөөг хүртэл оршин тогтнож ирлээ. Байгуулагдсан цагаасаа энэ улсын хөгжлийн бодлого, ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж, улс орныг өнөөг хүртэл авч явж ирэхэд энэ институц чухал үүрэгтэй байлаа. Чухам яагаад институц гэж хэлээд байна вэ. Институц гэдэг нь нэг зорилготой, үйл ажиллагаагаа нэг зарчим дүрмээр явуулдаг байгууллагын нэгдэл. Манай нийгэм улс төрийн амьдралд голлох үүрэгтэй оролцдог хоёрхон намын нэг нь МАН. АН-ыг харин улс төрийн ажиглагчид МАН шиг институцын хэмжээнд хүрээгүй гэж үздэг. Гэтэл өнөөх МАН нь ингэж дотоодын зөрчлөө дийлэхгүй хямарвал улс орон яах болж байна. Монголыг дайн байлдаантай үед ч, энх цагт ч удирдаж, өнөөг хүртэл алдаа, оноотой, хойд хөршийн оролцоотой хэдий ч удирдаж ирсэн 90 гаруй жилийн түүхтэй энэ нам өнөөгийн Монголын хувь заяатай яалт ч үгүй холбоотой.

Мэдээж улс төрийн нам учраас энэ хооронд дэлхийн улс төрийн намуудад тохиолддог бүхий л саад бэрхшээл тохиолдож байсан. Тэглээ гээд энэ нам тарж бутарсангүй, улс орноо сүйрүүлчихгүйхэн авч явсаар өдийг хүрсэнтэй маргах юм алга. Цагийн цагт улс төрийн намд шүүмжлэгчид, эсэргүүцэгчид, намын шинэчлэгч гэх нөхөд, намаа хагалан бутаргахыг оролддог л байсан. Аль ч намд хагалан бутаргагч, томоохон улстөрчид үеийн үед байсаар ирсэн. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын улстөрчдийг эхний эгнээнд нэрлэж болно. Эднээс үлдэж хоцорсон нь одоо энэ У.Хүрэлсүх, М.Энхболд нар. Аль аль нь өмнөх үеийн томоохон хагалан бутаргагч нарын үргэлжлэл, цагтаа дохио зангаагаар нь ажиллаж, удирдлага дор нь их зүйлийг сурсан улс. Тэд сурснаа ч сайтар хэрэгжүүлж намаа самарч эхэллээ. Тэр байтугай дараа үеийн залуусыг энэ тэмцэлдээ татан оролцуулж хэрүүл, тэмцлийнхээ талбарт тэднийг ашиглаж байна. Түүгээр ч зогсохгүй төрийн, хууль хүчний байгууллагыг оролцуулж байна. Монголын төрийн шинэ үеийн түүхэнд хоёр дахь удаагаа ийм хийрхэл, хязгааргүй атаа хорслоос 1937 онд Монголын түүхэнд арилшгүй хар толбо үлдсэн. Гэхдээ энэ толбыг монголчууд гэхээсээ илүү оросууд тавьсан гэж үздэг. Тэгвэл өнөөдөр Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үргэлжлэл болсон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр хөтлөлцөөд далд орвол шинэ үеийн залуус, улс орныг удирдаж авч явахаар улстөрчид гарч ирж магад. Энэ хоёрын нэг нь казино, Хадгаламж банкны 14 тэрбум, УИХ-ын гишүүнийг шанаадсан хэрэг, нөгөө нь нийслэлийн газрыг зарсан, Худалдаа хөгжлийн банк, Нийслэлийн засаг дарга байхад нь Испанийн засгийн газрын шугамаар цэвэрлэх байгууламж барихад зориулж өгсөн 30 сая доллар сураггүй алга болсон, жаран тэрбумын гээд яривал тоймгүй олон асуудалтай. Хоёр биенээсээ нэг их ялгагдаад байхааргүй л хар хэрээнүүд. Тийм хоёр хүн л өнөөдөр Монголын төрийн эрхийг барьж байгаа том намыг сүйд хийж байна. Колониос салсан Африкийн орон ямар нөхцөл байдалтай байгаа билээ. Оросын хараат байдлаас дөнгөж салаад байгаа бид одоо л эрх чөлөө эдэллээ гэтэл институцын хэмжээнд хүрсэн ганц намаа улстайгаа сүйдлээд тэдэн шиг болох хэрэг үү.

МАН-д томоохон хагалан бутаргагчид үеийн үед байсан гэдгийг дээр дурдсан. Хичнээн хагарч, хэрэлдэж, хэдэн тийшээ харсан ч намаа бүтнээр нь үгүй хийчихэж чадаагүй. Гэхдээ одоо энэ намд үүсээд байгаа улстөржилт, бүлэглэл хоорондын тэмцэл У.Хүрэлсүх, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын тэмцлийн үр дүнд энэ институц байхгүй болгох нь. Бүр ил цагаандаа гарч, нэгийгээ албан тушаалаас унагах асуудал биш намаа нурааж, тэр нь улс орныг тэр чигт нь хүндхэн байдалд оруулахад хүргэх нь байна. Нам гэдэг бол дээрмийн бүлэг биш. Гэтэл өнөөдөр энэ хоёр бүлэглэлийн зодооноос бид яг л тэгэж ойлгохоор байна. Биесийнхээ хамаг мууг эрээгүй илчилж, хайр найргүй тэмцэж байгаа энэ хэдэн улстөрчийн тэмцэл дээр эднийг дөгөөж хөгжөөсөн, МАН л байхгүй бол Монгол гэнэт сайхан болчих юм шиг үлгэр ярьсан дэмжигчдийн дэвэргээнээс энэ нам устах шинжтэй болоод явчихлаа. Энэ намыг ингэж устгаснаар Монголын төрд хаос буюу хоосон орон зай үүснэ. Дараагийн институц өдий болтол бойжиж чадаагүй л байна. Сүүлийн 25, 26 жил өдий дайны улстөрийн хүчин бий болох гэж зүтгэсээр ирсэн. Ийм дайных нь гараагүй гэдгийг хэн ч мэднэ. Энэ янзаар байвал Монголын төр монгол хүмүүсд маш хохиролтой юм болно. Эдний оронд тэгээд хөрөнгө чинээгээрээ нийлсэн, хүч чадалтайгаараа түрээ барьж, өчүүхэн жижиг эрх ашгийн төлөө Монголын төрийг хувааж зарсан ийм эмх замбараагүй байдал үүсэх шинжтэй байна. Энийг дагаад эдийн засаг сүйрээд эхэлнэ. Долларын ханш хяналтаас гарч цадигаа алдаж, хөрөнгө оруулагчид нүүр буруулж, эдийн засаг элгээрээ хэвтвэл энэ бүхний эцэст монголчууд бид л хохирно. Бид л ядарна. Энэ хэдхэн хүний хоолны төлөөх, албан тушаалын төлөөх тэмцэл, бүлэглэлүүдийн дайны хөлд Монголын ард түмэн л элгээрээ хэвтэнэ. Дээр нэр дурдагдсан хүмүүс албан тушаалаа өгөөд явж үзээ. Энэ нам та хоёр төдийхнөөр дутаагүй өдий хүрсэн. Бид та нартай биш, улс оронтойгоо үлдмээр байна. Хэнийх нь ч талд орж, хэнийг нь дэмжээд байх юм алга. Хэнийх нь зөв гээд өмөөрөх хэрэг алга. Хэн нэгнээсээ дордоод, дээрдээд байх ч юм алга. Харин та нарын энэ их тэмцэл хэрүүл дунд иргэдийн итгэл алдарч, “Ясаа цайтал тэмцэнэ” гээд байгаа энхрий хайрт нам чинь үрэгдэх нь байна шүү. Энийг МАН-ын гишүүд ч эрхбиш мэдэж байгаа байх. Тоглоом тоотой нь дээр гэдэг. Одоо нам, улсаараа тоглохоо болио. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Мөнхийн албан тушаал гэж байхгүйгээс хойш өгөх нь жам юм.

Хэрэлдэж байгаа хоёр тал хоёулаа холдоход оронд нь албан тушаал хаших хүмүүс МАН-д захаасаа аваад бий шүү дээ. УИХ-ын даргыг Д.Цогтбаатар, Н.Энхболд өлхөн хийчихнэ. Боловсролтой чадалтайг нь гайхаад байдаг Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил нарын хэн нь ч намын дарга, Ерөнхий сайдыг хийчихнэ. Ардын намд улс орноо аваад явчих, албан тушаал хашаад явчих өчнөөн олон боловсон хүчин байна. Ерөнхий сайдаа солих гээд байгаа бол сольчих. Засгаа аваад үлдчихэж болно. Их хурлын дарга, намын даргаа сольчихож болно. Улсаа авч үлдэх хэрэгтэй байна. Тийм амь тэмцээд алалцаад байх юу болчихоод ингэтэл эрээ цээрээ алдаж талцана вэ.

Нэг бүлэглэлээ дарж авах гэж намаа, улсаа сүйдэлчихгүйхэн шиг энэ айхтар хямрал, тэмцлээс гарах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол МАН-ын энэ дотоод зодоон, хямралын үнийг монголчууд амьдралаараа төлөх гээд байна. Энэ бүлэглэлүүдийн аль нэг нь ялж, энэ нам сүйрвэл М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь ч байсан “Монгол ялахгүй”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“М.Энхболд, У.Хүрэлсүх нар хөтлөлцөөд далд орж үзээч”​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа” чуулга уулзалт 11 дэх удаагаа болж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү уулзалтад 1100 орчим хөрөнгө оруулагчид оролцож байгаа юм. Чуулганд оролцож буй хөрөнгө оруулагчдын тоо болон хөрөнгө оруулалт 60 орчим хувиар өссөн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Энэ талаар бэлтгэсэн сурвалжлагыг манай сонины тэргүүн нүүрнээс хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Би АН-ын дарга байгаа цагт МАН-тай хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “М.Энхболд, У.Хүрэлсүх нар хөтлөлцөөд далд орж үзээч” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Үндсэн хуулийг зөрчих замаар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй”, “13 настай охины амиа алдсан хэргийн
талаар цагдаагийн байгууллага худал
мэдээлэл өгсөн үү”, хэмээх мэдээ мэдээлэл, сурвалжлагыг баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс харах боломжтой.
“Эмоци” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг манай сонины 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай. Тэрбээр “Манай продакшны
дараагийн мөрөөдөл
драмын жүжигт хүч сорих” хэмээн онцлон хэлжээ.

13 дугаар нүүрэнд Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр ” Оюун ухааны эрдэм бол эцсийн дүндээ улс орныг залдаг” хэмээн хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *