Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: 40 жилийн нөөцтэй “Эрдэнэт” үйлдвэрийн хаалтын асуудлыг УИХ дэмжих боломжгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Харин гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй, хууль санаачлагачдаа буцлаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Д.Эрдэнэбат: Өнөөдөр энд хэлэлцүүлэг хийх гэхээр Ц.Дашдорж сайдаас өөр хүн алга. Хөгжих, хаах тухай асуудал өөр. О.Баасанхүү гишүүн нэг зүйл оруулахад шууд үсэргэдэг. Эрдэнэтийн удирдлагууд алга байна хэмээлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Энэ асуудал чинь удаа дараа хойшилсон. Хэлэлцэх асуудалд дөрөв дэх удаагаа орж байна” хэмээн хариулсан юм. Ингээд гишүүд байр сууриа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн үед татвараар маш их шахаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин маш бага. Боловсон хүчнүүдээ маш их алдаж байгаа. Эрдэнэт үйлдвэр 60-70 жилийн дараа уул уурхайн сургалтын бааз болох байх гэсэн бодолтой байдаг. Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд зэс хайлуулах үйлдвэр барих боломжтой. Эрдэнэтээс УИХ-д сууж байгаа гишүүний хувьд О.Баасанхүү гишүүнийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Эрдэнэтийн хаалтын тухай гэхээд хүмүүс шүүмжилж байдаг. Гэтэл дэлхийн жишиг дээр өнөөдөр харахад байгалийн баялаг барагдана, малын буян нэмэгдэнэ гэдэг. Байгалийн баялаг дээр суурилсан үйлдвэр хэзээ нэгэн цагт хаагдана. Тийм учраас менежментээ оруулж ир гэдэг үүргийг Засгийн газарт өгөөд байгаа юм. Үндсэн хуулийг хэлэлцэхэд Д.Дамба-Очир гишүүн зөв ярилаа. Эрдэнэт хотын төлөвлөгөө гэж алга. Менежментийг бүх уул уурхай дээр тавь. “Оюутолгой” дээр бид суурилаагүй. Хотын хоёр дахь үйлдвэр байгуулах төлөвлөгөө рүү оруулъя. 100 жилийн өмнөөс төлөвлөе гэж хараад байгаа юм.

УУХҮЯ-ны сайд Ц.Дашдорж:

-О.Баасанхүү гишүүний оруулж ирсэн асуудал хөндөх ёстой асуудлын нэг. Гэхдээ ганцхан Эрдэнэтийн асуудлаар тогтоол гаргах нь учир дутагдалтай. Хаалт хийх уурхайн асуулдыг нэг агуулга дор хуульчилж өгөх нь зүйтэй. Хаалтын асуудал ярихад эрт байна. Саяхан нэг уурхай нээсэн. Тэр нь 2050 он хүртэл ажиллах нөөц бололцоотой. Харин хууль гарснаар бусад уурхай дагасан ажилчдын эрх ашгийг хангах бололцоо бүрдэж байна.

Эцсийн найруулга сонсохын өмнө О.Баасанхүү “Би Үндсэн хуулийн цэцэд хандана. Хүний өмнөөс кноп дараад миний саналыг хүчингүй болголоо. Энд өнөөдөр 45 гишүүн байсан. УИХ-ын гишүүн зөвхөн өөрийнхөө өмнөөс кноп дарах ёстой. Бүгдээрээ ҮХЦ дээр уулзнаа” хэмээн хууль санаачлагч О.Баасанхүү мэдэгдлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Гишүүд энэ тогтоолын төслийг дэмжээгүй учир дэгийн дагуу хууль санаачлагчид буцааж, эцсийн найруулга сонсох заалттай. Тиймээс би эцсийн найруулгыг уншлаа. Тэгээд ч 40 жилийн нөөцтэй үйлдвэрийн хаалтын асуудлыг УИХ дэмжих боломжгүй” хэмээлээ.

Ийнхүү өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудал үүгээр дууслаа. Үдээс хойш 15.00 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуулгын хариуг сонсох юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *