Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Чимэддорж: Мөрийн хөтөлбөртөө улс орныг өрөнд оруулах зүйлсийн цуглуулга бичсэн намуудыг дэмжихгүй байх хэрэгтэй

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Оксфордын их сургуулийн төгсөгч М.Чимэддоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгууль ойртож, эрх баригчид л гэхэд мөрийн хөтөлбөрөө баталлаа. Иргэдийн зүгээс зарим санаа, оноог нь шүүмжилж байгаа ч харагдаж байна. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг хэрэгжүүлэх, үр дүнг нь хэмжих боломжтой хөгжлийн зорилтууд байх ёстой. Харамсалтай нь манай улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмжих ч боломжгүй, хэрэгжих ч боломжгүй хэт гоёчилсон тунхаг төдий зүйл байдаг. Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хэдий чинээ муу байна, улстөрчдийн харизмыг сонгохоос аргагүй болдог. Энэ нь улмаар популизмыг гааруулж, ардчиллын чанарыг муутгаж байдаг зүй тогтолтой. Дэлхий нийт өмнө нь тулгарч байгаагүй шинэ сорилтуудын өмнө байна. Коронавирус нь цар тахлын хэмжээнд хүрлээ. Коронавирусийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогоо эргэн харахыг шаардаж байна. Нөгөө талаар манай эдийн засаг улам бүр глобал эдийн засгийн нэг хэсэг болон хувирч байна. Бидний гол экспортын бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр, ноолуур, зэс нь бүгд дэлхий нийтийг хамарсан өртгийн сүлжээний нэг хэсэг. Тийм ч учраас бид дэлхий ертөнцөөс тусдаа орших аргагүй. Энэ бол зөвхөн сонгуулийн асуудал ч биш ойрын ирээдүйд манай макро эдийн засгийн болон аж үйлдвэрийн салбарын бодлого ямар байх вэ гэдгийг дахин эргэн харах ёстой. Дээр нь манай улсын гадаад өр үлэмж нэмэгдэж, эдийн засгийн голлох салбарууд улам өрсөлдөх чадваргүй болж байна. Ирэх дөрвөн жил Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийг дахин санхүүжүүлэх шаардлага гарч байгаа. Гэтэл төсвийн алдагдал нэмэгдэж, өмнө нь төсөөлж байсан төсвийн орлого тодорхойгүй болж байна. Дээр нь ганц санхүүжүүлэгч ОУВС-г хөөгөөд гаргачихсан. Дүгнэвэл, ойрын жилүүдэд Монгол Улсын дундаж давхрага ширгэж, ядуурлын эгнээ тэлэх аюул нүүрлэлээ. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулах зайлшгүй шаардлага бий. Зөвхөн энэ оны төсийн тодотголоор зогсохгүй, цаашид төсөв санхүүгийн сахилга бат чухал болж байна. Энэ үүднээс авч үзвэл улс төрийн намуудын элдэв байшин барилга барьж, үнэгүй үйлчилгээ үзүүлэх амлалтаас илүү төсвийн үрэлгэн зардлыг бууруулах зорилтуудтай мөрийн хөтөлбөр улс оронд хэрэгтэй байна. Сонгогчид хэрсүү болсон, мөрийн хөтөлбөртөө улс орныг өрөнд оруулах зүйлсийн цуглуулга бичсэн намуудыг дэмжихгүй байвал улс оронд хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаа гэж итгэж байна.

-Улс төрийн намуудын рейтинг урьд хожид байгаагүй доогуур байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

-Монголын Улс төрийн намууд үндсэндээ бүрэн хувьчлагдсан. Улс төрийн намуудыг төрөөс хулгай хийдэг авлигач компаниуд, авлигач улс төрчид хувьчлаад авчихсан. Зонхилох улс төрийн намуудын дотоод засаглал ялзарч, зөвхөн мөнгөтэй хүмүүсийн хяналтад бүрэн орсон. Жирийн намын гишүүдийн үзэл бодол, дуу хоолой нам дотор үгүй болсон гэж хэлж болно. Энэ бол улс төрийн намууд сүйрч байгаа гол шалтгаан. Цаашид ч шинэчлэгдэхгүй бол иргэд энэ хоёр намыг сонгохгүй. Хүмүүс боловсорч, гадна дотны мэдээллийг шууд хүлээн авч боловсруулж чаддаг болсон. Сонгогчид улстөрчдөөс бодлого нэхэж, авилгалыг жигшиж байна. Гэтэл улс төрийн намуудын удирдлагад байгаа хүмүүсийн олонх нь зохион байгуулалттай авлигын хэрэгтэй нэр холбогдсон байхад яаж ч гуйгаад, мөнгө тараагаад ч тэднийг сонгохгүй. Орчиндоо дасан зохицож чадаагүй ямар ч систем мөхдөг нь жам.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ манай нам шинэчлэгдсэн, фракцгүй нам болсон гэж удаа дараа мэдэгдэж байсан. Танай нам шинэчлэгдэж чадсан уу?

-Ардчилсан нам өөрчлөгдсөн, гэхдээ шинэчлэгдээгүй.

-Яагаад та ингэж дүгнэх болов.

-Улс төрийн нам нь тодорхой хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Учир нь улс төрийн нам бол төрийг байгуулдаг суурь институци. Тийм ч учраас улс төрийн намын дотоод засаглал бол ардчилсан тогтолцооны амин сүнс, тулгуур багана нь. Гэтэл манай улс төрийн намын тухай хуулиар намуудын дотоод засаглалын асуудлыг нь зохицуулж өгөөгүй. Ийм нөхцөлд манай ардчилсан намын хэсэг залуус намаа шинэчлэх үүднээс хуулиар зохицуулаагүй харилцааг намын дүрмээр зохицуулах оролдлого хийсэн. Харамсалтай нь энэ дүрмийг нь хэсэг бүлэг хүмүүс уландаа гишгэсэн. Тодорхой хэлчихье. С.Эрдэнэ, түүний тойрон хүрээлэгчид Ардчилсан намын дүрмийг олон удаа зөрчиж, намын дотоод сонгуулийг мөнгөний хэрэгсэл болгож хувиргасан. Түүгээр ч зогсохгүй намын дүрмийн төслийг өөрчилж намын Их Хурлын төлөөлөгчдөд бүрэн танилцуулж хэлэлцүүлэхгүйгээр батлуулсан. Энэ бол өөрөө эрх зүйт ёсонд харш. Цаашилбал, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг намаас хасдаг, намын дотоод сонгууль болох төрийн сонгуульд нэр дэвшигчдэд мөнгөний шалгуур тавьдаг гээд дурьдахад л нам шинэчлэгдсэн гэж хэлэх үндэс байхгүй биз дээ. Ёстой сахил хүртээд шал дордов гэдгийн үлгэр болсон.

-Тэгвэл та эрх баригч намыг хэрхэн дүгнэх вэ?

-Ардчилсан намаас дор ялзарсан гэдэг нь Монголын төрийг бүхэлд нь зарах гэсэн оролдлого хийсэн жаран тэрбум, УИХ-ын гишүүд нь үгсэн тохирч төрийн санг тоносон зэргээр батлагдаад байгаа. УИХ-д сууж байгаа гишүүдийн олонх нь эрүүгийн хуулийн ямар нэг заалтаар хэрэг хариуцагч болох нь цаг хугацааны л асуудал. Ирэх сонгууль гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдчихсон хүмүүс дахин гишүүн болж хамгаалалтад орох гэсэн сонгууль болно гэдгийг бид бодолцох ёстой.

-Монгол Ардын Намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр ямар түвшинд хэрэгжсэн гэж бодож байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө талаас илүүг нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт тусгаагүй. Санал авах зорилгоор сонгогчдод танилцуулчихаад манай Засгийн газар хэрэгжүүлэхгүй ээ гэсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хэсгийг нь уншихаар хэмжих боломжгүй тунхаглалууд байгаа юм. Ядуурлыг бууруулна гэсэн. Бодит байдалд ядуурал нэмэгдсэн, ядуурлыг тооцдог арга нь л өөрчлөгдсөн. Энэ бол зорилт ч биш, мөрийн хөтөлбөр ч биш.

-Засгийн газраас коронавирусийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг юу гэж үзэж байна вэ?

-Дэлхий нийтээр үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүний эрэлт буурч байна. Ингэснээр түүхий эдийн хэрэглээ буурч, энэ нь манай эдийн засагт шок болж орж ирнэ. Голлох экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ, экспортын хэмжээ ч буурна. Эдийн засагт учрах дарамтыг бууруулах хамгийн чухал алхам бол компаниудын үйл ажиллагааг дэмжих, өрхийн орлогыг хамгаалах явдал.

Цаг алдалгүй ээлжит бус чуулган зарлаж төсөвт тодотгол хийх, тэвчиж болох зардлуудыг танах, хойшлуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Нөгөө талдаа дунд бага орлоготой иргэдийг хамгаалах арга хэмжээ чухал байна. Өнөөдөр манай хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн тэн хагасаас илүү нь үйлчилгээний салбарт ажилладаг. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд дотооддоо хяналтаас гадуур өвчлөлгүй, хилээ бүрэн хаасан үед бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоож байгаа нь буруу. Энэ нь маш олон ажлын байрыг эрсдэлд оруулж байна. Иймд жижиг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн батлан даалтын санг бий болгож, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай.

Засгийн газар малчдын орлогыг хамгаалах нэрийн дор ноолуурын компаниудад гурван зуун тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох гэж байна. Энэ нь малчдад орлого болж очно гэх баталгаа байхгүй. Худалдаа, үйлчилгээний салбарт энэ хэмжээний мөнгөөр зээлийн батлан даалт хийж, хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд ноолуурын салбараа, хэд дахин олон хүний ажлын байрыг хамгаална. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийн санг зузаатгах, тэтгэмж олгох хугацааг нэмэгдүүлж, наад зах нь зургаан сар хүртэл уртасгах шаардлага гарч байна.

-Та гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх эрхтэй гэх байр суурь илэрхийлж, үүндээ намын даргынхаа хэлсэн үгийг шүүмжилсэн байсан. Шалтгаан нь юу юм бэ?

-Намаас том үндэсний эрх ашиг гэж бий. Улс төрөөс илүү үнэт зүйл гэж бий. Намын дотоод асуудалтай ямар ч холбоогүй. Энэ бол халдвартай хүн зөөх тухай асуудал биш. Энэ бол үнэт зүйлсийн тухай асуудал. С.Эрдэнэ дарга Үндсэн хуулийн суурь зарчим, Ардчилсан намын үзэл баримтлалын эсрэг зүйл ярьсан. Би үзэл бодлоо илэрхийлсэн, тийм эрхтэй. Ер нь төр түшилцэнэ гэдэг иргэдийнхээ төлөө ажиллахыг хэлдэг юм. УИХ-ын гишүүн болмогцоо Монгол Улсын төрийн сүлдний өмнө Монгол Улсын Үндсэн хуульд үнэнч байхаа тангарагладаг. Ингэж тангараг өргөсөн хүн Үндсэн хуулийн эсрэг юм яриад явж байна гэдэг өргөсөн тангаргаасаа няцаж байгаатай ялгаа юун.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *