Categories
мэдээ цаг-үе

М.Бямбажав: Хөдөө орон нутагт тоглолтоор явахад хүмүүс машин, мотоцикльтой дагадаг байлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч М.Бямбажавтай ярилцлаа. Түүний “Оройтсон бороо”, “Хүмүүс ээ амьдрах сайхан”, “Мартагдашгүй хайр”, “Үй зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ” зэрэг дуунууд та бидний сэтгэлд хэдийн хоногшсон байдаг билээ.


-Таны “Оройтсон бороо” дуу монголчуудын сонсох дуртай дууны нэг яах аргагүй мөн. Манай сонин “Оройтсон бороо одоо ч шивэрсээр” гэсэн нийтлэл ч бичиж байсан удаатай. Энэхүү дуу хэрхэн бүтэж байсан юм бол?

-Би дөнгөж цэргээс халагдаж ирчихээд л “Үлгэрийн танхим”-д орж ерөөл магтаал уншдаг байлаа. Гэтэл ажил дээр маань “Шүлгэнд ая хийлгэх гэсэн юм. Ая хийгээд өгөх хүн байна уу” гэсээр нэг эгч орж ирдэг юм байна. Тэр хүн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Туяа гуай байсан юм. Гуравдугаар сард л юм даа, эмэгтэйчүүдийн баяр дөхчихсөн байсан үе л дээ. Ая хийж болмоор ч юм шиг санагдаад шүлгийг нь аваад гитараа бариад суулаа. Тэгж л анх удаа дуунд ая хийсэн түүхтэй юм даа. “Оройтсон бороо” дуугаа эмэгтэйчүүдийн баяраар нэг цэнгүүн дээр гитартай дуулсан юм. Харин маргааш нь хэдэн залуус ирээд энэ дууг чинь бичиж авъя гэдэг юм байна. Тэгж л хүмүүст хүрэх эхлэл нь тавигдсан даа. Тухайн үед 20 настай л байж. Залуу ч байсан болохоор дууныхаа үгний утгыг ч ойлгохгүй байлаа шүү дээ.

Гил хар шөнийн зүүдэнд

Цал буурал үстэй ирнэ үү

Үүрээр гомдсон зүрхийг

Үдшийн болзоонд дуудна уу гэсэн энэ мөр байна. Үс нь бууралтсан ч зүүдэнд нь ирж байна гэдгийг өгүүлж байгаа юм. Зарим нь “Шөнийн зүүдэнд, цал буурал үстэй гэх юм чөтгөртэй дуу юм уу” ч гэж наргидаг байв. Цаад санаа нь маш гоё, сайхан дуу гэж боддог.

-“Мартагдашгүй хайр” гээд таны нэгэн сайхан уран бүтээл байдаг. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай сонирхуулаач?

-“Амьдралаа би чамд хайртай” дууны хөгжмийг зохиосон Ёндонгийн Сүхбаатар гэж хүн надад “Хайрын совин”, “Мартагдашгүй хайр” гээд энэ хоёр дууг дуулаачээ гэсэн санал тавьсан юм. Бид сайхан нөхөрлөдөг байлаа. Харин би “Мартагдашгүй хайр” дууг нь дуулсан. Дуулаад удаагүй л хит болчихсон дуу шүү дээ. Аялгуу сайтай, мундаг хөгжим зохиосон авьяаслаг хүн байсан. Эхнэрийг нь Оюунаа гэдэг байсан юм. Оюунана бүсгүй гэж дуунд гардаг болохоор эхнэртээ зориулж тийм сайхан сэтгэлд шингэсэн аялгууг зохиосон юм болов уу. Оюун гэсэн нэртэй бүх хүн л их сонсдог юм билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Оюунбилиг эгч оюутан байхдаа “Мартагдашгүй хайр” дууг сонсдог байсан гэдэг. Хааяа “Оюунана” бүсгүйгээ нэг дуулаад өгөөч гээд” ярьж байдаг юм.

-Та бүжиглэдэг байсан гэсэн. Харин яагаад дуу руу урвах болов?

-Би Увс аймгийн Өмнөговь сумын уугуул хүн. Багын л бүжиглэдэг, дуулдаг, магтаал уншчихдаг хүүхэд байлаа. Миний ээж сайхан дуулна. Эхээс наймуулаа. Дүү нар маань ч гэсэн урлагийн зам мөр хөөгөөгүй хэдий ч сайхан дуулцгаадаг.

Би Хөвсгөл аймгийн театрт бүжигчин байсан юм. Харин тэндээсээ Соёлын сургуульд бүжигчний ангид хуваарилагдаж ирсэн ч шууд цэрэгт явчихсан. Цэрэгт очоод л дуулж эхэлсэн дээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү багштайгаа цэрэгт байхдаа танилцаж “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан” дууг нь 1990 онд дуулсан. Дуугаа Монголын радиод бичүүлээд л ард түмний сонсох дуртай дууны нэг болсон юм даа. Энэ дуу маань “Морин хуур” уралдааны үзэгчдийн тэргүүн шагналыг хүртсэн. Дараа нь “Үй зайгүй найзаа, үгүйлж явъя нэгнийгээ” гэдэг дуугаа дуулж байлаа.

-Тэр үеэс хойш л Н.Чулуунхүү гавьяаттай хамтарч уран бүтээл хийсэн үү?

-Тийм шүү. Түүнээс хойш хамтарсан 300-гаад дуу, найман ч тоглолт хийсэн байна. Соёлын төв өргөө, Бөхийн өргөө байхгүй байхад л Үйлдвэрчний соёлын ордонд долоо хоног дараалан тоглолт хийдэг байв. Одоогийн хошин урлагийнхнаас ялгаагүй байж шүү. Хөдөө орон нутгаар явахад Улсын Их Хурлын гишүүд яваа юм шиг л фэнүүд маань машин, мотоцикльтой дагачихсан явдаг байв. Угтаж буй хүмүүс хонь гаргаад, мөнгөн аягатай сүү бариад л угтдаг байлаа. Тухайн үе дуучид ч цөөхөн байж дээ. Их сайхан дурсамж шүү.

Манай Чулуунхүү багш надаас өөр олон ч шавь гаргаж ирсэн их хөдөлмөрч хүн. Хичнээн сайхан дуулна гээч. Ардын дуунуудыг маш сайхан дуулна. Би дөрөв, тавдугаар ангид байхдаа л радиогоор дуунуудыг нь сонсдог байлаа. Ийм мундаг хүнтэй хамт уран бүтээл хийж яваадаа бахархдаг юм. Би Ардын жүжигчин байхаар л хүн гэж боддог юм.

-Хошин шогийнхон “Эр хоёр загал” дууг болоод та хоёрыг их дуурайж байгаа харагддаг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг байв?

-Би баярладаг юм шүү дээ. Тодорхой хэмжээгээр бид хоёрыг ард түмэнд таниулаад л яваа хэрэг.

-Та нэгэнтээ би дууг хээлж дуулдаг гэж ярьсан байдаг. Дууг хүний зүрх, сэтгэлд хоногштол дуулахын тулд яах ёстой юм бол?

-Дууг хуулж, хээлж, хашгирч дуулах гэсэн хэд хэдэн янз байдаг юм болов уу гэж би боддог юм. Энэ миний хувийн л бодол шүү. Нэг хэсэг СУИС-аар дүүрэн Жавхлан, Долгор байлаа шүү дээ. Хуулж дуулж байгаа нь л тэр болов уу. Тэгэхээр дуучин хүн өөрийн гэсэн өнгө, аястай, хүний зүрхэнд хүрч дуулдаг байх хэрэгтэй.

-Та удахгүй тоглолтоо хийнэ гэсэн. Хичнээн уран бүтээлч оролцох вэ?

-Ард түмэн үгүй бол би хэн ч биш юм даа гэж бодон тоглолтоо “Түмэнтэйгээ” гэж нэрийдсэн. Миний тоглолт хоёрдугаар сарын 4-нд “UB palace”-д болно. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан дуунууд эгшиглэнэ. Бас шинэ уран бүтээлүүдээ ч үзэгчдэдээ толилуулах юм. Мэдээж уран бүтээлчид оролцоно. Гэхдээ миний тайлан тоглолт учраас өөрийнхөө уран бүтээлийг тайлагнахыг хичээж байна. Тайз засал гэх мэт зүйлсийг өвөрмөц байлгана. Тиймээс нэлээд цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан тоглолт болохоор байгаа.

Миний ихэнх дуунууд клип, кино концерт хийгдээгүй байдаг. Бор зүрхээрээ л ард түмэнд хүрдэг. Гэсэн ч сонсох дуртай дууных нь нэг болж чаддаг нь сайхан юм даа. Харин тоглолтоо угтаж “Оройтсон бороо” дуугаа шинэчлэн дуучин Аминатай хамтран дууллаа. “Мартагдашгүй хайр”, “Насанд олдсон хань”, “Ээжийн нутгаа санаад байна” гээд эдгээр дуунуудаа дүрсжүүлж байна.

-Та хэр ганган залуу байв?

-90-ээд онд моодны л залуу байлаа. Жийнсээ сэмлэж өмсөнө. Үсний будаг олдохгүй болохоор нь тамганы тосоор улаан, ягаан болгочихно. Зохих үгүй нь ер хамаагүй. Залуу нас хамгийн сайхан. Өнгө, өнгийн урт үстэй, одоогоор бол хип хоп тал руугаа л байж. Эргээд харахад тэр үеийн зураг хөрөг ховор байдаг юм. Тиймээс үлдэцтэй байх талаасаа ч тэр, мөн Бямбажав хэр намба суусан байна вэ гэдгийг ч тэр үзэгчид минь хараг гэж бодон дуунуудаа дүрсжүүлж байна.

-Та хуучны үеийн дуучидтай хэр ойр байсан бэ?

-Миний ерөөл магтаалын багш МУГЖ Явгаан гэж сайхан хүн бий. Мөн Ардын жүжигчин Самбуу, Банзрагч, Төмөрхуяг, Өлзий-Орших гээд томчууд Ардын дуу бүжгийн чуулгад байдаг байв. Тэднийг харна, биширнэ. Хуурай ах, дүү ч байсан. Мөн кино урлагаас Дорлигжав, Цэвээнравдан, Дашхүү, Жанчивдорж нартай хуурай ах, дүү нар байлаа. Дашхүү, Жанчивдорж ахынх Тээврийн товчооны хажуу талын байранд байдаг байсан юм. Манайх их ойрхон байсан л даа. Энэ мэтчилэн би алтан үеийнхэнтэйгээ их ойр өссөн. Тэр сайхан хүмүүсээс биеэ хэрхэн зөв авч явах, хүнтэй яаж харьцах, эвтэй байх гээд их олон зүйл сурч авсан.

-Сүүлийн үеийн дуучид амархан нэрд гарахыг боддог болчихсон мэт санагдах юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Би боддог юм. 60, 70 мянган хүнд тоглолт хийчихсэн бол “од” болчихлоо гээд бодчихож болох юм. Гэтэл хоёр, гуравхан мянган хүнд ганц удаа тоглолт хийчихээд “од” болчихлоо гэж болохгүй. Одоо тоглолт хийсэн хүн бүр Соёлын тэргүүний ажилтан цол авдаг болж. Урлагийн сургууль төгссөн хүнд Соёлын тэргүүний ажилтан цолыг ромбо болгоод зүүлгэчихмээр юм гэж бодогдох үе бас байдаг шүү.

Ингэхээр дууны урлагийн үнэ цэнэ алдагдаж байгаа юм. Үүнд л эмзэглэж байна. Түүнээс хүн муулах гэсэндээ яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр дуучин хүн ганц, хоёр жил болоод мартагдах дуу биш олон жилийн настай, хүний зүрхэнд хүрсэн сайхан дуу хийгээсэй л гэж бодох юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *