Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Баасандорж: Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүйгээс хүний амь эрсдлээ

-“Нийслэл өргөө” компани арван давхар барих ётой барилгыг 14 болгож өөрчилсөн-

“Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгаас гурван хүн унаж амиа алдсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржтой утсаар холбогдож ярилцлаа. 

-Бямба гаригт барилгаас гурван хүн унаж амиа алдлаа. Ослын талаар мэдээлэл өгөөч?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгын 14 дүгээр давхарт цахилгаан шатны хэв хашмал хийх гэж байсан гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. “Нийслэл Өргөө” компани хоёр туслах компани ажиллуулж байсан. Туслах хоёр компанийн нэгийнх нь ажилчид амиа алдсан. 

-Ослын шалтгаан юу байсан бэ. Ажилчдын яриагаар хөдөлмөр хамгааллын хэрэгсэл өмсөөгүй байсан гэх юм.

-Тийм ээ. Барилгын ажил дээр хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй байсан. Ажилчид хамгаалах бүсгүй ажиллаж байсан юм билээ. Мөн шаардлага хангаагүй тавцан ашиглаж байсан. Тэр тавцан нь ачааллаа дийлэхгүй эвдэрснээс гурван хүн доош унасан байна.

-Цахилгаан шатны хэв хашмал хийж байсан гэж ярилаа. Барилгын давхруудад хаалт хийгээгүй байсан юм уу?

-Цахилгаан шатны хонгилын давхар бүрт хамгаалалт байх ёстой. Гэтэл “Нийслэл Өргөө” компанийн барьж байгаа барилгын 4-14 давхарт огт хамгаалалт байгаагүй. Дөрөвдүгээр давхар хүртлээ хамгаалалт хийгээд дээшээ хоосон хонгил үлдээсэн гэсэн үг. Үүнээс гадна барилгын аравдугаар давхраас дээш гадна ханын хамгаалалт хийгээгүй байсан. Гэх зэрэг маш эрсдэлтэй нөхцөлд хүмүүс ажиллаж байжээ. 

-Мэргэжлийн хяналтын газраас барилгад шалгалт хийж байсан уу?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийж байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа талаар нь удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Мэргэжлийн хяналтын газраас маш олон удаа албан бичиг, шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн краныг ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл өөрсдөө дур мэдэн кранаа ажиллуулаад эхэлчихсэн байсан. Энэ мэтээр төрийн байгууллагын шийд­вэрийг үл тоож, хөдөлмөр аюул­гүй ажиллагааны шаардлага хангаагүй, маш олон зөрчилтэйгөөр үйл ажил­лагаагаа үргэлжлүүлсээр байсан нь хүний амь эрсдэхэд хүргэлээ. 

-Барилгын зураг төслийг өөрчилсөн гэх мэдээлэл бас байгаа. Энэ үнэн үү?

-Анх 10 давхар барилга барихаар зураг төсөл гарсан юм билээ. Гэтэл гүйцэтгэгч компани зураг төслийг дур мэдэн өөрчилж 14 давхар болгосон. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *