Categories
мэдээ цаг-үе

М.Анхцэцэг: Мундаг ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн олимпод орно гэж бодохоор гоё санагдаж байна

Узбекстанд болсон Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээнээс Мөнхжанцангийн Анхцэцэг алтан медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгохоороо онцлог байлаа. М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-д аваргалсан бөгөөд Рио2016 зуны олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө баяр хүргэе.Азийн аварга болоод зогсохгүй олимпийн эрх өвөртөлчихлөө. Их догдолж байна уу?

-Баярлалаа. Үнэхээр сайхан байдаг юм байна. “Рио-2016” зуны олимпийн наадамд мундаг тамирчин ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн оролцоно гэж бодохоор үнэхээр гоё санагдаж байна. Намайг сая тэмцээнээс ирэхэд онгоцны буудал дээр гэр бүлийнхэн, найз нөхөд гээд олон хүн маш сайхан угтаж авсан. Одоо болтол гар утсанд баярын мессэж ирсээр л байна.

-Олимпийн эрх олгоно гэдэг утгаараа энэ удаагийн тэмцээний оролцогчид хүчтэй байв уу?

-Тэгэлгүй яахав. Оролцсон тамирчин болгон л олимпийн эрх авах зорилготой. Өрсөлдөөн үнэхээр ширүүн өрнөлөө. Миний хувьд бэлтгэл сайн хангагдсан байсан учраас эмээгээд байх зүйл байсангүй. Өөртөө итгэлтэй байсан болоод ч тэр үү, сэтгэл зүйн хувьд тайван байлаа. Би огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөсөн. Ингэснээр Монголын анхны эмэгтэй туйванч болж чадлаа. Мөн энэ тэмцээнд манай хүндийг өргөлтийн эмэгтэйчүүд багаараа IV байрт шалгарч олимпийн нэг эрх авч чадлаа.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав, өсвөр үе, залуучуудтай нийлээд долоо дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд өөрийнхөө 69 кг-ын жинд биш жин ахиж 75 кг-ын жинд оролцсон байгаа.

-75 кг-д монголын тамирчин Б.Энхтамиртай хамт өрсөлдсөн. Нутгийнхаа тамирчинтай өрсөлдөхөд юу бодогдож байв?

-Нэг нэгнийхээ оролтыг харж чадахгүй, алдчих вий дээ гэж санаа зовсон.Бусдаар бол нэг их хүнд зүйл байгаагүй.

-Олимпод 75 кг-ын жиндээ үзэх үү?

-Үгүй ээ. Өөрийн үндсэн жин 69 кг-ын жинд оролцоно.

-Олимпийн бэлтгэлээ хэзээнээс хийх гэж байна?

-Өнөөдрөөс (өчигдрөөс) бэлтгэлдээ орсон. Багштайгаа ярьж байгаад бэлтгэлээ сайн хангахыг хүсч байна.

-Өөрийн тань үндсэн жинд аль орны тамирчин илүү хүчтэй бол?

-Азийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнд олон удаа орж байсан учраас ерөнхийдөө тамирчдаа гадарлана. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн. 69 кг-ын жинд Хятад, Хойд Солонгосын тамирчид хүчтэй өрсөлдөгчид. Дэлхийн хүндийг өргөлтийн тамирчдыг амжилтаар нь тоон үзүүлэлтээр жагсаасан судалгаа байдаг.Түүнээс харж байгаад аль нь илүү оноотой, хүчтэй өрсөлдөгч болж байна гэдгийг харчихдаг.

-Дэлхийн цомын тэмцээний үеэр бага зэрэг бэлтгэл авсан гэсэн. Бэртэл бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард Италид болсон дэлхийн цомын тэмцээний үеэр бэртэл авсан байсан. Сая тэмцээний өмнөхөн эдгэрч бэлтгэлдээ ороод байсан юм. Бүрэн эдгэрсэн байгаа.

-Хаанаа бэртэл авсан байсан юм бэ?

-Тохойндоо. Одоо бол эдгэрсэн.

-Хүндийн өргөлтийн спортоор хэчнээн жил хичээллэж байна вэ?

-Би 11 настайгаасаа хүндийг өргөлтөөр хичээллэсэн. Анхны багшийг маань Цэрэнням гэдэг. Харин ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор гурван жил хичээллэж байна. Мөн Чинзориг, Чулуунпүрэв багш заавар зөвлөгөө өгч байна.

-Улсын рекордыг 60 гаруй удаа шинэчилсэн байдаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд хүндийг өргөлтийн төрөлд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Улсын рекордыг яг 63 удаа шинэчилсэн байдаг. Мөн Азийн өсвөрийн рекорд миний нэр дээр явдаг. ДАШТ-д 2014 онд анх удаа оролцон огцмоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Энэ амжилтаараа гавьяат тамирчин Н.Баярмаа эгчийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байсан. 2015 онд ДАШТ-д огцмоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан. Амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд оролцож 112 кг өргөж, IV байрт шалгарсан байгаа.

-Олон улсын хэмжээний мастер цолыг хэдэн настайдаа хүртсэн бэ?

-Би 2009 онд спортын дэд мастер, 2010 онд спортын мастер, 2011 онд олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолыг 13 настайдаа хүртсэн.

-Одоо хэдэн настай вэ?

-18 настай.

-Аль Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн бэ?

-Нисэхийн 114 дүгээр сургуулийг төгссөн.

-Одоо сурч байна уу?

-Монголын үндэсний их сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр сурч байгаа. Энэ жил хоёрдугаар курс.

-Яагаад заавал хүндийг өргөлтийн спортыг онцолж хичээллэх болов. Ялангуяа эмэгтэй хүүхэд хичээллэхэд хүнд спорт шүү дээ?

-Миний сонирхол л юм байлгүй. Уг нь манай аав, ээж цэргийн хүмүүс. Миний хувьд зурагтаар хүндийг өргөлтийн тэмцээн үзэх их дуртай байсан. Тэгээд л би Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан мундаг тамирчин болно гэж мөрөөддөг болсон. Миний мөрөөдлийг дэмжиж энэ бүх боломжийг нээж өгч байгаа ЭМСЯ, МҮОХ, МХӨХ-ны удирдлагууд, “Алдар” спорт хороо, “Ёкохома”, “Сувинер хаус”, “Үнэн анд”, “Есүүдийн Батууд”, “Монгол жонш”, “Солонго орд”, “Хүннү Эйр”, үндэсний шигшээ багийн хамт олондоо баярлалаа. Мөн хүндийг өргөлтийн спортыг сонирхдог, дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *