Categories
мэдээ цаг-үе

М.Амарсанаа: Дуучид маань Буриаддаа миссийн тэмцээнд шалгарч байсан бүсгүйчүүд

“Ньюанс” хамтлагийн дуучин
М.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр Буриадын поп дуучдын тоглолтыг зохион байгуулж
буй. Буриадын поп мюзик шоу концерт Бөхийн өргөөнд ирэх сарын 3
нд болох
юм.

-“Ньюанс”-ынхныг Буриадад
тоглолт хийхэд сайхан хүлээж авдаг гэдэг. Буриадын дуучдын тоглолтыг Монголд
хийхэд энэ нөлөөлсөн үү?

-Улаан-Үд, Эрхүү, Читад бид хэд
хэдэн тоглолт хийсэн. Гадагшаа тоглолт хийх хүнд. Гэхдээ угсаа гарал нэгтэй,
буриад монголчууд маань тусалж дэмждэг. Есдүгээр сарын сүүлээр залуус маань
“Монголд ийм тоглолт хиймээр байна. Хамтарч зохион байгуулж өгөөч ээ” гэсэн.
“Буриад поп старс” нэгдэл гэж байдаг. Эстрад поп дуучид нь нэгдэж, хамтарч уран
бүтээл хийдэг. Тэдэнтэй хамтарч дэмжиж ажиллахаар шийдсэн юм.

-Буриаддаа олны танил хүмүүс юм
шиг байна лээ?

-Манайд л нэг, хоёр дуучныг нь
мэддэг болохоос Буриад, Якут, Халимаг, Тувад нэр хүндтэй уран
бүтээлчид.Тодорхой хэмжээгээр олонд танигдсан, уран бүтээлээ хүргэсэн, Москва,
Красноярск, Новосибирск хотуудаар яваад тоглочихдог л юм билээ. Тэндээ
танигдсан. Харин манайд анх удаа Буриадын поп эстрадын дуучид тоглолтоо хийж
байгаа юм.

-Буриадууд монголчуудын
тоглолтыг халуун дулаан хүлээж авдаг юм байна, Өмнөд Монголчууд ч Монголын уран
бүтээлчдийг сонсох дуртай?

-Ер нь элгэмсүү. Сүүлийн үед
хил харилцаа нээгдээд нээлттэй болчихсон чинь эд маань хот дотроо дэлгүүр
хоршооны хаягаас авахуулаад монголоор бичдэг болсон байна лээ.

-Монголын уран бүтээлчдийг хэр
сайн мэддэг вэ, буриадууд?

-Манай гавьяат жүжигчин
П.Ганбат агснаас авахуулаад мэднэ дээ. Н.Мөнхзул маань Буриадын ардын жүжигчин
гэх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Манай залуу дуучин Г.Ариунбаатар Улаан-Үдийн
театрын концертмейстр Дарима Линховенд шавь орж, бэлтгэл хийсний үр дүнд
П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд түрүүлсэн.

-Өөрөө буриадаар сайн ярьдаг
гэсэн байх аа?

-Ярина аа ярина. Би чинь буриад
юм чинь.

-Аав тань “Жаран хар” гэж
алдаршсан эрэгтэй найрал дуучдын нэг байсан гэдэг. Тэр олон эрчүүдийн хоолой
үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлдэг?

– Г.Жанчив, Д.Дашням,
Ө.Баярмагнай ах бүгд л манайхаар орж гардаг, аавын найзууд. Тэдний дууг хамгийн
их сонсдог хүн би байлаа. Дорнодын хөгжимт драмын театрт өссөн. Манай аав
цэрэгт явж халагдаж ирээд, Цэргийн ансамбльд орсон анхны жаран харын нэг.
Д.Мөнхөө гэж хүн байв. Дараа нь Дорнодын театрын гоцлол дуучнаар олон жил
ажилласан даа, миний аав.

-Та хувьсгалаас өмнөхөн хил
давж орж ирсэн буриадуудын үр удам гэсэн. Оросын хувьсгалаас зугтаж орж ирсэн
гэдэг шалтгаанаар их хэлмэгдэлд өртсөн ард түмэн. Тэр гашуун түүх үр удамд нь
ул мөрөө үлдээсэн болов уу?

-Тэр үед хэцүү л байсан юм
билээ. Манай өвөө аав, ээжтэйгээ орж ирээд нутаг олдохгүй их нүүсэн юм билээ.
Дорнодын Цагаан-Овоогийнхон бол их нүүсэн гэдэг. Урагшаа Халх нөмрөгийн сав
газарт очиж нутагласан ч гэдэг. Сүхбаатарын Эрдэнэцагаан ч орж байсан. Нүүдлийн
маршрутыг нь гаргавал их хол явсан юм билээ. Хил татах үеэр хилийн наана цаана
ах дүү нар нь үлдэж. Тухайн үед өвөөгийн хоёр ахыг баривчлаад явсан, нэг нь
эргэж ирээгүй гэдэг. Бид юугаа мэдэх вэ. Хэлмэгдүүлэлт, баривчилгаа гэж ч
мэдэхгүй юм чинь. Ямар ч байсан “Миний хүү, чимээгүй байгаарай” л гэдэг байсан.
Манайхан дотор болдоггүй улсууд байж л дээ. Өвөө маань “Ийм хүмүүсийн нэрийг
дурдаж болохгүй” гэдэг. Одоо л угийн бичиг, хуучны юм сөхөөд харахаар манайхан
дотор цэрэг арми, Нармай монгол, Манж Го гэж байхад манай холын төрлийнхөн тэр
дунд бужигнаж л явсан байдаг. Манайхан их дууч хуурч, барилддаг, нааддаг, их
карталдаг (хөзөр тоглодог) барьдаг улсууд байсан гэдэг. Өвөө, эмээ дээрээ
өссөн. Өвөө маань тухайн үедээ цэргийн агт морьдыг хардаг. Бичиг үсэгтэй,
багшилдаг, нярав хийж байжээ.

-Аавын тань дуулдаг хуурддаг
авьяас өөрт чинь өвлөжээ?

-Дорнодын театрын хууччуул бол
Д.Мөнхөөгийн хүүхэд гээд намайг андахгүй дээ. Ямар л тоглолт болно бүгдийг нь
үздэг байлаа. Аав сайхан хоолойтой. Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай хэлж байсан
юм. Орон нутгаас ирсэн дуулаачдын конкурс болдог байлаа. Тэрэн дээр Дорнодоос
нэг дуучин ирлээ гэхээр гайхдаг байсан. Д.Мөнхөөгийн хүү байсан юм байна.
Айхавтар баритон байв. Бас л сандаргадаг баритон байсан даа гэж ярьдаг. Дуучны
хувьд муу байгаагүй юм байна гэж дотроо боддог.

-Дуучин болно гэхээр аав тань
яаж хүлээж авав?

-Ерөөсөө дуучин болгох гэж
зүтгэсэн. 1982 онд Монголын анхны хүүхдийн язгуур урлагийн чуулга
байгуулагдсан. Хуучин “Тэмүүжин” театрыг үүсгэн байгуулалцсан Батсүх гэж багш
бий. Энэ багш санаачилж Солонго чуулга бий болсон. Дөч гаруй хүүхэдтэй
Улаанбаатарт ирж, МҮЭСТО-нд анхны уран бүтээлийн тоглолт хийж байлаа. Тэгэхэд
нэг сар “Найрамдал” зусланд амраагаад, тоглолт хийж, Сайд нарын зөвлөл,
Цэдэнбал Филотава тоглолтыг маань үзсэн. Талийгч Амбий надтай хамт чуулгад
байв. Аав маань урлагийн хүн болгох гэж их зүтгэсэн юм билээ. Гуравдугаар
ангидаа анх МҮЭСТО-ы том тайзан дээр гарсан.

-Анх буриад дуу дуулсан гэдэг
бил үү?

-Тийм. Телевизийн алтан санд
хадгалаатай байдаг. “Ёохор”, “Аав ээжийн ач” гэдэг хоёр дуу дуулсан.

-Баруун Монголын дуугаар
дагнадаг дуучид бий. Сонсоход сайхан л байдаг. Өөрөө буриад дууны цомог гаргах
бодол байдаг уу?

-Загасчны морь усгүй гэж.
“Ньюанс” хамтлагтаа санаа тавиад, хувийн уран бүтээл, сонирхол давамгайлахгүй л
дээ.

-Буриадад тоглохдоо бол хэдэн
буриад дуу дуулчихна биз?

– Дуулахын хувьд буриад ардын
дуу удаан хугацаагаар дуулаагүй болохоор хэцүү л юм билээ. Сая тоглохдоо ямар ч
байсан хэдэн дуу дуулсан. Хүмүүс сайхан л хүлээж авч байна лээ. Алсдаа дан
буриад ардын дуугаар уран бүтээлийн тоглолт хийж болох юм.

-Монгол үндэстэн дотроо
буриадууд бас элгэмсүү улсууд юм болов уу. Буриад дуучдын тоглолтыг Сэнгийн
Эрдэнэ сан ивээн тэтгэж байгаа юм байна?

-Тийм ээ, энэ тоглолтод Сэнгийн
Эрдэнэ сан дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Түүнчлэн Буриадын Соёлын сайд Тимур
Цыбеков дэмжлэг үзүүлж байгаа.

-Буриадууд хэр олуулаа вэ?

-Ер нь цөөхөн. Оросын Буриадууд
бол 500 мянга орчим л байгаа болов уу. Монголд байгаа нь 40-50 мянга байна уу,
үгүй юу. Яахав дээ, хуучин цагт анкет бүртгэлд заримдаа буриад, заримдаа халх
гээд явчихдаг байж.

-Харин өөрийн чинь ургийн овог
юу гэж байдаг вэ?

-Улаалзай хүбдүүд овогтой.
Улаалзай омгийн хүүхдүүд гэсэн үг. Домгоор бол Баргабаатар гурван хатантай
байсан. Их хатнаас нь Алунгоо эх төржээ. Чингис хааны нагац нар гэдэг. Үлдсэн
хоёр хатнаас зургаан хүүхэд төрсөн. Тэр хүүхдүүддээ бултад нь нэр өгсөн. Тэр
нэрс дунд Улаалзай гэж байдаг.

-Сонин юм байна. Энэ тоглолтод
ямар уран бүтээл дуулагдах вэ?

-Оросын буриадууд их эмоцитой
улсууд. Бүх дуунууд нь доргио. Ардын дуунуудаа поп чиглэлээр хийчихсэн.
Түүнчлэн их уянгалаг зөөлөн дуунууд ч бий. Манайхан “Тоонот нутаг” гээд дуулах
дуртай шүү дээ. Их аялгуулаг зөөлөн дуунуудтай учраас хүмүүст сайхан сэтгэгдэл
төрүүлэх байх. Дээр нь бас тоглолтын нэг сюрприз нь азтай хосыг “Байкал ривера”
жуулчны баазад амрах эрхийн бичгээр шагнах юм.

-Түрүүн аавын чинь тухай
асуусан. “Ньюанс”-ынхан бас ээжүүддээ зориулж тоглолт хийж байсан. Ээжийнхээ
тухай яриач?

– Манай ээж багш. Олон жил
Дорнодын нэгдүгээр бага сургуульд багшилсан. Сүүлд тавдугаар сургуульд багшилж
байлаа. Пионерийн удирдагч, хүүхдүүд айдаг. Одоо хүртэл “Танай ээж айхавтар хүн
байсан” гэдэг. Их зарчимч хүн шүү дээ. Одоо ч би ээжээсээ айдаг (инээв)

-Ач нараа хатуу гараар
хүмүүжүүлэх үү?

-Ач нартаа арай өөр өө. Мэдээж
сурагчид шигээ хандахгүй л дээ. (инээв)

-М.Амарсанаа өнөр гэр бүлтэй
юу?

-Гурван хүүхэдтэй. Хүү, хоёр
охинтой. Эхнэр маань бизнес эрхэлдэг. Сайхан л амьдарч байна.

-Хүүхдүүд чинь бас удам дамжсан
авьяастай юу?

-Тэр талаар хэлж мэдэхгүй. Би
санаа тавихгүй байгаа юм уу. Манай хүүхдүүд нэг их айхавтар дуулъя, хуурдъя
гэдэггүй л юм. Гэхдээ урлагийн үзлэг боллоо гээд гүйж харайж л явдаг. Ямар ч
байсан бага охиноо “Цөмөөхэй”-д бүртгүүлнэ гэхээр нь “Ор, ор” гэсэн. Өнгөрсөн
жил бас олны хэсэгт орсон. Урлаг, гоо зүйн хүмүүжил олгодог. Тэр тусмаа балет
биеэ зөв авч явах, бусадтай зөв харилцахад зүгшрүүлж өгнө. Балет зөв алхах
гишгэхийг зааж өгдөг болохоор олны дунд явж л байг гэж боддог.

-“Ньюанс”-ын залуусыг анх гарч
ирж байсныг санаж байна. Бид фэнүүдээ сонгодог урлаг руу чирнэ гэж байсан. 15
жилийн дараа эргээд харахад юу бодогдох юм бэ?

-Бид нар чинь бараг учраа ч
олохгүй хэдэн залуу байлаа. Залуу хүний дэврүүн сэтгэлээр өөрсдөдөө их итгэлтэй
байжээ. Таван жилийн дараа анхны тоглолтоо хийж байсан. Бэрхшээлтэй зүйл байсан
ч даван туулсан. Гоё хараад зөв л явах ёстой юм билээ. “Даруухан явцгаа, бусад
нь болно” гэж нэг хүн хэлсэн байдаг. Даруу байсны буруу ч гэж алга. Бид найман
тоглолт хийж, дөрвөн цомог гаргасан байна. Монгол гэж дуудуулаад гадаадын
тайзан дээр гарах сайхан л юм билээ.

-“Ньюанс”-ынхан студи
байгуулжээ. Эндээ юу хийдэг вэ?

– Бүх юмыг нь өөрсдөө хийсэн
дээ. Барилгын хэдэн найз нар, ах нар тусалсан. “Гангар инвест”-ийнхэн маань
тусалсан. Энд уран бүтээл явж байна. Ихэнхдээ л өөрсдийнхөө дуу хоолойг бичдэг
юм даа. Бэлтгэл сургуулилтаа хийнэ. Найз нөхөд ирээд бичлэгт орно гэвэл
тусалдаг. Манай урлагийнхнаас ирээд бэлтгэл хийнэ. Бие биедээ туслах л ёстой юм
чинь.

-Шинэ уран бүтээл хийж байгаа
юу?

-Эрэл хайгуул хийж л байна.
Уран бүтээл хийхэд санхүүгийн бэрхшээл бий. Энэ жил өөрсдийгөө санхүүжүүлээд
хоёр клип хийчихлээ. Том Жагаагийн хөгжим “Дэлхийд ганцхан Монгол” гээд сайхан
уран бүтээл хийсэн. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатарын
хөгжим “Сэлэнгийн намар” гээд дуундаа клип хийлээ. Дандаа хол явж зураг авсан.
Натурт гарна гэхээр сэтгэл хөдөлж, догдлоод энэ намар юу болов. Д.Дүйнхэржав
маань арванхоёрдугаар сарын 5-нд дуучин Ө.Уянгатай “Сонгодог үдэш” гээд тоглолт
хийх гэж байна. Зүгээр суухгүй, ажил явуулаад байх санаатай.

-Буриадын тоглолтод ирэх
дуучдын тухай сонирхуулаач?

-Одоо ирэх дуучдаас Мэдэгма
Доржиеваг манай залуус мэдэх байх аа. “Хамаг Монгол” төслөөр нь Чингис
Раднаевыг таних болов уу. Л.Балхжавын тоглолтод ч оролцож байсан. Ирж байгаа
дуучин бүсгүйчүүд маань Буриаддаа дандаа миссийн тэмцээнд орж шалгарч байсан
бүсгүйчүүд юм. Сайн дуучид, тоглолт жүжиглэлт сайтай уран бүтээлчид. Тоглолтод
“Хатагур зүү” хамтлаг, модерн бүжгийн “Капучино”, “Угол зрения” хамтлаг зэрэг
алдартай олон уран бүтээлч оролцоно. Дулма Сунраповаг “Мухар гудамж” киноны гол
дүрд тоглосон учраас манай үзэгчид мэдэж байгаа. Елена Борохитова Москвагийн
консерватори төгссөн мэргэжлийн төгөлдөр хуурч. Улсдаа дээгүүрт ордог урлагийн
сургууль төгссөн дуучид учраас дууныхаа үг, аяыг өөрсдөө бичдэг. Мөн буриад
ардын дууг орчин үеийн хөгжмийн хэмнэлд оруулж дуулсан нь сонсогчдод таалагдана
байх аа.

-Өөрөө бас дуулдаг бүжиглэдэг,
жүжиглэдэг авьяастай байх аа?

-ТВ-5 телевизийн “Ододтой
бүжиглэе” нэвтрүүлэгт намайг орооч гэхэд нь “Хамтлагийнхнаасаа асууя” гэж
байлаа. Энэ хэд маань “Та орчих, орчих” гэсэн. Яахав, урлагт алхаж байгаа юм
чинь өөрийгөө сорьж үзэх зүгээр юм байна лээ. Арван бүжиг бүжиглэж үзсэн. Гоё
санагдсан. Хичээвэл болохгүй юм байхгүй. Кинонд тоглооч гэхээр нь бас
“Валентины захидал” кинонд Валентины дүрд тоглосон. Сүүлд харахад болсон л
санагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *